УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо Их хуралд тайлангаа тавьснаар татан буугдсан. Цаашид Хөгжлийн банк байх, үгүй дээ тулсан талаар Түр хорооны дарга Б.Энхбаяр мэдэгдэж байлаа.

Удахгүй УИХ-аар Нүүрсний сонсгол явах учиртай ч АТГ-аас шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул хэрэг шалгах явцад нөлөөлж магадгүй гэж үзсэн тул түр хойшлуулаад байна.  Гэхдээ Г.Ганболд гишүүн Нүүрсний сонсгол явуулах эр зориг байна уу гэдэг нь эргэлзээтэй. Одоо зайлшгүй шалгах ёстой нэг хөтөлбөр байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эхнээс нь шалгах хэрэгтэй. Цар тахлын хүндрэлийг даван туулах зорилготой уг төлөвлөгөө ямар ч хяналтгүйгээр цацагдсан мэдээлэл бий. Тиймээс Хөгжлийн банк шиг 10 жилийн дараа шалгаж ужгирсан, хүндэрсэн хэлбэрийн “хавдар” илрүүлж, хэн нь хэнийгээ аавынх руу илгээнэ гэх юм. 10 их наядын төлөвлөгөөг батлах үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, инфляци өсөхгүй байх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргийлэхийг сануулж байсан. Гэсэн ч заналтайгаар Ерөнхий сайдынхаа хэлсний эсрэг инфляци хөөрөгдөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хоног хоногоор нэмэгдэж иргэдийн орлого хумигдсаар байна. 

Сангийн сайд Б.Жавхлан хар толгойгоороо хариуцсан 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгч иргэнд 50 сая, ААН-д 500 сая төгрөгийн жилийн гурван хувийн хүүтэй, хоёр их наяд төгрөгийг олгож эхэлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан хоёр жилийн өмнө мэдээлж байв. Жилийн гурван хувийн хүүтэй мөнгө гэдэг бол ямар ч эрх мэдэлтэн зүгээр сууж байгаад өмнүүрээ өнгөрүүлчих мөнгө биш. Гэвч эрх мэдэлтэй хүмүүс өмнө нь авсан зээлээ хүүгийн хөнгөлөлтөд хамруулсан гэх хардлага байсаар байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлбэл бизнесийнхэн хөл дээрээ бат зогсож, иргэдийн орлого нэмэгдэж, эдийн засагт ногоон гэрэл асна хэмээн цаг тутамд сурталдаж байсан ч эдийн засаг элгээрээ хэвтсэн хэвээр байгаа юм. Тиймээс жирийн бизнес эрхлэгчдийг тойрч олгогдсон 10 их наядын хөтөлбөрийг шалгая.

Төсөл хөтөлбөр бүрд хуруугаа дүрж явдаг өнөө л улстөрчид дахин холбогдсон гэдэг яриа оргүй зүйл биш болов уу. Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрийн талаар Оёдлын салбарын мэргэжлийн нэгдсэн холбооны захирал Ч.Энхзаяа “Ажлын байр дэмжих зээлийг зөвхөн эргэлтийн хөрөнгөд олгоно гэсэн. Оёдлын салбарт энэ нь даавуу юм. Улирлаас хамаараад материал нь өөр өөр. Гэтэл зээл судалсан банкны мэргэжилтнүүд үүнийг ойлгохгүй, даавуу бол даавуу, та эргэлтийн хөрөнгөтэй учраас танд зээл өгөхгүй гэж үздэг. 100 саяын зээл судалж шийдээд 50 саяыг 3 хувийн зээл, үлдсэнийг нь өөрсдийн эх үүсвэрээс арилжааны зээл ав гэж тулгасан” гэж байлаа. Дээдсийн гоё сайхан ярьсан үлгэр бүхэн амьдрал дээрээ ингэж буудаг. Жижиг бизнесээ өргөжүүлье гээд мөнчгөрөөрөө зүтгэж яваа хүмүүсийнхээ итгэл дээр ингэж “цэцэг” ургуулдгаа больцгооё.

Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны зөвлөх Д.Нарантуяа “НӨАТ-д бүртгэлгүй хүчин чадал багатай жижиг худалдаа эрхлэгчид ихэнх нь Ажлын байрыг дэмжих зээлд хамрагдаж чадаагүй. Тиймээс энэ хөтөлбөрийг үр нөлөө муутай болсон гэж дүгнэж байна” гэдгээ ч хэлж байна.

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс “10 их наядын цогц төлөвлөгөө нь хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгож байгаа, зах зээл дээр бол ийм хямд зээл олгогдохгүй. Иймээс нийт зээл ихээр тэлсэн. Арилжааны банкнаас цэвэр арилжааны нөхцөлтэй бүтээгдэхүүн гаргаж байхад зэрэгцээд хөнгөлөлттэй зээл төрөөс олгодог тогтолцоо гарч ирсэн нь зарчмын хувьд буруу. Арилжааны ашиг сонирхлыг яаж холбож өгөх вэ гэдэг нь шийдэгдээгүй. Бидний хувьд ийм хөнгөлөлттэй зээл гэхээсээ, төрийн хувьд ЖДҮ салбарт тулгардаг хэлцлийн зардал гэгдэх их хэмжээний, шаардлагагүй, төвөг чирэгдэл учруулдаг зардлуудыг онилж бодлого явуулах нь илүү үр дүнтэй” гэсэн бол Маяара трэйд компанийн захирал Э.Азжаргал “10 их наядын хөтөлбөрийн үр өгөөжийг ЖДҮ эрхлэгчид бид олж харсангүй. Сүүлийн үед бараа, түүхий эд өссөн учраас зардал нэмэгдсэн, нөгөө талд борлуулалтынхаа үнийг нэмж чадахгүй байгаа, хүмүүсийн худалдан авах чадвар муудсан. Дэлхий даяар үнэ өсөж байхад манай улсад үүний эсрэг бодлого алга. Үйлдвэрлэгч нар хамгийн их хохирч байна. Дээр нь түүхий эд татах гэхээр банкнууд ам.доллар гаргахгүй байна. Сүлжээ дэлгүүрүүд үйлдвэрлэгчдээс их хэмжээний хувь нэхдэг. Эдгээр зүйлсдээ арга хэмжээ авахгүй бол дараагийн том цунами хаяанд ирлээ”. Энэ бол бизнесээ зогсоочихгүй гэж зүтгэж яваа жирийн бизнес эрхлэгчдийн үг юм шүү.  Ямартай ч сүртэй нэртэй, 10 их наядын даржин хөтөлбөрийг бизнесийнхэн болон эдийн засагчид ингэж л үнэлж, дүгнэж байна.  

Цаана нь эрүүл мэндийн салбарт төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн ажлууд бий. Үр дүн нь хэр байв гэдгийг нээлттэй зарлах цаг боллоо. Эрүүл мэндийн салбар ковидын үеийн төсвийн зардлын тайлан нь ил болж өгдөггүй хардлага дагуулсан ганц салбар болж үлдлээ. Засгийн газар “Шилэн” ажиллагааны хүрээнд Зээлийн сангуудын мэдээллийг ил болгож байгаа. Тиймээс “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжсэн санхүүжилт авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг ил болгож түмэн олныхоо эргэлзээг тайлья, Ерөнхий сайдаа. 

Э.ТЭМҮҮЛЭН

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу