“Монголын Алт” (МАК) ХХК орон нутгийн хүүхдүүдийн сурч боловсрох боломжийг нэмэгдүүлж, чанартай боловсролыг дэмжих хүрээнд 2016 оноос хойш сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлан хэрэгжүүлж байгаа. 

Харин 2023 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2, Дундговь аймгийн Баянжаргалан, Дэлгэрхангай сумын тус бүр 2, нийт 11 оюутанд 38.9 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олголоо.

Сурч хөгжих хүсэл эрмэлзэл, сурлагын дүнгээр шалгарсан эдгээр оюутнууд нь бүтэн жилийн сургалтын төлбөрөө хүлээж авч байна. Мөн компаниас зохион байгуулдаг дотоод сургалтын хөтөлбөр хамрагдах, үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгохоор болсон байна. Түүнчлэн амжилттай суралцаж төгссөн тохиолдолд тогтвортой ажлын байраар хангана гэж Монголын Алт МАК ХХК-ийн удирдлагууд мэдээллээ.

Зах зээлд шинээр хөл тавьж буй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг харвал, их, дээд сургууль төгссөн 30 оюутан тутмын ердөө 1 нь, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн 6 оюутан тутмын 1 нь мэргэжлээрээ ажиллаж байна. Мөн Монгол улсын хэмжээнд инженер, хими, физик гэсэн шинжлэх ухааны чиглэлээр суралцагчдын тоо жил ирэх тусам буурч байгаа гэсэн судалгаа байна.

Түүнчлэн компаниудаас олгогддог тэтгэлэгт хөтөлбөрүүдэд орон нутгийн оюутнууд хамрагдах боломж бага байдаг байна. Тиймээс МАК компани энэ чиглэлд анхаарч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх мэргэжлүүд болон орон нутгийн хөдөлмөр эрхлэлтэд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор сүүлийн 7 жил тэтгэлэгт хөтөлбөр зарлаж оюутан, залуусыг дэмжиж байгаа юм.