Өнөөдөр тэр 61 нас хүрэх байв. Бидний дунд инээж, учраа олохгүй байгаа улсынхаа луужин болоод зогсож байх байв.  Ороо бусгаа улс төр, нийгмийн золиос болсон ч “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн үг нь өнөөдөр ч бидний дунд бүлээн дулаан амьсгал түгээж байна. Өдрөөс өдөрт зориг нь мохож буй монголчууддаа өдрөөс өдөрт хүч нэмж байна, тэр.

Цагийн шуурга гэж айхтар. Хэрчээд хэрчээд л өнгөрнө. Түүнд хяргуулахгүй үлдэх нь бараг үгүй. Мартагдана, арчигдана. Гэвч С.Зоригийг Монголын ард түмэн мартсангүй. Өдөр бүр нэхэх болов. Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг улс төрийн зорилгоор хөнөөсөн гэх хэрэгт шалгагдаж, гурван шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдон, сүүлд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Улсын дээд шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт шалгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгохоор өнөөдөр нийслэлийн Прокурорын газраас шийдвэрлэсэн. 

Тодруулбал, 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар тэдгээр иргэдэд 20 жилийн хорих ял оноосон. Эдгээр иргэдийг ялаа эдэлж байх хугацаанд хэргийг мөрдөн шалгаж байсан нэр бүхий албан тушаалтнууд эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон юм. Иймд прокуророос шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянаж үзэх саналаа улсын Дээд шүүхэд удаа дараа хүргүүлсэн. Нийслэлийн Прокурорын газар өнөөдөр мөрдөгчөөс ирүүлсэн саналыг үндэслэж, тэдгээр хүмүүсийг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болголоо. Ингэснээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон иргэд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх бололцоо бүрдэж байна. Түүнчлэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгана” гэж мэдэгдэв. Хуулийн сайдын хэлснээр Монголын гурван шатны шүүх худал шүүсэн болж таарлаа. Ямар ч нотлох баримтгүйгээр тэднийг ялласан болж таарлаа. Хэргийг шалгаж байсан нэр бүхий хүмүүс эрүүдэн шүүсэн гэдэг нь нотлогдсон хэмээн ярьсан. Мөрдөн байцаагч нар нь эрүүдэн шүүсэн байж магадгүй. Гэхдээ нотлох баримт худал хэлэхгүй гэдгийг салбарын сайд мэдэж л баймаарсан.

Монголын Тагнуул, цагдаагийн байгууллага гэмт хэрэгтнийг илрүүлсэн хэмээн мэдэгдэж, иргэд хэрэгтэн шийтгэлээ хүртэх ёстой гэж байсан бол дахиад гэмт хэрэгтнүүдийг хайх ажлыг эхлүүлэх нь. Дахин 25 жилийн дараа яг өнөөдрийнх шиг ямар ч барьцгүй, ахицгүй байхыг үгүйсгэх арга алга. 50 жилийн дараа ч иймэрхүү тааруухан зүйл яриад сууцгааж байж мэдэх нь.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж “Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн шүү дээ. Би энэ асуудлыг яриагүй бол тэд шоронд үхэх байсан” хэмээн маш ноцтой зүйл ярив. Энэ хоёр хүнийг хэлмэгдүүлсэн гэдгийг бат нот мэднэ гэдэг бол жинхэнэ эзнийг нь мэдэж байгаа учраас С.Чимгээ, Т.Содномдаржаа нар биш гэдгийг экс хуулийн сайд нотлоод байгаа юм биш үү гэх өнцөг харагдаж байна. Одоо монголчууд Ц.Нямдоржид итгэх, гурван шатны шүүхийн нотлох баримтад итгэх ийм сонголтын өмнө ирчихлээ. Алийг нь сонгож итгэх нь таны итгэл үнэмшил юм даа.

Үнэндээ С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэг маш олон хүнийг улс төрд орох, гарах, дэвших, дээшлэх, улс төрийн оноо цуглуулах “машин” болж ирсэн гэхэд болно. Сонгууль бүрийн өмнө түүнийг ярьж, яг илрүүлнэ гэж амалдаг. Тэр амлалтаас хойш Монгол Улсын Их Хурлын зургаан удаагийн сонгууль болж өнгөрсөн ч нэр барьсан хүмүүс парламентын гишүүн, сайд тэр бүү хэл Төрийн гурван өндөрлөгт очсон болохоос өөр ямар ч өөрчлөлт гарсангүй.

Гэхдээ л, Монголын ард түмэн 25 жил түүнийг мартаагүй шигээ, цаашид ч түүнийг дурсан санаж явах болно. С.Зориггүй 25 жил үнэндээ монголчуудын зориггүй 25 жил байсан юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу