Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Болдын Цэнгэл гэж хаврын тэнгэр шиг ааштай нөхөр гарч ирэв. Нэг өдөр л “Архи уухаараа хэд хоногоор ажлаа тасардаг ийм захирал надад хэрэггүй. Аудитын дүгнэлт сөрөг гарсан бол ажлаас чөлөөлөх үндэслэл болно” хэмээн хэвлэлийнхэний өмнө агсамначихна. Нөгөөдөр нь “Нөхцөл байдал газар дээрээ өөр байна. Наранбаатарыг биш Цемент шохой ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөллөө” гэж дөвчигнөнө. Удалгүй араас нь “Зохион байгуулалттай бэлдсэн зүйлийг явуулж байгааг харсан. Дээрээс бэлдэж гаргасан байна лээ. Нэр дурдагдсан хүмүүс АТГ-т гомдол гаргаад явж байгаа байх. Тэр нэвтрүүлэг гарсны дараа өнөө хүмүүстэй холбогдож асуухад Наранбаатар захиралтай холбоотой хууль бус зүйлийн талаар ярьж байна лээ. Хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зөв” гэдэг зүйл хэлсэн гэж мэлзэх гэх мэтчилэн ТӨХК-ийн захирлын талаар гурван өөр зүйл ярьж, хонзогнодог ийм ТӨБЗГ-ын даргатай байх шаардлага байна уу. Төрд удирдах албан тушаал хашиж буй Б.Цэнгэл нь Л.Наранбаатартаа гомдож, намайг гүтгэсэн гээд Л.Наранбаатар нь Б.Цэнгэл даргадаа мөн гомдчихсон намайг гүтгэсэн гээд явж байх юм аа. Тоглоомоо булаалдах хүүхдүүд шиг тэдний ааш аягийг харж төрийн ажил явна гэж юу байсан юм бэ.

“Цемент шохой” ТӨХК-д өөрийн найз, нутгийн дүү нараа шахдаг талаар Л.Наранбаатар захирал ярьчихав. Тэр хүмүүс нь болоогүй хууль бус зүйл хийдэг талаар нэмээд түүнийг гөвчихсөн. Аанай л Б.Цэнгэл “Наранбаатар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн баримт нь ч бий” гээд дуугарчихав. Энэ мэтчилэн эрээ цээргүй хүмүүсээсээ эртхэн салж төрийн ажлыг явуулах цаг болжээ. ТӨБЗГ-ын харьяанд ганцхан “Цемент шохой” байдаг ч юм биш. Ганц улсын үйлдвэрийн жишээн дээрээс харахад Б.Цэнгэл ойр тойрны бүх хүмүүсээ төрд шахдаг болохыг харж болно. Тиймээс төрийг хувийн компани шигээ бодож явдаг Б.Цэнгэл мэт дарга нараа шүүрдэх цаг болжээ.

Б.Цэнгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны найз гэдэг. Олон жилийн өмнөөс далайсан газар нь далд орж, далласан газар нь ил явж ирсэн тийм ойрын хүн гэх. Тиймээс том артай хэмээн түүндээ эрдэж бардаж энд хүний шахаа хийж явдгаа одоо больчихвол болох гээд байна. Төрийн өмчит компаниуд энэ хүний халаасанд бүрэн багтаж шахааны хүнийг нь авахгүй бол шаварт унаж мэдэхээр аж. Тиймээс ийм овлигогүй, олон ааштай хүнээр ТӨБЗГ-ыг түйвээлгэж огт болохгүй. Хаврын тэнгэр шиг ааштай ийм удирдлагын менежмент төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулахад нэрмээс болохоор юм байна. Төр нь эзэн юм бол менежер шиг менежер томилуулах цаг ирсэн юм биш үү. Ямар ч байсан эхлээд ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлээс эхлээд чөлөөлж байя.

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу