УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2023.04.26/ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт улс төрийн 36 намын төлөөлөл оролцож буй. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн З.Нарантуяа байр сууриа илэрхийлэхдээ “жижиг намууд” гэж хэлээд, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхийн шүүмжлэлд өртөв.

АН-ын гишүүн З.Нарантуяа: Энд байгаа жижиг намууддаа хандаж нэг үг хэлмээр байна. Жижиг намууд гэдэг нь…

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх: Жижиг нам гэж Дээд шүүхэд байхгүй шүү. Чи том нам юм уу. Хууль зөрчсөн үйлдэл битгий хийгээд байгаарай. Ер нь, Ардчилсан намынхан та нар алиагаа алдаж байгаа шүү. Та нарыг олон нийт дэмжиж байгаа юм биш, дэмжих нам байхгүй болохоор цөөхөн хэдэн санал өгч байгаа юм. 

АН-ын гишүүн З.Нарантуяа: Өргөн барьсан хуулиудыг харахад эрх барьж байгаа нам, бусад намуудын төлөөлөл тэнцвэртэй орж ирнэ гэж огтхон ч харагдахгүй байгаа. Эрх баригч намаас бусад намуудын зорилго бол эвлэлдэж нэгдээд, олон суудал авах ёстой. Парламентын гишүүдийн тоо олон боллоо гээд бүгд орж ирээд суучихна гэж бодоод байх шиг байна. 

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх: Битгий доромжлоод байгаарай.

АН-ын гишүүн З.Нарантуяа: Би доромжлоогүй байна. Бүгдээрээ уурлахгүйгээр, ухаантайгаар энэ хуулиа хармаар байгаа юм.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан намууд хариуцлагатай болох ёстой, улс орны хэмжээнд бодлогоо хэрэгжүүлэхийн тулд дотоод ардчилал, зохион байгуулалтаа сайжруулах ёстой гэдэг агуулгад нь санал нийлж байгаа.

Гэхдээ энэ хуулийг дагалдаж гарч байгаа хуулиудыг харах хэрэгтэй.

Тухайлбал, Дагалдаж орж ирж байгаа хуульд Сонгуулийн ерөнхий хорооны эрхийг маш ихээр нэмж байна. Төрөөс намуудад санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх замаар бүх намуудыг ямар нэгэн байдлаар төрдөө хянагддаг, ажлаа тайлагнадаг болгоход чиглэсэн заалт олон байна. Жишээ нь, Намуудад санхүүгийн бус дэмжлэг үзүүлнэ гээд төрөөс хоёр зүйлээр туслах юм байна. Намын их хурлаа Төрийн ордонд, эсхүл төрийн өмчийн байранд жилд нэг удаа хийхэд төр дэмжих юм байна. Үндэсний олон нийтийн телевизээр улиралд нэг удаа нэвтрүүлгээ гаргахыг нь дэмжих юм байна. Зөвхөн ийм ажлыг хийхийн тулд бид 30-90 хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд очиж гуйж, зөвшөөрлөө авна. Гуйгаад хийлээ гэж бодоход дараа нь аудитаар шалгуулж, хянах гэж байна.

Ардчилсан нам руу дайраад яахав дээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу