УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2023.04.20/ хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ЕТГ-ын дарга Я.Содбаатараас асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

-Өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ тодруулж асуух хоёр зүйл байна. 

Нэгдүгээрт, Энэ хуулиар Улс төрийн намуудад тавих эрх, үүргийг Сонгуулийн ерөнхий хороо хариуцахаар тусгасан юм байна.  Сонгуулийн ерөнхий хороо энэ ажлыг бодитоор хийж, улс төрийн намуудын үйл ажиллагаа, төсөв санхүүд нь хяналт тавьж чадах уу. Тэнд хүний нөөц, эрх зүйн чадамж байгаа юу. 

Хоёрдугаарт, Энэ удаа УИХ-д орж ирж байгаа Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэргийг харахад төлөөллийн тэнцвэртэй байдлыг хангах, жендерийн баланс барих чиглэлд анхаарсан харагдаж байгаа.

Бусад хөгжсөн улс орнуудын Улс төрийн намын тухай хуулийг харахад жендерийн балансаа бариагүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг маш тодорхой заасан байдаг. 

Гэтэл манай улсын хуульд 30 хувьд нь жендерийн аль нэг төлөөллийг байршуулна гээд заачихсан хэрнэ үүнийгээ мөрддөггүй. Мөрдөхгүй байхад нь ямар ч хариуцлага тооцдоггүй. Хариуцлагын механизм үйлчлэхгүй байна.

Хэрэв ийм зөрчил гаргасан тохиолдолд ямар хариуцлага хүлээх талаар өргөн барьсан Улс төрийн намын тухай хуульд тодорхой заалт тусгаж байгаа юу?

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар:

-1990 оноос хойш улс төрийн намуудыг Улсын дээд шүүх бүртгээд, үүнээс хойш тухайн намуудад төрөөс ямар нэгэн хяналт шалгалт хийхгүйгээр, орхичихдог байсан. Улс төрийн намын хуулийн хэрэгжилтийг хангуулах төрийн байгууллагагүй явж ирсэн юм. Үүнээс болж одоо бүртгэлтэй байгаа намууд дотор хугацаандаа хурлаа хийдэггүй намууд дийлэнх нь байна. Нам байгуулахдаа 801 хүн бүртгүүлдэг ч дараа нь бүтэц, зохион байгуулалт хийж, үйл ажиллагаа явуулдаггүй.

Тийм учраас сая өргөн барьсан хуулиар сонгуулийн төв байгууллага буюу Сонгуулийн ерөнхий хороо нь улс төрийн намуудыг хариуцаж, хяналт шалгалт хийж, хуулийн хэрэгжилтийг хангуулдаг байхаар зохицуулсан. Улмаар жил бүрийн дөрөвдүгээр сард УИХ-д тайлагнаж, улс төрийн намуудын үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг ард иргэдэд нээлттэй хэлэлцдэг болох заалтыг оруулж ирж байгаа. 

Энэ үйл ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо хариуцахаар намуудаас хараат бус байж чадах эсэх асуудал хөндөгдөнө. Тийм учраас бид энэ хуулийг дагалдуулаад Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байгаа. Үүгээр Сонгуулийн төв байгууллага есөн гишүүнтэй байна. Үүний тав нь орон тооны, дөрөв нь орон тооны бус байна. Есөн гишүүний тавыг нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг нь Ерөнхийлөгч, хоёрыг нь Улсын дээд шүүх нэр дэвшүүлсэн төрийн жинхэнэ алба хаагчдаар бүрдүүлнэ гэж зааж байсан.

Мөн улс төрд төлөөлөл нь бага хангагдаж байгаа эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад нийгмийн төлөөллийн асуудлуудыг энэ удаагийн Улс төрийн намын тухай хуульд  тодорхой хувь зааж оруулж ирсэн. Жишээ нь, Улс төрийн намуудын дотоод сонгууль, бага хурал, удирдах зөвлөл, гүйцэтгэх хороо гэх мэт намын байгууллагуудад эмэгтэйчүүдийн буюу жендерийн нэг хүйсийн байдлыг 40 хувиар тооцохоор тусгаж байгаа. 

Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгуульд нэр дэвшүүлсэн тохиолдолд тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгох заалт ч бий. Энэ заалтуудыг зөрчвөл Сонгуулийн ерөнхий хороо сануулга өгнө. Сануулсан өдрөөс хойш зургаан сарын дотор зөрчлөө арилгахгүй бол тухайн намыг зөрчлөө арилгах хүртэл төрөөс олгох санхүүжилтийг зогсоох болон бусад тодорхой арга хэмжээнүүдийг авахаар тусгасан.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу