Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа засаг захиргааны анхан шатны нэгж болох нийслэлийн хороодын удирдлагуудтай өнөөдөр (2023.04.24) хийж байна. Нийслэлийн төвийн дүүргүүдээс санамсаргүй түүврээр сонгогдсон нийт 30 хорооны Засаг дарга нарыг “Өглөөний уулзалт”-д оролцууллаа. Энэ үеэр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон хороодод тулгамдаж буй асуудал бэрхшээлүүдийг сонсож, санал солилцсон юм. Тэгвэл уулзалтын үеэр зарим хороодын дарга нар дараах асуудлуудыг хөндсөн юм. Тодруулбал, СХД-ийн 2-р хорооны Засаг дарга Б.Гантуяа:

“700 гаруй хүн манай хороонд ямар ч бүртгэлгүй амьдарч байна”– Манай хороо 2580 өрхтэй, 9500 гаруй хүн амтай. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд онцгой анхаарч өгмөөр байна. 2016 онд Э.Бат-Үүл даргын үед хийгдсэн дахин төлөвлөлтөөс болоод өнөөдрийг хүртэл манай хорооны олон хүн орох оронгүй байна. Анхнаасаа дэд бүтцийг нь дутуу шийдсэн юм билээ. Үүнд анхаарч өгмөөр байна. Ер нь гэр хороололд архидалт, хүчирхийлэл, гэмт хэргийн гаралт их байдаг. Мөн бүртгэлийн системийн буруугаас болоод 700 гаруй хүн манай хороонд ямар ч бүртгэлгүй амьдарч байна.

Нийслэлийн БЗД-ийн 17-р хорооны Засаг дарга З.Цэрэнмаа:

“Хамгийн гол асуудал бол нэг ч сургууль, цэцэрлэг алга”-Баянзүрх дүүрэг 43 хороотой. 30 мянган хүн амтай, бараг нэг аймаг шиг хороо ч байдаг. Манай 17-р хорооны хувьд тулгамдаж байгаа хамгийн гол асуудал бол нэг ч сургууль, цэцэрлэг алга. Иргэд маань өөр дүүрэг, хороо руу хүүхдээ зөөж сургууль, цэцэрлэгт хамруулж байна. Мөн  хороодод ажиллах хүний нөөцийн асуудал маш хүндрэлтэй байна. Хороонд ирж ажиллах залуучууд байхгүй болсон. Бас хороонд ажиллаж буй төрийн албан хаагчид эрх мэдлийн хувьд дутмаг, урамшууллын систем хангалтгүй байгаа зэргийг цаашид анхаарч хэрэгтэй байна” гэсэн юм.

Мөн уулзалтын үеэр Ерөнхий сайд “Хороодын Засаг дарга нарын гаргасан санал, тэдэнд тулгардаг бэрхшээл, боломжийг сонсож, хамтран ажиллах шийдлээ тодорхойлсноор нийслэлчүүдийн амьдрах орчныг улам сайжруулж, төрийн бодлого шийдвэр бүрэн бодиттой хэрэгжих боломж бүрдэнэ” гэдгийг  хэлжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу