Гэрээс нь 7.3 тэрбум төгрөгийн гадаад валют, гурав орчим тэрбум төгрөгийн үл хөдлөхийн гэрчилгээ олдсон Улаанбаатар Төмөр зам” (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн холбогдсон хэрэг юу болов гэмээр нам гүмхэн болчихлоо.

С.Батдөлийн араас чих тавьтал хэрэг нь шувтрах цагаан бумбандаа орсон гэх сураг дуулдаж байх юм. Бүхэл бүтэн 10 тэрбумын асуудалд холбогдсон орлогч даргын хэргийг нам дарчих хэмжээний тийм хуулийн байгууллага гэж арай байхгүй байлгүй дээ. Төрийн мөнгийг баруун солгойгүй цацаж, вагон тээврийг тетрис тоглож байгаа мэт өөрийн зоргоор явуулж, хэтэвч нимгэн улсаасаа баян шахам болчих гэж явсан тансаглалд цэг тавьж чадсан ч хэргийн явцийн талаарх мэдээлэл сонсогдохоо болилоо. Уг нь манай хууль хяналтынхан камерийн өмнө сүгсэлзэж гарч ирээд л ярьдаг бүр ч анир болчихов.

С.Батдөлийн хувьд явж явж алтан загасны эмгэн шиг нутгийн ахынхаа хар гайгаар тэр өнөөдөр хар гэрт хоригдсон. Зарим эх сурвалжуудын мэдээллээр С.Батдөлийн гэрээс хураагдсан 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх гадаад валютаар вагон авах гэж байсан гэх. Вагон ямар ашигтай байдгийг мэдсэн болохоор хувийн вагонтой болохоор хурааж байсан гэх юм билээ.

Түүнчлэн ганцхан жил орлогч даргаар ажиллахдаа “арвин ургац” хураасан С.Батдөлийн хэргийг шалгах явцад Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн вагоныг нүүрс тээвэрт ашигласан гэх мэдээлэл байгаа юм. Төрийн ачаа бараа тээвэрлэх гэхээр вагон олддоггүй хэрнээ хувийн компанийн нүүрсийг тээвэрлэхэд гараад ирчихдэг вагоны асуудал анхаарал татна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал асан А.Ариунболдыг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хүдэр зөөх зориулалттай вагоныг хувийн хэвшилд давхар түрээсэлж ашиг олсон байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа нь С.Батдөлтэй холбогдож байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл бий.

Тиймээс 10 тэрбумын “жараахай”-н хэрэг цааш улам өндрийг авч шалгагдах нь гарцаагүй. Гэхдээ Улаанбаатар төмөр замд С.Батдөлөөс өөр вагоны хуваарийг нааш цааш хөдөлгөж хазаар гүйлгэдэг нөхөд байх ёстой. Хазаар болгон нь ам.доллар, юань болон урсаж байгаагаас харвал багаар хийх ажил байгаа юм. Одоо бусад багийн гишүүдийг нь ил болгохгүй бол энэ хэрэг дарагдаад өнгөрлөө гэх нийгмийн хардлага улам нэмэгдэж байна.

С.Батдөл мэдүүлэг өгөхдөө “Энэ мөнгө намын санхүүжилт” гэж мэдэгдсэн гэдэг яриа бий. Мэдээж МАН-ын томчууд түүний амнаас ийм үг гарсныг сонсоод боож үхэхэд бор шидмэс л дутуу байсан гэх. Тиймээс С.Батдөлийг өөд нь татсан нутгийн ахыг нь дуудаж авч ирж байгаад банга хүртээсэн гэх мэдээлэл байгаа юм. С.Батдөлийг Сангийн сайд Б.Жавхлангийн “хуурай” дүү гэдэг. “Хуурай” ах нь дүүгийнхээ талаар ямар бодолтой байдаг нь бүү мэд. Б.Жавхлан сайд С.Батдөлийг УБТЗ-д орлогчоор томилуулсан, хамгийн ойрын хүн нь гэж хэвлэл, сошиалаар баахан шуугисан ч тэр ганц ч үг ганхийж байсангүй. Хэрэг дуустал чимээгүй байя гэж шийдсэн үү, дуугарвал буруудна гэж бодсон уу ямартай ч дүүгийнхээ талаар дуугарч байсангүй.

Сүртэй эхэлж, хуйгаар нь хуулж байгаа гэж яригдаж байсан хулгайн хэргүүдийн сураг чимээ бүдгэрч байна. Өдөр бүр сүр дуулиантай мэдэгдэл хийж байсан хуулийн байгууллагынхан ч таг чиг болов. 10 тэрбумаар хэмжигдэх “жараахай” байхад цаана нь ямар том хэмжээний бүлэглэл байгааг одоо ил болгох цаг болсон юм биш үү.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу