Хэл ус, боловсрол зэргээрээ бусдаасаа илүү гэх пи арыг хийж улс төрд яваа хүн бол Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяа. Манай өнөөгийн нийгмийн өнгө төрх учраас “Эдээр биеэ чимэхээс эрдмээр биеэ чим” гэх үг ч чамгүй газар авав. Гагцхүү ажил хийдэг хүн байна уу, үгүй юу гэдэгт л хамаг учир бий. Тэр тусмаа улс төрд хөл тавьж байгаа залуусын намтрыг сөхөхөд олон сургуулийн нэр жагсаан, хоёроос гурван хэлтэй гэдгээ тодотгосон байх нь элбэг. Үүний жишгийг дагахын зэрэгцээ илүүрхэж парламентад ирсэн хүн бол Х.Булгантуяа гишүүн. Түүний намтрыг сөхвөл англи, орос, хятад, япон хэлтэй гэснээс харахад бусдаасаа илүүрхэнэ. Дөрвийн дөрвөн орны хэл шүү дээ. Мөнхүү БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, АНУ-ын Иелийн Их сургуульд эдийн засгийн хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан гэхээр бас л товойж харагдана.

Үнэхээр олон орны хэл, олон мэргэжил эзэмшсэн хүн хэрэгтэй байдаг бол Монгол Улс өөдлөн дэвжих цаг нь аль эрт болсон. Даанч үгүй. Гучаадхан жилийн өмнө бид буй бүхэн, уламжлалт бүхнээ ад шоо үзэн, боловсролын бадар барьсных болсон болоогүй эрдмийн намтар зузаалсан олон залуустай болсон. Үүгээр дамжин хийдэг бус ярьдаг залуус улс төрд ихээхэн нэмэгдэж байгаа нь хэтдээ Монгол Улсад тулгарах аюул байхаас зайлахгүй. Нийгэм ч хоосон онолчид, цэцэрхэгчдээс залхаж байгаа бололтой. Үүгээрээ би Х.Булгантуяа гишүүнийг өөчлөх гоочлох гэсэнгүй. Өнөөдөр түүний ажлыг яаран дүгнэх нь илүүц хэрэг. Ямартай ч тэр одоогоор МАН-ын “Утсан хүүхэлдэй” хэвээрээ л аж. Гэхдээ Х.Булгантуяа дандаа “Утсан хүүхэлдэй” байхгүй л болов уу гэсэн горьдлого хаа хаанаа бий. Яагаад гэхээр түүнд өөрийн гэсэн үзэл бодол байгаа нь цухалздаг. Гагцхүү намынхаа ах нарын харцан дороос өндийж чадвал шүү дээ. Ах нараас гадна намын эгч нар ч бий. Энэ бүгдийн учрыг олж, улс төр, нам хэмээх гал шуургатай өрөг дээр нүүдэл хийнэ гэдэг амаргүй. Энэ өрөг дээр тоглоход олон орны хэл ус, өндөр боловсрол огт хэрэг болохгүй. Тэс өөрөөр нүүдэл хийж байж улс төрийн орон зайд амьдарч чадна гэдгээ ойлгож байгаа байх. Уг нь Сангийн дэд сайдаар ажиллах хугацаандаа сүрхий олны анхааралд байсан бол өнөөдөр өнөөх л УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, П.Анужин, Б.Жаргалмаа нараасаа ялгарах юмгүй нэг “кнопчин” болчихсон сууна. Үнэнийг хэлэхэд өнөөдрийн байдлаар тэр олон эзэнтэй “Утсан хүүхэлдэй” л болчихсон байна. Олон эзэн гэсний учир нь намынхаа ах эгч нарын дохио зангаа дор үг дуугүй толгой дохиж суугааг л хэлсэн хэрэг. Нам хэмээх зүйл нь хүний мэдлэг боловсрол бүү хэл бүхэл бүтэн хүнийг, бүр бүтэн улс гүрнийг ч “залгих” шидтэй юм хойно доо. Энэхүү шидэд нэрвэгдэлгүй тэсэж үлдэж чадвал эрх биш төр түмэнд хэрэгтэй зүйл хийнэ. Хэрвээ ширвүүлчихвэл төр түмэнд бүү хэл төрсөн биедээ ч хэрэггүй хүн болдог жамтай. МАН 2016 онд үнэмлэхүй ялалт байгуулахад тэр Сангийн дэд сайдаар орж ирсэн. Тодотговол, тухайн үед Сангийн сайдаар томилогдсон Б.Чойжилсүрэнтэй хамтарсан. Үүний дараа Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатарын дэд сайдаар улиран ажилласан гэхээр нам дотроо рейтинг өндөртэй залуусын тоонд орно. Мэдээжийн хэрэг өөрийг нь тодотгох эрдэм ном нь түшсэн л байх. Энэ үеэс л “Сайн эдийн засагч”, “Өндөр боловсролтой”, “Шинэ залуу улстөрч” гэх мэт чихэнд чимэгтэй гэхээсээ илүүтэй гоёчилсон лоозонтойгоор улс төрд хүч түрж байв. Одоо энэ мэт чимэг лоозон газар авахгүй болсон. Тэр азтай. Дэд сайдаар ажиллаж эхлэх үед нь уналтад орсон эдийн засаг эргэж сэргэсэн он жилүүд яг цав давхацав. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг ч оруулж ирсэн. Манай эдийн засгийн гол хүчин зүйл болсон уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ч дэлхийн зах зээл дээр өндөр авав. Түүнээс бус Б.Чойжилсүрэн, Х.Булгантуяа өөд нь татчихсан ч хэрэг биш. Ер нь бол нүүрс, зэсний үнэ өндөр байхад алзахгүй л дээ. Өөрөөр ямар Монгол Улсад  экспортын үйлдвэр байх биш.

Анх тэрбээр өмнөд хөршид сургууль төгссөн даруйд “Бүтээлч шийдлүүд” компанийн Хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажлынхаа гарааг эхлүүлсэн байдаг. Дараа нь баргийн залуусын чадал дутах ажилд очсон нь Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх болсон юм. Тэр эндээс барьцаа ахиулж, “Оюу толгой” компанийн Инженерийн албаны төслийн менежер, Бизнес, стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөхөөр тус тус ажилласан. Сурч мэдсэн ном нь таарч тохирч, намаас дэмжлэг авч байхад хашиж болох л ажил байх. Харин 2012 онд МАН ялагдал хүлээсэн учраас дэлхийд данстай том төслөөс арга буюу явж, “Петровис” компанийн Бизнес, хөгжлийн газрын даргаар ажилласан намтартай. Өөрөөр хэлбэл хувийн хэвшилд ажилласан хүн. 

Энэ бол яах аргагүй л туршлага хуримтлуулах хугацаа мөн. Тэр 2006 онд ажлынхаа гарааг эхлүүлж, 2020 он хүртэл 14 жил тасралтгүй ямар нэгэн алба хашиж байсан учраас чамгүй туршлага суусан байж таарна. Тэгтлээ анхаарал татаж, олныг шуугиулаад байхгүй ч боломжийн албанд МАН-ын дэмжлэгтэй очиж байсан нь тодорхой. Сүүлдээ МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан нь түүнд хэтдээ дэд сайдын суудал авчирсан төдийгүй 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийн мандат авахад нөлөөлсөн. Үүнээс харахад тэр намын дотоод ажилд оролцож байж тэнд өрнөх үйл явц бусад зүйлд суралцсан байх. Шуудхан хэлэхэд нам хэмээх айлд ямар хор найруулдгийг мэдэж, өөрийнхөө зэрэг зиндааг ахиулсан хэрэг.

Оны өмнөхөн Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшсэн ч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнд өвдөг шороодсон. Өөрийгөө Байнгын хорооны дарга болно гэж бүрэн итгэчихсэн явсан түүнд маш хүнд цохилт болсон байдаг. Ямартаа л “Намын нарийн бичиг, бүлгийн дэд даргаа Байнгын хорооноос унагаж болдог юм уу” хэмээн гомдлын үг чулуудан, хоолой нь зангирсан юм л Төрийн ордны коридороор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн өрөө рүү харайлгаж явсан. Гэхдээ тэр бусад эмэгтэй гишүүдээ бодоход “ёндоотой” гэж болно. Төсвийн байнгын хорооны дарга дээрээс унасан ч НАМЭХ-ны тэргүүн болж түүгээрээ дамжин Боомтын сайд болчихсон. УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат түүнийг өөрийнхөө оронд сайдад санал болгосноор дэмжлэг авч боомт хариуцсан сайд болсон ч дахин “ёндоорч” Т.Аюурсайханы ХНХ-ын сайдаас буумагц суудалд нь очоод шигдчихсэн. Ингэж л явсан хүмүүсийн орон зайд богино улс төр хийж яваа л хүн. Ажаад байхад олдож л байвал юу ч хийсэн яахав гэдэг зарчим үйлчилдэг бололтой юм. 

Одоо тэгэхээр эрхэм гишүүн маань “өндөр боловсрол”, “олон хэл” гэх зэрэг лоозонгоо авч хаяад ажил хийх хэрэгтэй байна. Ирээдүйд энэ мэт лоозон газар авахгүй. Ирээдүйд ч юу байхав, 2024 оны сонгуульд ороход л хэрэггүй болсон байна. Ерөөсөө нийгэм бүхэлдээ болсон болоогүй боловсрол, хэл ус гэж шуурахгүй. Гагцхүү хийсэн бүтээсэн, хийж чаддаг хүмүүсийг оройдоо залах цаг ойрхон иржээ. Аргагүй юм, сүүлийн гучаад жил ярьдаг, онолддог их мэдэгчдийн үгэнд төөрсөн улс шүү дээ. Уг нь Х.Булгантуяа гишүүн парламентад орж ирэхийнхээ өмнөхөн “Биелэхийн аргагүй мөрийн хөтөлбөр, худлаа зүйлс ярьж, өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй мөртлөө намайг сонгочихвол би өөрийнхөө амьдралыг ч өөрчилнө, та нарынхыг ч өөрчилнө гэх хүмүүс байна. Мэдээгүй, сураагүй зүйлээ УИХ-д ороод сурдгийг хэн, хэн нь хүлээн зөвшөөрөхөө больжээ. Сонгогчид өндөр цензуртэй болсон байна” гэж байснаас харахад нийгмийн уур амьсгалыг анзаарсан байх.

Мөнхүү “Улстөрчдийг харж байхад мундаг ярьдгууд нь мундаг хийдэг гэсэн үг огт биш. Хийдэг хүмүүс нь чимээгүй хүмүүс байж байдаг юм. Улстөрчдийг бүтээлч ба бусниулдаг гэж хоёр ангилдаг. Үнэнийг хэлэхэд хэвлэлийн цаг аваад хэн нэгнийг муулъя гэвэл хэн ч чадна. Гэхдээ бидэнд бүтээлч улстөрчид хэрэгтэй байна. Бид энэ цаг үед сайн, муу олон мэдээллээр хахлаа. Үүнээс зөв шийдлийг гаргаж ирж чадах хүмүүсийг УИХ-д сонгогдоосой гэж хүсэж байна” гэж ч байв. Энэ мэтчилэн хэлж ярьж байснаас харахад нийгмийн уур амьсгалыг харж чадаж байна гэсэн үг. Мэдрэмж ч гэж болно. Харин тэр өнөөдөр энэ мэтээ санаж сэрж, мартаагүй байгаа бол сайн хэрэг. Хэрвээ үүнийгээ мартаж, ах эгч нарын жишгээр урагшаа зүтгэвэл өнөөх л олон хэлтэй, олон эзэнтэй “хүүхэлдэй” байсаар байх болно доо.

Албан тушаалын хэнээгээ багасгаж, ард хэнүүсийнхээ төлөө ажиллах хэрэгтэй шүү, Х.Булгантуяа сайдаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу