УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2023.04.26/ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт улс төрийн 36 намын төлөөлөл оролцож байна. 

Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр “2022 оны сүүл, 2023 оны эхэнд зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулга явуулж, санал асуулгаар гурван багц чиглэл өгсөн.

Юуны өмнө 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлж, шаардлагатай хуулиудыг даруй баталж мөрдүүлэх.

Хоёрдугаарт, Үндэсний баялгийн сангийн хуулийг баталж, үндэсний баялгийг ард иргэдэд болон ирээдүй үедээ тэгш, шударга, хүртээмжтэй болгох тогтолцоог бий болгох.

Гуравдугаарт, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулиудыг батлах, парламентын засаглалаа бэхжүүлэх, төлөөлөх чадавхыг сайжруулах, жинхэнэ ард түмний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх төлөөллийг бий болгож чадах тогтолцоог бүрдүүлэх чиглэлийг өгсөн.

Улс төрийн намууд авлига, хээл хахууль зэрэг олон сөрөг асуудлын эх үндэс болж байна. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн нэр дэвшүүлж байгаа гол институц болох улс төрийн намуудаа цэгцэлж, ард түмний төлөөллийн байгууллагаа үзэл бодлын нэгдэл болгож төлөвшүүлэх ёстой. Монгол Улсын парламентын ардчиллыг бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах, ардчилсан засаглалаа улам бэхжүүлэхэд та бүхний хувь нэмэр чухал” гэлээ. 

Хэлэлцүүлгийг ЭНД дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу