Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 3 дугаар сарын эцэст 23.2 их наяд төгрөг болжээ. Энэ талаар Үндэсний статистикийн хорооноос сар бүр гаргадаг нийгэм, эдийн засгийн тайланд  тэмдэглэсэн байна.

Энэ нь өмнөх сарынхаас 603.9 (2.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (5.2 хувь) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 54 хувь нь иргэд, 44.8 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь санхүүгийн болон бусад байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллагынх аж.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 3 дугаар сарын эцэст 19.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 628.9 (3.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 84.5 хувийг эзэлж байна.

Мөн анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 3 дугаар сарын эцэст 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 414.3 (42.7 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Тус зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6 хувийг эзэлж байна.

Тэгвэл банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 2023 оны гуравдугаар сарын эцэст 2.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 21.6 (1 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеийнхээс 101.1 (4.8 хувь) тэрбум  төгрөгөөр өссөн үзүүлэлт гаржээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.6 хувийг эзэлж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу