БНХАУ-ын газрын тосны томоохон компаниудын ашиг өнгөрсөн онд эрс өссөн байна. Газрын тос, байгалийн хийн олборлолтоор БНХАУ-д тэргүүлэгч “PetroChina” компанийн цэвэр ашиг 2022 онд 68 хувиар өсжээ. Мөн Төрийн өмчит “China National Offshore Oil” компанийн ашиг хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарлаа.

Түүнчлэн 2022 онд БНХАУ-д шатах түлшний үйлдвэрлэл огцом өссөн нь ОХУ Украинд халдсанаар дэлхийн зах зээлд эрчим хүчний үнэ тэнгэрт тулж, нийлүүлэлт буурсантай холбоотой юм. Олон улсад үнэ өссөн нь дотоодод эрэлт тааруу байхаас үл хамааран БНХАУ-ын газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгчдийн ашиг ийнхүү өсөхөд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.

Аравдугаар сард БНХАУ-д шатах түлшний борлуулалтаар тэргүүлэгч “PetroChina”, “Sinopec” компаниуд эрэлт сэргэх төлөвтэй байгаа учир боловсруулах үйлдвэрүүдийн гарцыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байсан юм.