УИХ-ын чуулганы үдээс хойших (2023.04.20) хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Тавантолгойн ордод нүүрс дутсан асуудал болон ногдол ашгийн талаар асууж, Шадар сайд С.Амарсайхан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн БЭТ Ж.Ганбат нар хариулт өглөө.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Эрдэнэс Тавантолгой ХК-д БЭТ томилсон зургаан сарын хугацаанд маш том ахиц гарсан гэдгийг юуны өмнө хэлье.

Дутсан нүүрсний асуудал олон хүний анхаарал татаж байна. Энэ асуудал том, жижиг Тавантолгойн алинд гарсан бэ?

Мөн нэг оффтэйк гэрээний хугацаа дуусаагүй гэсэн. БНХАУ-тай хийсэн, 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нд хугацаа нь дуусах гэрээ байна. Энэ ямар учиртай, хэр алдагдалтай гэрээ вэ?

Бүрэн эрхт төлөөлөгчийг сонгох тухай хэлэлцэж байна. Ер нь, энэ компанид БЭТ томилохгүйгээр цаашид үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдсэн үү?

Иргэдэд хувьцааны ногдол ашиг 2021, 2022 онд өгөөгүй. Ногдол ашиг хуваарилах бололцоо байна уу, Ер нь хэзээнээс ногдол ашиг өгнө гэж тооцож байгаа вэ?

Шадар сайд С.Амарсайхан: Засгийн газар онцгой дэглэм тогтоох үед Эрдэнэс Тавантолгой ХК-д сахилга бат, санхүүгийн нөхцөл байдал алдагдсан байсан. БЭТ томилогдож нүүрс олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, шаардлагагүй орон тоог цомхотгох, зардлыг бууруулах, нүүрсний худалдаа, гэрээг ил тод болгох,   Засгийн газрын бодлого хэрэгжүүлэх зорилгын хүрээнд ажилласан.   

400 мянган тонн нүүрс борлуулж, 20.9 сая долларын нэмэлт орлого олсон. 2022 оны аравдугаар сард БЭТ томилогдсоноос хойш 258.9 мянган тонн нүүрсний төлбөр болох 13.9 сая долларын төлбөр барагдуулсан. 254.9 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт хийсэн.

Бид өнгөрсөн хугацаанд энэ компанид үүссэн алдаа дутагдлыг засах, сахилга батыг сайжруулах, нуугдмал байсан хууль бус үйлдлүүдийг ил тод болгох ажлуудыг хийсэн.

Цаашдаа олон нийтийн хараа хяналт дор эл компанийн үйл ажиллагааг сайжруулах, засаглалыг олон улсын түвшинд хүргэх, шилдэг боловсон хүчнийг нэмэгдүүлэх, засгийн газар болон иргэдэд өгөх үр өгөөжийг сайжруулах ажлуудыг хийхэд хугацаа шаардлагатай байгаа учраас онцгой дэглэмийг сунгах саналыг оруулж ирж байгаа юм.

Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: Дутсан нүүрстэй холбоотой асуудал 2012 оноос эхлэн 2017-2018 онд тодорхой хэмжээний төлбөр төлсөн. Алга болсон гэх 258.9 мянган тонн нүүрсний төлбөр болох 48 тэрбум төгрөгийг орон нутгийн Тавантолгой ХК-иас ЭТТ компанийн дансанд шилжүүлснээр энэ асуудал шийдэгдсэн.

Оффтэйк гэрээний тухайд, дөрвөн оффтэйк гэрээ дотроо 38 дэд гэрээтэй байсан. Үүнээс Тавантолгой-Гашуунсухайт төмөр замтай холбоотой 27 дэд гэрээ байсан. Энэ гэрээнүүдийн нэгээс нь бусдынх нь хугацааг сунгахгүйгээр дуусгавар болгосон. Хугацаа нь дуусаагүй байгаа нэг гэрээ нь БНХАУ-ын худалдан авагчтай хийсэн гэрээ байгаа юм. 

Компани 2019 оны үйл ажиллагааны ашгийг 2020 онд нэг удаа хуваарилсан. Нэг иргэнд 96 мянган төгрөг хуваарилснаас хойш ногдол ашиг тараагаагүй байгаа. 

Эрдэнэс Тавантолгой компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Үүнээс ногдол ашиг тараах эсэхийг ТУЗ болон хувьцаа эзэмшигчийн хурлаар шийдвэрлэнэ. 

Өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайлан аудитаар шалгагдаад дуусаж байгаа. Үүнийг ТУЗ-дөө танилцуулна. 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд хувьцаа эзэмшигчдийн хурал болно гэлээ.   

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу