НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг  өчигдөр (2023.04.20)  Киевт гэнэтийн айлчлал хийжээ. Украины ерөнхийлөгчийн цахим хуудсанд мэдээлснээр, Зеленский, Столтенберг нар НАТО-гийн гишүүн орнуудын Украинд үзүүлэх цэргийн тусламж, Украины НАТО-д элсэхээс өмнөх аюулгүй байдал зэрэг асуудлаар ярилцсан байна.

Хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Столтенберг, Зеленскийн санал болгосон “Энх тайвны төлөвлөгөө”-г НАТО дэмжиж байгааг илэрхийлээд Украины армид үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэж амлажээ.

Америкийн засгийн газар энэ сарын 19-нд Украинд 325 сая ам. долларын цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээ мэдэгдсэн билээ. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан жагсаалтын дагуу энэхүү тусламжид “өндөр хөдөлгөөнт пуужингийн систем” цохилт өгөх зориулалттай пуужингууд, 155, 105 мм-ийн калибрын их бууны сум, хуягт зэвсгийн эсрэг систем, 9 сая гаруй хөнгөн зэвсгийн сум, ложистикийн туслах 4 машин багтаж байна. 2021 оны 8 сараас хойш АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 36 дахь удаагаа ерөнхийлөгчийн  бүрэн эрхээ хэрэгжүүлж, Украинд үзүүлэх цэргийн тусламжийн санг баталж байгаа юм.Мөн Нидерландын БХЯ-ны мэдээллээс харвал, Нидерланд, Дани  хамтран 14 ширхэг Leopard 2A4  байлдааны танкийг худалдан авч, 2024 онд Украинд нийлүүлэх төлөвлөгөөтэй юм байна. Эдгээр танкийн үнэ ойролцоогоор 165 сая евро бөгөөд худалдан авах зардлыг Нидерланд, Дани хоёр орон хувааж төлөх юм. Үүнээс гадна, Нидерланд улс Украинд 155 мм калибрын их буу, сум худалдан авахад зориулж Европын Батлан хамгаалахын газарт 130 сая евро хандивлахаар төлөвлөж байна гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу