Сүртэй эхэлсэн “Шүүр” ажиллагаа 6161 ахмадыг төрийн албанаас чөлөөлөхөөс эхэлсэн. Тэднийг тэтгэвэр авахын дээр давхар цалин авч байгаа нь төсөвт дарамт учруулж байна гэсэн юм. Эдгээрийн 5500 гаруй нь жирийн багш, эмч тэргүүт албан хаагчид байгаа гэнэ. Н.Багабанди, Х.Бадамсүрэн тэргүүтэй өндөр цалин, хангамжтай өвөгжөөрүүдийг эс тооцоход бусад орон аймаг, сумдын сургуулийн багш, эмч нар болж таарсан байна. Найман жил засаглахдаа төрийн албаны хүний нөөцийн бодлогыг ор тас хаяж ирсэн МАН-ынханы гайгаар өнөөдөр сумын сургуульд бага анги, математик, монгол хэлээс эхлээд бүх төрлийн багшийн орон тоо сул байгааг орон нутгийнхан хэлж байгаа. Төсвийн цалин бага тул багш, эмч мэргэжилээр төгссөн хүмүүс нь мэргэжлээрээ ажиллахгүй эсхүл Улаанбаатарт цалин боломжийн хувийн эмнэлэг, сургуульд ажиллах болсон тул орон нутагт мэргэжлийн боловсон хүчний хомсдолд оржээ. Тиймээс арга буюу тэтгэвэртээ гарсан багш, эмч нараа урьж залж байж орны багш, эмчийг иртэл ажиллуулж байгаагаа орон нутгийнхан хэлж байна.

Харин амьдрал мэдэхгүй Ардын намынхан сонгууль угтсан шоундаа оноо авах гэж “Шүүр” гэх ажиллагааг эхлүүлсэн нь сумын сургуулийн ахмад багш нарыг шүүрдэж, оронд нь монгол хэл, математик, нийгэм, түүх гэхчилэн хичээлүүдийг орох багшгүйн улмаас хичээл завсардахад хүрч сурагчид хохирч эхэлжээ. Энэ бол яах аргагүй бодох нэг өнцөг. Заавал анхаарч сэрэх ёстой зүйл юм. Орон нутагт тэтгэвэртээ гарсан 5500 багш, эмчгүй бол тэдний оронд шууд маргааш нь очоод хичээл заачих багш, хүн эмчлээд явчих эмч байна уу. Сүртэй эхлүүлсэн “Шүүр” ажиллагаа хөрсөн дээрээ ингэж бууж байна. Алив зүйлийг эхлүүлэхийнхээ өмнө судалж тооцоололгүй шударга ёсны туг мандуулах гэсний гор нь энэ. Багш, эмч мэргэжлээр төгссөн ч үнэхээр цалин, хангамж, нийгмийн баталгаа байхгүй шахам энэ салбарт залуу насаа үрэхийг залуус бодохгүй байна шүү дээ. Тиймээс арга буюу ахмадуудаа уриад ажиллуултал засаг нь “хөөж явуулна” гэж солиороод ёстой холион бантан болж байгаа гэх. Сүрхий мэдэгдэх хуудас өгч байснаас хазаараа татаж эхэлсэн гэх.

Нөгөө талд нь мэргэжлийн бус хурган, хусран даргаас эхлээд ажлаас нь чөлөөлнө гээд далайлгаад ортод дандаа МАН-ынхан дарга хийж таараад ёстой гай болж байгаа аж. Арга ч үгүй биз. Найман жил засагласан МАН-ынхан бүх салбарт хувалз шиг шигдсэн байгаа шүү дээ. Явж очоод мэдэгдэл өгч ажлаас чөлөөлөх гэхээр л тэр дарга, гишүүн, сайдын хүн. Намд итгэж зүтгэж тэгж ажилласан хүн ш дээ. Байж бай гэж байгаад л дарга, гишүүд рүүгээ залгаж ёстой зовлон болж эхэлсэн гэх. Найман жил төрийн албаар тоглосон хүмүүсийг маажихад МАН-ын л хүн гарч ирэхээс өөр хүн бараг гарахгүй. Тиймээс аль ч шатандаа Ардын намынхаа хүмүүсийг хөөж явуулах болчихоод “Шүүр” ажиллагааг зогсоогоод байна.

“Шударга ёс, зарчим тогтоох гэж “Шүүр” ажиллагааг эхлүүлсэн ч ёстой “хүүр” болж байна аа” хэмээн Ардын намынхан нь өөрсдөө үгээ барж сууна. Юм эхнээсээ дэс дараатай, эрэмбэтэй, үр дагаврыг нь тооцохгүй хөдөлбөл иймэрхүү л үр дүнд хүрэх эхний зураг нь “Шүүр” ажиллагаа боллоо.

Засгийн газар “Шүүр” ажиллагаагаа үргэлжлүүлбэл орон нутгийн хэмжээнд багш, эмч нарын хомсдолд орох нь гарцаагүй болов. Нөгөө салаа зам дээр нь гишүүн, сайд, дарга нарын гуйлгын албан тушаалынхан тосоод зогсож байна. Тиймээс албан ёсоор зарлаагүй ч “Шүүр” ажиллагаа шийдлээ олтлоо зогссон байгаа аж.

Э.БОЛД

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу