УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2023.04.16) хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Бид 2017 онд Эрүүл мэндийн салбарыг гүйцэтгэлд суурилсан системтэй болгож, шинэчлэлт хийсэн. Энэ бол үнэхээр чухал шинэчлэлт байсан. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эрүүл мэндийн салбарын эзлэх хувь 3,4-өөс хэтэрдэггүй байхад Нийгмийн бодлогын байнгын хороо, УИХ, Засгийн газартайгаа хамтарч байж, энэ тоог 7,6 хувьд хүргэсэн. 

Бид ингээд санхүү, эрх зүйн орчныг нь шийдэж өгөөд байхад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь урвуу харчихсан, эм эмнэлгийн тоног төхөөрөмж дагасан бизнесийн бүлэглэл бий болж, эрүүл мэндийн салбарыг мөлхөхөд хүргэж байна. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд энэ бизнес бүлэглэлийн төлөөллүүд орж ажилладаг жишиг тогтчихсон. Үүнээсээ болоод хариуцлага тооцож чадахгүй, бизнестээ үйлчилсээр ирлээ. Энэ асуудлыг шийдэхгүй бол төсөв болгон дээр орлогыг нь нэмээд ч эрүүл мэндийн салбар олигтой өндийж чадахгүй, иргэд эмнэлэгт хэвтэхийн тулд 2, 3 сарын өмнө бүртгүүлэх шаардлагатай болдог байдал өнөөдрийг хүртэл хэвээр байна. 

Эрүүл мэндийн салбарын Үндэсний зөвлөл бол энэ салбарын бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж, тухай бүрт нь алдаа оноог нь засах үүрэгтэй хүмүүс. Ажлаа хариуцлагатай хийх хэрэгтэй байна. 

Мөн нийгмийн бодлогын байнгын хороо ойрын хугацаанд хэлэлцүүлэг хийх шаардлагатай байна. Иргэдийн эмнэлэгт хэвтэх нөхцөлийг нь бүрдүүлэх биш өвчнийг нь хүндрэхээс сэргийлж эм тариагаар буюу амбулатори маягаар үйлчилгээ үзүүлдэг болно гэж яриад байгаа. Гэтэл иргэдтэй уулзаад үзэхэд эмнэлэгт хэвтэхийн тулд наад зах нь 3, 4 сарын дараа л хэвтэх боломжтой. Тэр болтол хүлээж байгаад үхэх үү гэдэг асуудал яригдаж байна.

Бид төсөв, хөрөнгийг нь нэмээд байдаг. Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг хөндөж, хэлэлцүүлэг хийе” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу