Эрдэнэс монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт толгойгоо шааж сууна. Жүжигчин Б.Амарсайхан “Би юу хийчих вэ” гээд сонгуулийн сурталчилгаа хийдэг шиг л юм болж байгаа гэх. Учир нь Засгийн газраас Эрдэнэс монгол ХХК-ийн албан тушаалын 88 орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шинэ бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлсэн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ил тод ажиллах, хүнд суртлыг арилгах зорилгын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг олон талт оролцоотойгоор хийж чадсан нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлж чадсан”-ыг тодотгож байсан.

Юм шинэхэн, соньхон дээрээ гоё л доо. Эрдэнэс монголын албан тушаалтнуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно гээд сүрхий пи ар хийсэн болоод ч тэр үү шалгаруулалтад унасан зарим нь сэтгэл санаагаар унасан тухай дуулдаж л байв. Өмнөх ажилтнууддаа мэдэгдэх хуудас хүргүүлж, ажлаас шууд чөлөөлсөн. Дарга нарынхаа наана, цаана гарч гүйсэн ч бүгд цавчуулсан гэхэд болно. Жирэмсний амралттай, 0-3 насны хүүхэдтэй хүнээс бусдыг нь чөлөөлжээ. Хэдийгээр монголд тэр дундаа төрийн өмчит компаниуд дундаа хамгийн өндөр цалинтай байгууллага байна гэдгийн зарласан. Ахлах менежер буюу хуучнаар газрын дарга- 9-12 сая төгрөг, менежер 6.5-8.5 сая төгрөг, ахлах мэргэжилтэн 4-6 сая төгрөг, мэргэжилтэн- 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарсан гэсэн ч үнэндээ өндөр цалингаар илүү байгууллагын дотоод уур амьсгал, байгууллагын соёл хамгийн чухал гэдэг нь харагдаж эхэлсэн байдаг. Их цалингийн хүлээлтээс илүү байгууллага доторх ойлгомжгүй байдал нь ажилтнуудад “цээрлэл” болж, удалгүй ажлаасаа гарч эхэлжээ. С.Наранцогт захирал ч үгээ барж, үсээ зулгааж байгаа гэх.

Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт явагдсан ч шинэхэн ажилтнуудын дунд “Хуучин ажлаасаа дэмий гарч энд орлоо. Балай юм боллоо” хэмээн уулга алдаж байгаа хүмүүс ч байна. Сонгон шалгаруулалтаар ажилд орсон хүмүүсийг бүгдийг нь туршилтын гурван сарын хугацаагаар ажиллуулж байгаа юм. Тиймээс энэ хугацаанд хүмүүс ажлаас гарч шахааны хүмүүс нь жинхэнэ утгаараа ажилдаа орж эхэлжээ. Батлан хамгаалах, Боловсрол, шинжлэх ухаан, Хөдөлмөрийн яам, Сангийн яаманд л ажиллаж байсан төрийн ажлын туршлагатай С.Наранцогт захирлын хувьд Эрдэнэс монголын учрыг олох тийм ч амар биш байгаа бололтой. Тийм ч болохоор хэцүү, хатууг нь гайхан ойр тойрныхондоо ам нээсэн байгаа юм. Яаж ч бодсон яамны ажлын бичиг цаасны туршлагатай хүн доороо 10 гаруй томоохон охин компанитай Эрдэнэс монголыг чиглүүлэхэ туршлага, зангараг аль аль нь дутаж байгаа аж. Ёстой л толгойгоороо хөл, хөлөөрөө толгой хийж тоосноосоо бусгасан “амьтад” л байгаа гэнэ.

Хуучин ажиллаж байсан хүмүүсийнхээ бүх компьютерүүдийг форматлуулж цоо шинээр ажлаа эхлүүлснээс болж хуучин ажиллаж байсан хүмүүсийн ажлын файл болон төлөвлөгөөнөөс эхлээд бүх зүйлийг устгасан гэх. Тиймээс шинэ хүмүүс нь хуучин хүмүүс рүүгээ залгаж ажлаа зааж өгөхийг гуйж гувшин, сонгон шалгаруулалтаас орж ирсэн зарим хүмүүс ажлаас гарсан тул мэдэгдэх хуудас өгүүлэн ажлаас халсан хүмүүсээ эргэж ажилд орохыг гуйж байгаа гэхчилэн үлгэр домгийн юмс л дуулдаж байна.

Нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж хүмүүсийг ажилд шалгаруулах нь зөв ч томоохон төрийн өмчит компаниудын хувьд мэргэшсэн боловсон хүчингүй болох хамгийн наад захын эрсдэлийг давж чадалгүй мухардаж байх юм. Дараа дараагийн компаниуд дээрээ нээлттэй сонгон шалгаруулалт зарлах гэж байгаа бол наанатай, цаанатай байхгүй бол Эрдэнэс монгол шиг үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг юмнууд хаа сайгүй бий болох нь ээ. С.Наранцогт захирал толгойгоо шаах нь аргагүй л юмс дуулдаж байна.

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу