Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг дараах тодруулгыг өгчээ.

Тэрбээр, “Засгийн газрын тогтоолын дагуу 2022-2024 оныг хүртэл дунд хугацааны зорилтын хүрээнд 420 тэрбум төгрөгөөс доошгүй төсвийг түгжрэлийн асуудлыг шийдэхэд зарцуулахаар болсон. Ерөнхийдөө түгжрэлийг бууруулах хүрээнд:

  • Гол ба туслах замд 49 тэрбум,
  • Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 47 тэрбум,
  • Газар чөлөөлөхөд 46 тэрбум,
  • Автобусны парк шинэчлэлд 54 тэрбум,
  • Бүтээн байгуулалтын найман багц ажилд 41 тэрбум төгрөг зарцуулсан.  Өөрөөр хэлбэл, 420 тэрбум биш,  237 тэрбум төгрөгийн санхүүжилт гарсан гэсэн үг. Томоохон бүтээн байгуулалтын ажлууд он дамнан үргэлжилж байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны ажлуудаа энэ жил гүйцээх юм. Үүн дээр эхний ээлжид 187 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэдгийг Засгийн газарт танилцуулсан.

Түгжрэлийн асуудал нийтийн тээвэртэй холбоотой. Сүүлийн 14 жилийн хугацаанд томоохон парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд 2022 онд нийслэлийн хэмжээнд 415 автобус шинэчилсэн. Үүнд нийтийн тээврийн, сургуулийн, цахилгаан, хоёр давхар автобуснууд багтсан. Парк шинэчлэлийн ажил энэ онд мөн үргэлжилнэ.

Энэ жилийн хувьд Зайсангийн хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулснаар Наадамчдын болон Энхтайваны өргөн чөлөөнд буюу Яармагийн хөндлөн чиглэлийн урсгалыг 28-38 хувиар сийрүүлж чадсан. Ер нь гол том замууд дээрх ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөн зохицуулалтын ийм арга хэмжээг өөр газарт, тухайлбал Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт  хийнэ. Нэг талаас нь харвал, нэг чигийн хөдөлгөөнд орж байгаа тухайн байршлын хувьд иргэдэд хүндрэлтэй байж болох ч нөгөө талаасаа энэ нь үндсэн гол зам дээр ирэх ачааллыг бууруулж байгаа тул нийтийн эрх ашгийн төлөө ийм арга хэмжээг авахаас аргагүй.

Дунд хугацаанд бол бид 2024 онд Наадамчдын өргөн чөлөөнд босоо тэнхлэгтэй хоёр гүүрэн байгууламжийг замтай нь ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтнуудыг тодорхой цагт цахимаар ажиллуулах, яг адилхан албан тушаалд оршин суугаа дүүрэгт нь сэлгэн ажиллуулах арга хэмжээг авахаар төлөвлөж байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу