“Шинэ сэргэлт-Улаанбаатаруриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” өнөөдөр (2023.04.20) зохион байгуулагдлаа. Энэ үеэр нийслэлийн инновац хөгжлийн газартай хамтарсан аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид өөрсдийн санал болгож буй үйлчилгээг олон улсын түншлэгчдэд танилцуулсан юм. Үүнд стратегийн ач холбогдол бүхий төсөл, үйл ажиллагаа, дотоодын эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлөх бизнес платформууд тавигдсан юм. Жишээлбэл:

  • “Улаанбаатар-Метро төсөл
  • Шинэ Улаанбаатар баруун терминал
  • Их багтаамжийн авто зогсоол
  • Хог хаягдал дахин боловсруулах төсөл
  • MELEARN, GUYUK Метаверс” гэх мэт 40 гаруй шинэ болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд дэлгэгдсэн байна.Энэхүү үйл ажиллагааны үзэсгэлэнгийн танхимд сонирхол татсан нэгэн старт-ап төсөл танилцуулагдсаныг онцоллоо. 1.5 жилийн хугацаанд “Playstore” платформоор түгээж  таван мянга гаруй хэрэглэгчтэй болсон “Соёохон аппликейшн” нь сэтгэлзүйд суурилсан Монголын анхны болзооны апп гэдгээрээ онцлог. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндээ тогтворжуулах, өөрийгөө тодорхойлох шийдлийг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Темперамент, сэтгэлзүйн тест мөн цусны бүлгээр ч хүртэл сонжин хэрэглэгч дундаас өөрт тохирох хүнээ олох боломжтой аж. Энэ талаар “Соёохонстарт апп-ын маркетингийн менежер М.Галбадрах дараах тайлбарыг өглөө.

Сэйм Спэйс технологийн компани нь “Соёохон” гэх сэтгэлзүйд суурилсан болзооны аппликейшнийг бий болгоод байна. Энэ төрлийн цөөн тооны гар утасны хэрэглэгдэхүүн байдаг ч гэсэн энэ бол Монголын анхны сэтгэлзүйд суурилсан платформ гэж хэлж болно. Хэрэглэгчийн зан төлөв, сэтгэлзүйн байдлыг тодорхойлох мэргэжлийн үнэлгээ бүхий тест, сонжоогоор өөрийгөө тодорхойлох сонголтуудтай. Харилцааны асуудлуудыг шийдэх мэргэжлийн сэтгэлзүйчийн сонжоогоор баялаг болгосон. Ингэснээр зөвхөн өөрийн сонирхсон, санаа нийлсэн нэгэнтэй харилцаа үүсгэх боломжтой. Сэтгэлзүйчид цаг авч үйлчлүүлэх нь ховор шүү дээ. Тиймээс иргэдэд энэ талаарх үйлчилгээ илүү ойртлоо гэж дүгнэж байгаа.
“Гадна дүр төрхөөс илүүтэй сэтгэлзүйн байдлыг илүүд үзэх нь орчин үеийн нийгмийн сэтгэлзүйн төлөв болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс өөрийн зан чанар, сэтгэл хөдлөлийн байдлыг бүрэн тодорхойлсноор эрүүл харилцаа болон сэтгэлзүйн тайван байдлыг бүрдүүлж байгаа юм. Одоогоор “Playstore” платформоор цацагдсан. Өнөөдрийн арга хэмжээнд дараагийн түвшний шинэчлэл, “Apple store”-д нийлүүлэх гэх мэт хөрөнгө оруулалтын боломжийг судлахаар оролцож байна. Мэдээж энэ бол нийгэм, өсвөр үеийнхний хэрэгцээ, шаардлагаас бий болсон зүйл. Мөн зөвхөн ганц бие хүмүүс хэрэглэнэ гэсэн үг биш юм. Хосын харилцааг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд хэрэглэж болох үйлчилгээг мөн нэвтрүүлсэн байгаа. Харилцаагаа эрүүл, нандин хэвээр нь авч үлдэхийн тулд хэрэгжүүлж болох хосын тоглоом, асуулт хариулт, зөвлөгөө зэргийг байрлуулсан. Ингэснээр бүх насныхан ашиглах боломжтой болсон. Манай нүүр царай болсон “Соёохон”, “Нархан” гэсэн хоёр дүрийг хөгжүүлж байгаа. Өсвөр насныханд маш эерэг нөлөөллийг үзүүлж байгаа судалгааны үр дүн гарсан. Эерэг нөлөөлөл үзүүлж чадаж байгаадаа манай баг хамт олон баяртай байгаа” гэсэн юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу