“Яв, яв” гэж хашхирч байгаад явуулж, албан тушаалд нь очих хүсэл манай улс төрийн хүрээнд маш элбэг тохиолддог зүйл. Монголын төр өртэй мэт үргэлж өөд нь татаж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабандийг Оюу толгойн ТУЗ-өөс чөлөөлсөн. Өдгөө 73 настай тэрбээр нийгмийн бухимдал өндрөө авахаас өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв. Үүнд баярлах хүн олон байна. Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шүүр” ажиллагааны хүрээнд шүүрдүүлчихэж байгаа юм. Тэр чимээтэй ирсэн шигээ чимээтэй буцлаа. Одоо түүнд жинхэнээсээ “Титэм үг”-ээ бичээд суух хангалттай цаг зав гарч байна. 

Тэгвэл Н.Баганбандийн оронд Оюу толгойн ТУЗ-д хэн очих вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Анхаарал татах сэдвийн ч нэг мөн. Ямартай ч урагшлахгүй байсан Оюу толгойн далд уурхайн олборлолтыг бүрэн эхлүүлээд экс Төрийн тэргүүн ажлаа өглөө. Хэзээний хахир гэгддэг Н.Багабанди энэ удаа зөөлөн буулт хийж, жолоогоо татав. Харин одоо Оюу толгойн ТУЗ-д орох хүсэлтэй хүмүүс Төрийн ордноор гүйдэлтэй болж, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргын босгыг элээж эхэлсэн байх юм. Хэдийгээр Оюу толгойн ТУЗ-д нэр дэвшигчдийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдах ч доор дурдагдах хүмүүсийн аль нэг нь Н.Багабандийн оронд очих хамгийн өндөр магадлалтай гэгдэж байгаа юм. Оюу толгойн ТУЗ-д ороод авчихбал нэг сарын 25 мянган ам.долларын урамшуулал цалин авдаг гэх мэдээлэл бий. Тиймээс Оюу толгойн ТУЗ-ийн гишүүнээр томилогдох хүсэлтэй хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөл найман гишүүнтэй. ТУЗ-ийн даргаар Г.Батсүх ажилладаг бол гишүүдээр Монголын талаас С.Мөнхсүх, Э.Баясгалан, Н.Цэрэнбат, Н.Багабанди нар багтдаг. Одоо Н.Багабандийн ТУЗ-ийн гишүүний суудлын төлөөх марафонд оролцогчдыг танилцуулья.

Одончимэдийн ОДБАЯР

Марафоны тэргүүн эгнээнд УИХ-ын гишүүн асан Л.Одончимэдийн хүү Одбаяр нэрлэгдэж байгаа аж. Түүний хувьд элдэв хэл аманд орооцолдож, төрийн албаны шахаанд төдийлөн оролцдоггүй гэсэн давуу талтай. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн Дэд захирлаар ажиллаж байсан нь түүний давуу талж болж байна.

Одоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байна. Гэхдээ тус яамны ажилтнуудын хэлж буйгаар сайдын хэмжээний эрх мэдэл эдлэх гэж хичээдэг, оролцохгүй зүйлгүй бүх зүйлд хуруу болон хушуугаа дүрдэг хүн гэж ярьдаг. Түүний хувьд “Чингисхаан зочид буудал”-ын захирал, “Алтай холдинг” ХХК-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байснаараа Ерөнхий сайд асан Сү.Батболдтой холбогддог. Мөн түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь зөвлөх нь байсан. Сү-гийн фракцийн хүн гэгддэг.

Боловсрол:

  • 1997-2000 онд “Отгонтэнгэр” Их Сургуульд суралцаж, эрх зүйн мэргэжил эзэмшсэн
  • 1984-1988 он Украйн Улсын Киев хотын Багшийн Их Сургуульд суралцаж, боловсролын мэргэжил эзэмшсэн, Монгол Улсын магистр зэрэгтэй
  • 1996-1997 онд АНУ-ын Флоридагийн Техникийн Их Сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцсан
  • 2017-2018 он АНУ-ын Бостон хотын Харвардын Их Сургуульд удирдлагын чиглэлээр суралцсан

Ажлын дадлага, туршлага:

  • 2000-2002 онд Монгол-Хятадын хамтарсан “Си Эм Эйч” төрийн өмчит компанийн Монголын талын Гүйцэтгэх захирал
  • 2002-2004 онд “МИАТ” ХК-ийн Бээжин дэх төлөөлөгч
  • 2005-2010 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Атташе, Гуравдугаар нарийн бичгийн дарга
  • 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2012 онд “Чингис Хаан зочид буудал цогцолбор” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Алтай Холдинг” ХХК-ийн Дэд ерөнхийлөгч
  • 2016 оноос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн Дэд захирал, “Эрдэнэс Стийл” ХХК, “Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн дарга, “Гашуун Сухайт Автозам” ХХК, “Бадрах Энержи” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
  • 2018 оноос “Таван Толгой Түлш” ХХК ТУЗ-ийн гишүүн 
  • 2022 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх

Баярсайханы СОЛОНГОО

Нацагийн Багабандийн оронд Оюу толгойн ТУЗ-д суух боломжтой дараагийн хүнээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо нэрлэгдэж байгаа юм. Түүний хувьд улс төрд удаан явсан түүх байхгүй. Хуулийн дэд сайдаар ажиллаж байсан С.Баатаржав Унгар улсад суух Элчин сайдаар томилогдсон тул ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд даргаас Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдсон.

Б.Солонгоо өмнө нь Оюу толгойн толгой компани болох Рио Тинтод ажиллаж байсан гэх мэдээлэл байдаг. Тийм ч учраас хамт ажиллаж байсан Энхбаатарын Баясгаланг Оюу толгойн ТУЗ-д оруулсан гэж бичигдэж байв. Улс төрийн харьяаллын хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багтаа гадаад улсад боловсрол эзэмшсэн залуусыг татахад орж ирсэн. Улс төрийн анхны намтар түүх нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүн гэж намынхан нь хэлдэг. Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан туршлагынхаа хүрээнд Оюу толгойн ТУЗ-д очих хамгийн боломжит хувилбар хэмээн нэрлэгдэж байгаа аж. 

Боловсрол:

  • 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль
  • 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль
  • 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 

Ажлын дадлага, туршлага:

  • 2011-2017 онд Хоган Ловеллс олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч 
  • 2017-2020 онд Авинекс партнерс өмгөөллийн компанид гүйцэтгэх захирал
  • 2020-2021 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга
  • 2021 оны 10 дугаар сараас эхлэн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд

Очирхүүгийн ЭРДЭМБИЛЭГ

УИХ-ын гишүүн асан Т.Очирхүүгийн хүү гэдгээр нь хүмүүс илүүтэй таних болсон. Сайн аавын буянаар төрийн албанд асуудалгүй дэвшиж яваа ховорхон хувь заяаны эзэн. Түүний хашиж ирсэн албуудад аавынх нь нөлөө их байсан бөгөөд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажлаас буух хүртлээ аавынхаа заасан шугамаар явж, аавынхаа тохирч өгсөн ажилд очиж ажиллаж байсан гэгддэг. Үхтэл үр харам гэгчээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөс буухад нь хүртэл УИХ-ын гишүүн асан Т.Очирхүү намынхандаа гомдлын үг чулуудаж явсан талаар намынхан нь ярьдаг. Т.Очирхүү гуай Говь-Алтай аймгийн уугуул бөгөө МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай ойр хэмээн яригддаг. Тийм ч учраас Оюу толгойн ТУЗ-д ЗГХЭГ-ын даргын дэмжлэгтэйгээр очих магадлал маш өндөр гэгдэж байгаа юм. 

Боловсрол:

  • 1994-1998 онд МУИС-ийг эдийн засаг, санхүүч мэргэжлээр төгссөн
  • 2000-2002 онд Австралийн Улсын их сургуульд хөгжлийн эдийн засгийн мастер хамгаалжээ

Ажлын дадлага, туршлага:

  • 1998-2007 онд Сангийн яаманд газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн
  • 2004-2005 онд МУИС-д багш
  • 2007-2013 онд Олон улсын валютын санд улс хариуцсан эдийн засагч, ахлах эдийн засагч
  • 2013-2014 онд “Ньюком” группэд зөвлөх
  • 2014 онд “Голомт” банкны Тэргүүн дэд захирал, ТУЗ-ийн даргын зөвлөх
  • 2016-2020 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу