Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхээр “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг  зохион байгууллаа.

Нийслэлийн хөгжлийн бодлоготой уялдсан томоохон төсөл хөтөлбөр, эдийн засгийн үр өгөөжтэй бизнесийн саналуудаа хөрөнгө оруулагч, түншүүд, хамтын ажиллагаатай хотуудад танилцуулах энэхүү арга хэмжээний үеэр холбогдох сэдвээр илтгэлүүд тавьж, хамтдаа шийдэл олох хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тиласони Бенжамин Мусуку: Хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж засаглалын менежементийг сайжруулах ёстой

Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Тиласони Бенжамин Мусуку “Нийслэл хотын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн боломж, Дэлхийн банкны үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавьсан юм

Тэрбээр:

-Дэлхийн банк Монгол Улстай 2020-2025 онд хамтран ажиллах түншлэлийн шинэ хүрээг гаргасан. Энэ дагуу ядуурлыг бууруулах, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх, аливаа хямралд тэсвэртэй байхад дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна. Ингэхдээ эдийн засгийн засаглалыг бэхжүүлэх, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж буй.

Улаанбаатарын хувьд хотын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, цэвэр агаар, тогтвортой усны нөөцийг бий болгох чиглэлд хамтран ажиллаж байна. Улаанбаатар бол улс төр, эдийн засаг, бизнес, үйлдвэрлэлийн төв. Тиймээс хүн амын төвлөрөл, хотжилтыг дагасан асуудлуудтай тулгарч буй. Товчхондоо, цаашид хэрхэн тогтвортой хөгжих вэ гэдэгтээ анхаарах, энэ чиглэлд шийдвэр цаг нь ирсэн. Эдгээр асуудлыг шийдэх, цаашид нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжилд тэмүүлэхийн тулд өрсөлдөх чадвараа дээшлүүлж, засаглалынхаа менежментийг сайжруулах ёстой гэж онцоллоо.

Н.Дашдэмбэрэл: Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нь чухал

 “Хотын тогтвортой хөгжилд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, шинэ эх үүсвэр татах боломж” сэдвээр Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн дэд захирал Н.Дашдэмбэрэл илтгэл тавьсан. Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хотуудад тулгамдаж буй асуудлуудыг орлогын бууралт, үйл ажиллагааны зардлын өсөлт, ажиллах хүч, дэд бүтцийн хомсдол зэргээр тодорхойлсон талаар тэрбээр онцолсон. Улаанбаатар хотын хувьд цаашид тулгамдсан асуудлаа шийдэх, эдийн засгийн хувьд бие даан хөгжихөд орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зардлын оновчтой менежмент хийх шаардлагатай гэдгийг илтгэлдээ дурдаж байлаа.

Тэрбээр:

-Улаанбаатарын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд урт хугацаандаа нийслэлийг хөгжүүлэх сан бий болгох, богино хугацаандаа нийслэлийн бонд гаргах боломжтой. Харин төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд татвар хураамжийг бүрэн гүйцэд төвлөрүүлэх нь чухал. Нөгөө талаас зардлын оновчтой менежментийн хүрээнд нийслэлийн өмчийн ашиглалтыг хувийн хэвшилтэй хамтран хийх шийдлүүд оновчтой гэж харж байна. Нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын төсөл болон бусад чиглэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхдээ нийслэлээс бодлогын дэмжлэг үзүүлэх, тусгай зөвшөөрөл олгох, газар ашиглах, өмчлүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нь чухал. Түүнчлэн төрөөс хувийн хэвшилд үзүүлж буй үйлчилгээг шуурхай, ил тод, нээлттэй байлгах ёстой. Эдгээрийг үйл ажиллагаандаа тусгаж цаашид үүнд онцгой анхаарч байж хөрөнгө оруулалт, санхүүжилтын боломжууд бүрдэнэ гэсэн юм.

Форумын үеэр мөн Монголын Тогтвортой Санхүүгийн Холбооны Бизнес хөгжил хариуцсан ахлах менежер Б.Билигсайхан “Үндэсний тогтвортой санхүүгийн замын зураг ба Тогтвортой санхүүжилт” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр “Монгол Улсад тогтвортой санхүүжилт үүсээд 10 жил болж байна. Тогтвортой санхүүжилт гэдэг нь байгаль орчин, нийгэм, засаглал, эдийн засгийн тогтвортой байдлаар хөгжүүлэх ойлголт юм. Нийслэл хотын хувьд Улаанбаатарын бондыг ногоон чиглэл рүү гаргах, ногоон санхүүжилтийг дэмжих, хөрөнгийн урсгалуудыг тогтвортой хөгжих гарцууд руу чиглүүлэх боломжтой” гэлээ.

Эдгээр сэдэв, илтгэлүүдтэй уялдуулан “Нийслэл хотын хөгжилд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын боломж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ чиглүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, гадаад хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Д.Ирмүүн, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа, Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт нар оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр хөрөнгө оруулалтын орчин, эрх зүй, нийгэмд хэвшсэн ойлголтод тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, эдгээрийг шийдэх арга замын талаар хэлэлцсэн юм. Тухайлбал, хөрөнгө оруулалтыг харах хандлагаа өөрчлөх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх томоохон төслүүдийн ТЭЗҮ-г сайжруулах зэрэг асуудлууд тулгамдаж буйг онцолж байлаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу