Шилэн ажиллагааны хүрээнд төрийн өмчит объектуудын түрээсийн мэдээлэл, төрийн өмчийн компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийн үлдэгдэл болон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл аваад төлөөгүй иргэдийн мэдээллийг ил болгож буй талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр (2023.04.24) мэдээлэл хүргэлээ. 

Тэрбээр “Төрийн өмчийн байруудыг ямар компани, аж ахуйн нэгжүүдэд хэрхэн үр ашигтайгаар түрээслүүлж, хэрхэн улсын төсөвт орлого бүрдүүлж байгаа вэ гэдэг нь чухал. Тийм учраас эдгээр байгууллагуудын мэдээллийг ил болгож, shilen.gov.mn сайтад байршуулж байна. 

Эдгээр байгууллагуудаас “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Хавдар судлалын үндэсний төв, Засгийн газрын авто бааз, Улсын нэгдүгээр эмнэлэг, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц гэх мэт газрууд төрийн өмчийн байранд зөв менежмент  хийж, улсын төсөвт хамгийн их орлого бүрдүүлдэг байгууллагууд болж байна.

Хувийн байгууллагуудаас төрийн өмчийн байруудад төлбөр төлж, гэрээ байгуулаад түрээсэлдэг. Бид энэ мэдээллийг ил болгож байна. Ингэхдээ түрээслэгч байгууллагуудаар нь хайлт хийж, ямар байгууллагууд хэр хэмжээний талбай түрээсэлдэг талаарх мэдээлэл харагдана.

Түрээсийн үнийг ч ил тод харуулсан байгаа. Нийт түрээсийн орлого хэд вэ гэдгийг харах боломжтой. Төр гэдэг айл олон мянган гэрчилгээтэй, олон байртай байлаа гээд бүх талбайгаа дүүргэх албагүй. Үл хөдлөх хөрөнгөө үр ашигтай болгож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талбар байлгах ёстой.

Мөн төрийн өмчит компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 98 хувийнх нь бүтэж, бүрэлдэхүүн, тэдний цалингийн мэдээллийг ил тод болгож байна. Өмнө нь зөвхөн төрийн өмчийн хороонд харьяалагддаг компаниудын мэдээллийг ил болгож байсан бол холбогдох ААН-үүдээс нь мэдээллийг аваад үлдэгдэл мэдээллийг нээлттэй болголоо.  

Жишээлбэл, та бүхний анхаарлыг татаж байсан “МИАТ”, “Хөгжлийн банк”, “Эрдэнэс Монгол” зэрэг нөлөө бүхий компаниудын мэдээллийг ил тод болгосон.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг нэмж нээж байна. Энэ сан бол монголын хөгжлийн гол хөдөлгөгч хүч босон хөдөө аж ахуйг дэмжих ёстой сан. Тийм учраас мэдээллүүдийг нь нэмж нээсээр байгаа. Ингэж нэмэхийн хэрээр зээлийн үлдэгдэл нь өсөж байна. 2008 оноос хойш 270 тэрбум төгрөгийн зээл авсан 1295 хүн, хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл 221,3 тэрбум төгрөг байгаа. Энэ мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар ил болгож байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу