“Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь” хэлэлцүүлгийг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байранд өнөөдөр (2023.04.24) хийлээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, ХЭҮК, “Эмнести Интернэшнл”, “Глоб Интернэшнл” төв, МСНЭ, Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл Мэдээллийн зөвлөл хамтран зохион байгуулсан юм.Хэлэлцүүлгийн үеэр хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Мөн сэтгүүлчдийн гаргадаг хүний эрхийн түгээмэл алдааг хэлэлцэж, нөлөөлөх хүчин зүйлсийг ярилцсан юм. Зөвлөлд ирсэн гомдлын агуулга болон шийдвэрлэсэн байдлыг дүгнэж хэлэлцээд дараах асуудлуудыг дэвшүүллээ. Үүнд:

  • “Нягтлан шалгах энгийн дүрмээ баримтлах,
  • Хэвлэлийн бага хурал эх сурвалж мөн үү?
  • Эрэн сурвалжилгын гол дүрүүд гомдомтгой,
  • Бусдын эрх ашгийн маргаанд татагдан орохоос сэргийлэх,
  • Редакцуудын ялгарал,
  • Хохирогчийг хамгаал,
  • Байж боломгүй бүдүүлэг алдаа” гэх мэт. Эдгээр асуудлын хүрээнд сүүлийн жилүүдэд хамгийн их гомдол саналыг шийдвэрлэжээ. Энэхүү танилцуулгыг хийсний дараа төлөөлөгчдийн хэлэлцүүлэг өрнөсөн юм. Тодруулбал,

Хэлэлцүүлгийн чиглүүлэгч mpress.mn сайтын эрхлэгч О.Ариунбилэг-ийн “Сэтгүүл зүйн салбар хүний эрхийг хангаж чадаж байгаа юу, чадахгүй бол юу нөлөөлж байгаа вэ?” гэсэн асуултад, Монцаме агентлагийн дотоод мэдээний албаны судалгаа, дүн шинжилгээний редакцын тоймч Б.Ариунзаяа:-“Хүний эрхийг хангаж чадахгүй байна гэж үзэж байна. Сүүлийн үед сэтгүүлзүйд гомдоллогсод байгаад байна вэ? гэдэг нь энэ бүхний хариулт. Сэтгүүлчдийг их сургуульд байхад нь хүний эрхийн үндсэн ойлголтыг маш сайн ойлгуулах ёстой. Хүний эрхийг хангах мэдлэгийг сууриар нь олгохгүй болохоор ажил дээр гараад анхан шатны мэдрэмжгүйгээр хувь хүний нууцыг зөрчдөг. Эргээд тэр нь салбараар нь асуудалд оруулах шалтгаан болж байна” хэмээн хариулсан юм.

Мөн уг асуултанд Хэвлэлийн хүрээлэнгийн УЗ-ын дарга Ц.Энхбат: “Хэвлэл мэдээллийн салбарын хууль эрх зүйн орчин болон дотоод орчин муу байгаа юм. Сэтгүүлчдийн ур чадвар дорой байна. Хүний эрхийг хамгаалахаас илүү хүний эрхэд халдсан маш их мэдээлэл цацдаг болсон. Редакцын хэмжээнд энэ ёс зүй алдагдчихсан учраас сэтгүүлчид хүний эрхийг хамгаалсан мэдээлэл түгээж чадахгүй байна. Тиймээс хүний эрхийг хамгаалж чадахгүй байна гэж үзэж байна” гэлээ.

ХМЗ-ын Ёс зүйн хорооны гишүүн, сэтгүүлч Х.Болормаа:“Миний хувьд 50\50 хувьтай байна гэж үзнэ. Хүний эрхийг хангаж байгаа хэсэг нь хүний нүдэнд өртөхгүй байна. Сайн мэдээ, зөв мэдээ хүний нүдэнд бараг л өртөхгүй. Тэгсэн хэр нь муу мэдээ, сенсацад нийгмээрээ дуртай. Хандалт ч ихтэй байдаг. Тиймээс хандалт хөөгөөд муугаас нь эхлээд бүх хов живийн мэдээг бэлтгэж өрсөлддөг болчихсон. Тэнцвэрээ хадгалах гэдэг зарчмаа мартаад шуурхай байх гэдгээ эрхэмлээд байгаа. Шууд дамжуулалтыг шууд л нэг эх сурвалжаар нь хурдан түгээхийг боддог болчихсон. Ядаж очиж байгаа хэвлэлийн хуралдаа зориулаад материал бэлдээд, ядаж сөхөж харчихдаггүй. Хамгийн хурдан л түгээх нь гол зорилго болчхоод байна” гэсэн юм.

МСНЭ-ын Ёс зүй, хууль эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа:-“Ёс зүйгээ дагаад бусад үзүүлэлт нь ч буураад байна. Зөвхөн сэтгүүлчийн ёсзүй унаад байгаа биш. Үүнийг дагаад нийгмээрээ ёс зүйн хувьд бууралттай байгаа. Ёс суртахуун гэдэг хэмжүүр одоо алдагдсан. Дуулиан шуугиантай мэдээлэл, хэн нэгэн алдартан дампуурч уруудаж яваа мэдээнд дуртай, цус нөжтэй гэмт хэрэгт хошуурдаг. Гэтэл ар гэрээ энгийн сайхан авч яваа эмэгтэйн амьдралыг нэг их сонирхохгүй. Болохгүй бүтэхгүй үйл явдлуудаар нийгмээрээ гажуудаж байгаа цаг үе ирчхээд байх шиг байна. Гэхдээ нийгмээрээ ийм байдалд орж байна гээд уусаад дагаад мэдээлээд явж болохгүй ээ. Бид мэргэжлийн ажлаа хийж байгаа учраас мэргэжлийн өнцгөөс хандах ёстой. Сэтгүүл зүй массаараа аймшигтай хүний эрхийн мэдрэмжгүй үйлдлийг хийсээр л байна шүү дээ. Үүний ард санхүүжилт гэдэг том зүйл байгаа. Ерөөсөө л нэг эрх баригчаас санхүүжиж байгаа учраас энд хараат бус байх чадамж алдагдсаар л байна” хэмээн ярилаа.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгч mpress.mn сайтын эрхлэгч О.Ариунбилэг мөн үргэлжлүүлэн “Хэвлэл мэдээллийн салбар бүхэлдээ мөнгөгүйдэж байгаа нь нууц биш. Мэдээллийн хэрэгсэл дэндүү олон болсон. Тэр болгонд ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутагдаад байна. Дээрээс нь төрийн байгууллагууд бүгд дэргэдээ хэвлэлийн албатай тэр болгондоо сэтгүүлч ажлуулдаг. Сонгуульд өрсөлдөгч болгон сэтгүүлч ажлуулдаг нь биднийг боловсон хүчингүй болгоод байна. Мэргэжлийн сэтгүүлч биш аль нэг намын хэвлэлийн ажилтан болвол хамаагүй өндөр цалинтай байгаад байна. Яаж энэ эдийн засгийн хараад байдлаас гарах вэ? Хараат бус болсны дараа мэдээж хүний эрх яривал одоогийн байдалд хамаагүй бодит тусахаар байна” хэмээн онцолсон юм.Тэгвэл энэхүү асуултанд МСНЭ-ын Ёс зүй, хууль эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа:

-Хараат байдалд удаан хугацаанд явснаар тэсгэл алдана гэдэг шиг, бүгдээрээ татан буугдах нэг шийдэлд очиж магадгүй юм. Тэгээд эргээд нэг бүтэц зохион байгуулалт, ёс зүйн байдлаа хэлэлцэх шаардлага үүсэх байх. Эсвэл санхүүжилтийн эх үүсвэрээ өөрчлөх гэх мэт хөдөлгөөнд орох байх” гэлээ. Мөн ХМЗ-ын ёс зүйн хорооны гишүүн, сэтгүүлч Х.Болормаа: Ёс зүйгээ бодоод болилоо гэхэд өөр нэг мэргэжлийн биш ёс зүйгүй сэтгүүлч энэ байдлыг цааш үргэлжлүүлэх л байх. Тэгэхээр бид нэгдэх хэрэгтэй. Нэг хэвлэлийн хурал дээр зуугаараа очиж байхаар нэг нь л очих хэрэгтэй. Бусад нь өөр тийшээ анхаарлаа хандуулах хэрэгтэй шүү дээ” хэмээн санал дэвшүүллээ.

Ийнхүү хэлэлцэж тодорхой шийдлүүдийг тэмдэглэлээ. Дараа дараагийн хэлэлцүүлгүүдээр асуудлыг улам  тодорхой болгож  гаргалгааг олно хэмээн ярилцсан юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу