Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг өнгөрөгч гуравдугаар сарын 30-наас эхлэн гурав хоногийн туршсан билээ. Энэ зохицуулалтыг үргэлжлүүлэхгүй бол Улаанбаатар хот тэг зогсолтод хүрэх эрсдэлтэй талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адьяасүрэн УИХ-ын чуулганы үеэр хэллээ. 

Тэрбээр Алтай хотхон, нарны хороолол гэсэн хоёр том хороолол байгаа. Эдгээр хорооллуудын ойролцоох автозамын хөдөлгөөний буцаж эргэх эргэлтийг хязгаарлах зорилгоор гурав хоногийн туршилт хийж үзсэн. 

Ингэж туршилт хийхэд цагт 3,832 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол 5,022 болж, уулзварын нэвтрүүлэх чадвар 23,7 хувиар сайжирсан. Тэнцвэртэй зорчилт буюу гэрлэн дохионы асах давтамж өдөрт 378 удаа байсан бол 532 болж, 71 хувиар илүү зорчилт бий хийдэг болсон. Өгөөжийн уулзварт 9,4 хувь, баруун дөрвөн замын уулзварт 12,1 хувийн эерэг нөлөө үзүүлсэн. Энэ зохицуулалтыг түр хугацаанд зогсоосны учир нь Нарны хороолол болон Алтай хотхоны хооронд зорчих замын нөхцлийг сайжруулж, шинээр зам барихаар төлөвлөсөн. Энэ замыг яаралтай барьж, ашиглалтад оруулах юм бол нэг чигийн урсгалтай болгох ажлаа үргэлжлүүлнэ.

Механик инженерийн сургуулийн уулзвар Улаанбаатар хотын хамгийн их ачааалтай байдаг уулзвар. Төв шуудангаас ч илүү ачаалалтай байдаг. 

Өмнө нь Зайсан, 120 мянгатын уулзварууд их ачаалалтай байсан. Нэг чигийн урсгалтай болгосноос хойш энэ уулзваруудын ачаалал багасаад, бусад уулзваруудтай адил хэмжээнд очсон. Тэгэхээр нарны гүүрэн доогуур байгаа хөндлөн зам дээр эгнээ нэмэх болон шинээр зам барих асуудал шийдэгдчихвэл нэг чигийн урсгалд оруулах ажлыг үргэлжлүүлнэ. Тэгэхгүй бол Улаанбаатар хот тэг зогсолтод хүрэхэд тун ойрхон байгаа” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу