Бүгд Найрамдах Турк улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын Эрэн хайх, аврах багийн ахлагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярыг тус улсын Ерөнхийлөгчийн “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль”-аар шагналаа.

Шагналыг өчигдөр (2023.04.25) тус улсын дэд Ерөнхийлөгч Фуат Октайн гардуулан өгсөн байна. 

Монгол Улсын Эрэн хайх, аврах багийнхан үүрэг гүйцэтгэх хугацаандаа барилгын нуранги дороос найман хүнийг (үүнээс хоёр хүүхэд) эсэн мэнд гаргаж, эрүүл мэндийн байгууллагад, 19 хүний (үүнээс 6 хүүхэд) цогцсыг гаргаж, холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн бол эмнэлгийн бүлэг орон нутгийн эмнэлгийг түшиглэн хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, 649 хүн (үүнээс 72 хүүхэд)-д эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн юм.

Мөн Засгийн газрын шийдвэрээр БНТУ руу илгээсэн таван тонн махан нөөш, нэг тонн лаа, 1,000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэр бүхий хүмүүнлэгийн тусламжийг тус улсад хүлээлгэн өгч, дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай мөр зэрэгцэн, албан үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ. 

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу