УИХ-ын хурлын чуулганы үдээс хойших (2023.04.20) хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.  

Энэ үеэр Шилэн ажиллагааг хариуцаж буй УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлд хандан ил болоогүй ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээлэл болон Нийслэл дэх төрийн өмчийн байруудыг түрээсэлж буй хүмүүсийн нэрийг ил болгоход хамтарч ажиллахыг хүслээ. 

Тэрбээр “Төрийн өмчийн байруудыг 5000, 6000 төгрөгөөр түрээслээд, дотор нь бараг барилга барьчихсан байна. Зах зээлийн үнээр түрээслэх, эсвэл гарахыг шаардахаар энд бид хэдэн тэрбум төгрөгөөр засвар хийсэн. Тийм учраас засвар хийсэн мөнгөө нэхэмжилнэ гэж байна. Ингэж төрийн өмчийн байруудыг, төрийн өмчийн эзэмшилд байгаа өмч хөрөнгийг шимэгч байдлаар ашигладаг хэсэг бүлэг нөхөд төрөөр дүүрчихлээ. 

Ирэх долоо хоногийн Даваа гарагт энэ хүмүүсийн талаар мэдээллийг ил болгоно. Төрийн өмчийн ямар байрыг, хэн гэдэг хүн 15 жилийн өмнөх зах зээлийн үнээр түрээслээд, төрд хохирол учруулаад байгааг олон нийтэд зарлана. Үүнд та дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Мөн ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээлэл дутуу байгаа. Үүнийг дуусгаж өгөөч” гэлээ. 

Видео хэлбэрийг ЭНД дарж үзнэ үү.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу