Гэнэт орж ирсэн мэргэн түргэн санаа байгаа онох нь бий, алдах нь бий. Мэргэн санааны үзүүрт Монголын төр хүчгүйдэх “хүйтэн” бодлого ч байж болох зам руугаа шуударчихлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нэг дор найман мянган хүнийг ажлаас хална гэсэн байна лээ. Энэ нь монгол төрийг сулруулах тул шүүмжлэлтэй хандаж байгаа. Өөрт нь ч хэлсэн” гэж байв. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн албанаас найман мянган хүнийг “тонилгох” даалгавар гүйцэтгэж байвал яах вэ. Хүчгүй төрөөр шатар тоглож, дуртай нүүдлээ хийхээр төлөвлөж байвал яах вэ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн гардан гүйцэтгэж байгаа “Шүүр” ажиллагаа төрийн албыг жинхэнэ самарч эхэлжээ. Мэргэжилдээ тэнцэхгүй хүмүүсийг чөлөөлөх нэрээр салбар бүрээс томилогдсон “төлөөлөгч” нар салбар бүрд очиж гай чирч эхэлсэн талаар төрд ажиллаж байгаа хүмүүс хэлж байна. Ер нь МАН угшилгүй бол ажлаа өгөх хатуу ч гэсэн сонголтын өмнө ирчихсэн талаар ярьцгааж, ажлын чиг үүргийн хүрээнд тэнцэж байгаа ч ямар нэг шалтаг гаргаад явуулахад бэлэн байна шүү гэж байгаа юм. “Шүүр” ажиллагаанаас хойш төрийн албанд ажил хийх сонирхолтой хүн цөөрч хэзээ ч явж мэдэх юм чинь гэдэг байдлаар асуудалд хандаж эхэлсэн байгаагаас харвал “Шүүр” ажиллагаа төрийн албан хаагч нарт хар дарсан зүүд болжээ. 

Төрийн албан хаагч нараас намын угшил харж байгаа бол төрийн бодлого бус намын хүний нөөцийн бодлого хэрэгжиж эхэлсэн гэсэн үг. Цаагуураа төрийн албаар дамжуулан 2024 оны сонгуулийн системээ генсек Д.Амарбаясгалан угсарч байна уу гэж хардаж болохоор. Энэ хүн төрд биш намд ажиллаж ирсэн туршлагатай. Төртэй хүчээр холбож ойлгоё гэвэл Монгол шуудан ТӨХК-д хоёр жил маркетингийн дарга хийсэн. Өөрөөр төрд ажилласан туршлага байхгүй. Тиймээс төрийн албан хаагч нарт ийм балмад байдлаар ханддаг байхыг үгүйсгэхгүй. Төрийн албаныханы жаргал, зовлонг огт мэдэхгүй гэсэн үг.

Намд ажиллахдаа муу биш сайн менежер байсан. Тиймээс л нам төвтэй төрийн албыг бүрдүүлэхийн тулд мэргэшсэн хүмүүст мэдэгдэх хуудас өгч намын тавиулуудаа чигжиж эхлэх бодлого барьж байна. Намынх нь гишүүний найз, намын гишүүний эхнэрийн ахын дүүгийнх нь нөхөр ч юм уу ямар нэгэн байдлаар намд хамаатах хүмүүсээ шургуулахын тулд төрийг хүчгүйдүүлж хэдэн мянгаар тоологдох ажлаас чөлөөлөх, мэдэгдэх хуудсуудыг “Баярын бичиг” гардуулж байгаа мэт ёслолын байдалтай гардуулаад эхэлсэн байх юм.

Төрийн албаны туршлага цаас шиг нимгэн түүнээс төрийн албаны ёс зүй, сахилга, шударга ёс шаардах нь нөгөө талаасаа учир дутагдалтай хэдий ч энэ чигт нь хаявал ноомой дуугүй залуусыг төрөөс “хөөж” томорсоор байх шинжтэй. Төрийн албаны зөвлөлийн мэдэгдсэнээр төрийн албанд 312 сул орон тоо байгаа юм билээ. Үүн дээр нэмээд хэдэн мянгаар хэмжигдэх сул орон тоо гарах нөхцөл бүрдэж байна. Үүнийг нөхөх төрийн албан хаагч нарыг олж тавина гэдэг төрийн толгойны өвчин болж эхэллээ.

Төрд ажиллаж байгаа хүмүүсийн авдаг цалин автобус унаа, хоол хүнсэндээ таардаг.  Илүүчлээд хувцас хунар ч авахад маш хүнд болсныг авлига албан тушаалаас хол төрийн албан хаагч нараасаа сонсоо л байлгүй. Сүүлийн найман жил засаглахдаа төгрөгийн ханшаа шалан дээр унагаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээ тэнгэрт тултал өсгөж, иргэдийн амьдралд гай тарьж “ул”-ныхан гэж доромжилсон нь хэн билээ гээд бодох л ёстой юм. Ер нь бид “Ул” гэж хэлүүлсэндээ гомдох шаардлагагүй юм билээ. Засгийн газар нь ард түмнээ ул гэж боддогийг сайд нь хэлсэний төлөө бид “ул”-ныхан биш гэж уурлаад байвал иргэдийн амьдрал тийм дорд орчихоогүй юм байна гэж бодож чадах хүмүүс тэнд байгаа.

Бага цалинтайдаа гомдол хэлж суулгүй өмнөх ажлаа хийж байгаа хүмүүст мэдэгдэл хүргүүлэн шахаж эхэлсэн нь төрийг хүчгүй болгох гэж байна гэсэн Хууль зүйн сайдын үгийг баталж эхлэв. Иргэддээ нэмэр болохгүй хэрнээ үргэлж ийм гай тарьсан байдлаар иргэдийнхээ хөлийг тушдаг байдлаа хэзээ болих вэ. Энэ чигээрээ цэвдэг сэтгэлээр хандаад байвал удахгүй сүүлчийн монгол хүн гэрлээ унтраагаад энэ улсыг орхин гарахад бэлэн байна. Дайн дажинтай улсын иргэдтэй ижил хэмжээнд иргэдээ амьдруулж байгаа энэ намынхан юу бодож суудаг бол. Намын иргэд гэхээрээ гэдэс цатгалан,  мөр бүтэн явна гэж баймааргүйсэн. Ийм бодлоготой эрх баригчид байна гэдэг Монгол Улсыг цаазын тавцанд аваачиж байгаа хэлбэр мөн шүү.

Э.ИВЭЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу