УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн (2023.04.24) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Бүлгийн хурлаар хоёр мэдээллийг сонсож, нэг асуудлыг хэлэлцжээ.

Хүнс, хөдөө аж, ахуйн салбарын талаар цаг үеийн мэдээлэл болон цалингийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газраас төлөвлөж байгаа ажлын талаар мэдээлэл сонсжээ. Мөн УИХ-аар хэлэлцэж байгаа Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцсэн байна. 

Цалин нэмэх талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Сүүлийн үед өргөн хэрэглээний барааны үнэ өссөнтэй холбогдуулаад, иргэдийн цалинг нэмэх шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбогдуулан цалин нэмэх асуудлыг өнөөдрийн бүлгийн хурлаар хэлэлцсэн. 

Инфляцын түвшин, үнийн өөрчлөлттэй холбогдуулан иргэдийн цалинг нэмэх, салбар хоорондын цалингийн сүлжээний зөрүүг арилгах томоохон өөрчлөлтүүдийг хийх шаардлага байна гэж үзлээ. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгийг ажлаа эрчимжүүлж, тодорхой саналыг боловсруулах шаардлагатай байна гэж бүлгийн зүгээс үзэж, тодорхой чиглэлүүдийг өгсөн” гэлээ.

Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн талаар уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэж байгаа. Энэ долоо хоногийн лхагва гарагт байнгын хороогоор хэлэлцэж, пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр байна. 

Төмөр замын салбар 1946 онд анхны хэлэлцээр хийж, 1949 онд анхны төмөр зам баригдсан түүхтэй. 

2007 онд төмөр замын тухай анхны хууль батлагдаж байсан. Одоо бол зах зээлийн хүрээнд энэ хуульд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай үүсээд байна. Өмнөх хуулийг ОХУ-ын хуулийг үндэслэж, боловсруулж байсан. Тиймээс одоогийн хууль үг, үсгийн хувьд нэлээд өөрчлөлт орж байгаа. 

Төмөр зам болон түүний дээгүүр явж байгаа хөдлөх бүрэлдэхүүн нь тусдаа байх зохицуулалтыг шинэ хуульд оруулж байна. Тэгэхээр энэ хуулийн дагуу Улаанбаатар төмөр зам ХНН цаашдаа тээвэрлэгч болон суурь эзэмшигч гэсэн хоёр тусдаа компани болох ёстой. 

Мөн төр болон хувийн хэвшлийн төмөр замуудын хоорондын харьцааг уялдуулахаар хуульд тусгаж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Зам тээврийн яамны дэргэд төмөр замын агентлаг байгуулна. Энэ агентлаг нь төмөр замуудын хоорондын харьцааг зохицуулах болон бусад хэрэгжилтийг хянах үүрэг хүлээнэ.

Төмөр замын тээврийн тарифын аргачлалыг төмөр замын салбарыг хариуцсан сайд  батлахаар тусгаж байгаа. Тухайн аж, ахуй нэгж, төмөр замын байгууллага өөрийнхөө тарифыг гаргаж, баталж өгнө. Үүнийг нь төрийн захиргааны байгууллагууд хянана. Үүнтэй уялдуулан төрийн захиргааны байгууллагад тарифын зөвлөлийг бий болгоно. Энэ зөвлөл нь тодорхой хэмжээний судалгаа хийх, дүгнэлт гаргах үүрэгтэй” гэлээ. 

Үүний дараа сэтгүүлчид асуулт асууж, гишүүд хариулав. 

-Цалин, хөлсийг хэзээнээс эхэлж, хэдэн хувиар нэмэх талаар Засгийн газарт тодорхой чиглэл өгсөн үү? 

-Цалингийн талаар тодорхой саналыг Засгийн газраас оруулж ирнэ. Өнгөрсөн онд төрийн албан хаагчдын цалинг ялгавартай нэмсэн. Энэ ялгаварлалыг арилгах хэрэгтэй болчхоод байгаа юм. Орон нутагт ахиу нэмэгдээд, бусад газар харьцангуй баг нэмэгдсэн.

Мөн салбар хоорондын сүлжээний зөрүү их байгаа. Үүнийг арилгах хэрэгтэй.

Үнийн өсөлттэй холбогдуулан цалинг нэмэх шаардлагатай байгаа. Тиймээс энэ гурван асуудлыг цогцоор нь авч үзээд, Засгийн газраас бэлтгээд, хөрөнгийн эх үүсвэрийг харгалзаж үзээд, тодорхой хугацааны дараа УИХ-д оруулж ирнэ. 

-Иргэдийн тэтгэврийг нэмэх үү? 

-Цалин нэмэх асуудалтай хамт ярина.

-Төмөр замын агентлаг байгуулахад одоогийн бүтэц, зохион байгуулалтын хүрээнд баг гаргах уу, эсвэл шинээр бүтэц бий болно гэсэн үг үү?

-Өмнө нь 2012 оныг хүртэл төмөр замын агентлаг ажилладаг байсан. Энэ агентлаг татан буугдаад Төмөр замын үйлчилгээний төв гэх нэртэйгээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ үйлчилгээний газарт үндэслээд, эрх үүргийг нь илүү өргөтгөсөн агентлаг бий болгоно. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу