“Шүлэг, Зураг” хоёр шүтэлцээт үйл бөгөөд үүнийг нэгэн бийрээр татлах энгийн нэгэн найрагчтай уншигч та бүхнийг уулзуулж байна. Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” 40 дэх удаагийн яруу найргийн наадмын тэргүүн шагналт яруу найрагч, зураач  М.Амархүүтэй ийнхүү ярилцлаа. Түүнийг шог зураач, яруу найрагч гэдгээр ард түмэн эчнээ мэдэх билээ. 

– Та сайхан хаваржиж байна уу.  Бидний урилгыг хүлээн авч, ярилцахаар болсонд баяртай байна.

-Сайхан хаваржиж байна. Ярилцах хүсэлт ирүүлсэнд ч мөн талархаж байна.

– Баярлалаа. Та уран зохиол, уран зураг хоёрын альтай нь түрүүлж танилцсан бэ?

-Уран зохиолын хувьд бага сургуулийн гуравдугаар ангидаа анх гадаадын уран зохиолд дурлаж байлаа. Орчуулгын зохиолууд ид дэлгэрч байсан үе. Робинзон Крузогоос эхлээд л уншина. Бас Монголын хүүхдийн зохиолчдын бүтээлийг их уншдаг байсан. Сургуулийнхаа номын санд л өнждөг байж билээ. Тэр үед хамгийн их нөлөө үзүүлсэн нь “Хорвоотой танилцсан түүх”, “Будаг амилсан нь” гэдэг зохиол  байсан. Сүүлд би Түдэв гуайтай уулзахдаа хэлж байсан юм. Надад та их буян болсон доо гэж.

Сургуулийнхаа урлаг соёл, спорт гээд л бүх юманд оролцдог хүүхэд байлаа. Уран уншлагаас эхлээд барилдах хүртэл явна шүү дээ. Тэдгээрийн зэрэгцээ бас зурдаг байсан. Зурах нь бүр сургуульд орохоос ч өмнө. 4 настай л байх үеэс гэнэ лээ. Зурах ч юу байхав сараачдаг \инээв\. Цаас л олдвол сараачиж байдаг хүүхэд байсан. Мэдээж уншиж эхлээд хүүхдийн зохиолын төсөөлөл дүрслэл дундаас ч анхны зургуудаа зурах сэдэл авч байсан биз. Адал явдал, инээд хөөр гэх мэтчилэн хүүхдийн зохиол дотроос зураг аяндаа гарч ирдэг гэж хэлж болох юм. Нэгдүгээр ангид орж ирэхэд хэдийн зураач болчихсон аятай л байлаа шүү дээ.  Ингээд цааш явсаар өдийг хүрснээ бодоход зураг, шүлэг хоёр шүтэлцээт үйл юм. Илэрхийлэгдэх хэлбэр л өөр болохоос сэтгэхүй, мэдрэмжийн л илэрхийлэл юм даа.

-Төдийгөөс өдий хүртэлх ололт амжилт бүхнээ харахад танд юу бодогдож сууна вэ, одоо?

-Одоог харахад сорилтын үр дүн гэж боддог. Өөрийгөө сорьж л байх хэрэгтэй. Ер нь юм бүтээх хэцүү шүү  дээ. Тэр тусмаа урлаг бүтээх бүр ч хэцүү. Суурь нь бол мэдээж авьяас, мэдрэмж. Тэгээд өнөөх хичээл зүтгэл. Сургуульд сурсан болгон мэргэжлийн хүн болохгүй. Зураачийн сургууль төгссөн хүн бүхэн зураач болно гэсэн үг биш. Авьяас хөдөлмөр хоёрыг хэзээ ч салгаж болохгүй юм. Энэ хоёрын шүтэлцээт байдлаас үр дүн гарна. Мэдээж хэр хичээснээс хамаарч үр дүнгийн амт чанар нь өөр юм.

-Монголын яруу найргийн уламжлагдаж ирсэн хэв маягийн тухай та ямар бодолтой явдаг вэ?

-Монголчууд зүйр үг, ерөөл магтаал, үлгэр домог гэх мэт ардын өв соёл асар арвин юм шүү дээ. Бидний үед хүүхэд багачууд тэр чигтээ үлгэр домог, аман уран зохиолыг хичээлээс биш эмээ өвөөгөөсөө сурчихсан байдаг байлаа. Энэ бол уламжлагдах байдал. Монголын уран зохиолын дүрслэлүүд, бурханч байдал, гүн ухаанч сургаалууд бүгд угтаа бидний цусанд байх учиртай юм. Энэ өв соёл, уламжлал шинэчлэгдэж сайжирч байж болох ч умартаж огт болохгүй. Уран зураг, хөгжим зэмсэг бүгд адилхан. Язгуураасаа “Монгол” гэх үндэстэнд урлагийн мэдрэхүй, өөрийн гэсэн арга барил байсан. Дэлхийн бусад улс орнуудын соёл иргэншлийн хажууд нүүдэлчин өв соёл бол асар баялаг, цар хүрээний хувьд ч аугаа зүйл юм.

Харин гадаадын уран зохиол, дэлхийн яруу найргаас хэчнээн суралцлаа гэхэд “Монгол” үнэртэж л байх ёстой. Суурь мэдрэмж нь юу ч байлаа гэсэн үндэсний энэ өнгө аяс байж гэмээнэ цааш хуучин уламжлал шинэ болж хөгжих учиртай. Яаж ч сэтгэлгээний шүлэг бичсэн бай, Монгол гэсэн сэжүүр байлгах ёстой. Дэлхийд гарлаа гэхэд “Монголын уран зохиол”-оор гарна уу гэхээс гадаадын дүр зураг, гадаадын бичлэгийн хэв маягаар гарахгүй. Ондооших өвөрмөц зүйл байх ёстой юм. “Ром-оос Капуяа хүртэл” гээд л шүлэг бичиж байна, яахав. Яагаад “Хархорин хүртэл” гэж бичиж болохгүй гэж. Шинэ эриний өнгө аяс байж болох л юм. Үгүйсгэхгүй. Өөр улс үндэстний шүлэг яруу найргаас суралцаад, монголын хөрсөн дээр монголын уран зохиолын сан хөмрөгт багтахуйцаар хувиргаж цааш авч явах  ёстой.

-Өмнө та “Монгол хүн бүр язгуураасаа яруу найрагч байдаг” гэж нэгэн сонины ярилцлагадаа хэлсэн байсан. Ер нь та яг ямар хүн юм бэ, Өөрийнхөө язгуур хүнийг  тодорхойлж хэлбэл?

-Хүн чинь өөрийгөө ер нь их сайн мэддэг. Миний хувьд их “юумар”-тай хүн. Манай удам ч тийм алиа хошин хүмүүс их байлаа. Туурвиж байгаа бүтээлд маань ч өнгө аяс нь байдаг. Өвөрмөц хошин байдлыг шүлэг, яруу найрагтаа тусгадаг. Мөн би чинь шог зураач. Амьдралын аль нэг талыг, магадгүй сүүдэртэй талыг урлаг болгож хараад егөөдлөөр хэлбэржүүлээд буулгадаг. Зүгээр л марзганаад хүнийг муулж болохгүй шүү дээ. Бас нөгөө талд маань гүн гүнзгий зүйлс бас бий. Зураг бүтээлд маань ч, шүлэг найрагт маань ч харагдана. Хийсвэрлэж, амьдчилалд оруулаад гүтгэж хүншүүлж бичдэг гэх мэт. Надад динозавр дээр нүүдэлчид суучихсан нүүж яваагаар дүрсэлсэн гэх мэт бүтээл байдаг. Фантастик мэт мөртлөө л цаад утга санаа нь бодит зүйл шүү дээ.

-Эрч хүчтэй, маш тэмүүлэлтэй санагдаж байна. Таны цаашдын уран бүтээлийн талаарх бодлыг хуваалцаж болох болов уу?

-Уран бүтээлч хүн сэтгэлгээний хувьд маш шуналтай байдаг. Бусад том том бүтээлчид ч бүгд тийм байдаг. Бурхан багш хэчнээн насны хишиг хайрласан юм, тэр хүртлээ л тасралтгүй л шинэчлэгдэж бүтээж байхыг эрмэлздэг. Гэвч биологийн зарим нэг асуудал тулгарч болох юм. Яахав одоогоор гайгүй л байна. Гэхдээ бусад салбарыг бодвол урлагийн салбарт нас, биологийн бие төдийлөн чухал биш ч байж болно. Энэ бол сэтгэхүйн ажил шүү дээ. 80, 90 насандаа нобелийн шагнал авах ч тохиол байна.

Урлаг, утга зохиолын салбарт шинэ залуу үе гарч ирээд, маш амжилттай явж байгаад би маш их баярладаг юм. Цаашид үргэлжлэх залгаас юм шүү дээ. Өмнөх үеэсээ суралцвал суралцаад, суралцахгүй бол цааш өөрийнхөө юмыг хийгээд явж байна. Энэ бол хөгжил. Заавал чи өмнөх үеэ үг үсэггүй мэд гэж шахах хэрэггүй. Монголын эдийн засгийн байдал саармаг байдалтай байгаа. Гэвч урлаг бол зогсоогүй, зогсохгүй.  Дүрслэх урлаг, хөгжим, Уран зохиол бусад шинэ салбарууд бүгд шинэчлэгдээд хөгжиж байгаа. Залуучууд маш их авьяастай байна. Энэ их сайхан хэрэг.

Бид газар шороондоо, өвөг дээдэстээ залбирч байх учиртай. Занабазар, Инжинаш, Данзанравжаа, Дугаржав, Шарав, Марзан Шарав гээд ихэс дээдэст бид залбирах ёстой. Нүүдэлчин иргэншлийг дагасан их соёлын өв бидэнд өвлөгдөж ирсэн гэхээр их баян улс юм бид. Энэ бүхэн чинь одоогийн бидний суурь юм шүү дээ. Нүүдэлчин соёл иргэншлийн мянган жилийн өв соёл гэдэг аугаа зүйл. Энэ чинь бидний бахархал мөн. Цаашид суралцаж, хөгжүүлж, хадгалж явах ёстой шүтээн ч бас мөн.

-Баярлалаа  танд, цаашдын уран бүтээлд нь амжилтыг ерөөе.

А.Сайханбаяр

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу