УИХ-ын чуулганы өнөөдрийн (2023.04.21) хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр “Үе үеийн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд гарч байгаа асуудал томилогдсон хүндээ биш, тогтолцоондоо байна.  

Эрүүл мэндийн сайдын багцад орсон мөнгө Эрүүл мэндийн даатгалаар дамжаад оновчтой, шударга зарцуулагдаж байгаа эсэхийг хянах үүрэгтэй Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл үүргээ биелүүлж ажилладаггүй. Учир нь сайдын үйл ажиллагааг хянах үүрэгтэй хүмүүс хэрнээ сайдынхаа удирдлага дор ажилладаг. 

Тэгэхээр үүнийг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулж, зохицуулах ёстой. Ингэж хуулиар зохицуулахгүй бол Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд хичнээн мундаг хүн томилоод ч хяналтын үүргээ гүйцэтгэж чадахгүй. 

Би Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байхдаа эм, эмнэлэг дагасан бүлэглэлтэй тэмцэж эхэлсэн. 1 долларын эмийг 100 доллароор оруулж ирж зарж байгаа. Чанаргүй, стандартын шаардлага хангаагүй эмийг оруулж ирдэг асуудал байна. 3,400 төгрөгийн үнэтэй эмийг 347 мянган төгрөгөөр зарж байсан. 30-80 хувийн өндөр өртөгтэй хэрнэ үйлчилгээ муутай, чанаргүй эм байна. Эмийн хяналт утгаа алдсан байсан. Энэ асуудалтай тэмцсэн. Цаашдаа энэ асуудалд маш анхааралтай хандахгүй бол болохгүй. Даатгуулагчийн мөнгөөр тоглож болохгүй” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу