ГЕГ-аас “Гаалийн байгууллагын хүний нөөцийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний тухай” нээлттэй хэлэлцүүлгийг алба хаагчдынхаа дунд анх удаа зохион байгуулжээ.Гаалийн байгууллагад өнөөдрийн байдлаар 400 гаруй сул орон тоо байгаа аж. Улмаар орон нутаг буюу хилийн боомтуудад ажиллах хүн хүчний дутагдал их байгаа нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулахад хүндрэл үүсгэж байгааг хэлэлцүүлгээр онцолсон байна.

Түүнчлэн албан хаагчид хилийн боомтод ажиллаж, амьдрах орчин  нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулах шаардлага тулгарч байгаа талаар дурджээ. Албан хаагчдын сэлгэн ажиллуулах журмыг хэрэгжүүлэх тухай эхний хэлэлцүүлгээс хүний нөөцийн мэдээллийг ил тод болгох, томилолтоор ажиллах  хугацааг тодорхой байлгах, программ ашиглан, хүний оролцоогүйгээр хуваарийг хийх зэрэг саналууд гарч гаалийн байгууллагын удирдлага болон нийт албан хаагчид дэмжсэн юм. Цаашид гаалийн байгууллагын хүний нөөцийг ойрын болон дунд, урт хугацаанд төлөвлөх, одоо байгаа сургалтын төвийн эрх хэмжээг өргөтгөх  замаар гаалийн албан хаагчдыг хэрэгцээтэй байгаа мэргэжлээр мэргэшүүлэх, давтан сургах ажилд анхаарч хүний нөөцийн нөхөн хангалтыг тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүссэн тухай хэлэлцэж, санал нэгдлээ. 

Хэлэлцүүлгээр “Гаалийн улсын байцаагчийн сэлгэн ажиллуулах журмыг шинэчлэн боловсруулах, Хүний нөөцийн төлөвлөлтийг хийх” ажлын хэсгүүдийг байгуулж, албан хаагчдаас ирүүлсэн 60 гаруй саналыг судлан үзэж, тусгаж ажиллах шийдвэр гаргасан байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу