УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2023.04.26/ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт улс төрийн 36 намын төлөөлөл оролцож буй. 

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд намыг бүртгэх Дээд шүүхийн бүрэн эрхийг Сонгуулийн ерөнхий хороонд шилжүүлэх тухай тусгасан. Ингэснээр намуудын санхүүгийн мэдүүлэг, үйл ажиллагааны тайлан зэрэг мэдээллүүдийг Сонгуулийн ерөнхий хороо хянахаар болж байгаа юм. Энэ заалтад намуудын төлөөлөл эсрэг байр суурь илэрхийлж байна.

Үүний хариуд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар дараах тайлбарыг хэллээ. 

Тэрбээр “Улс төрийн намуудын асуудлыг хаана хариуцуулах вэ гэдэг талаар нэлээд маргаан гарсан. Улсын бүртгэлийн газар, Сангийн яам гэх мэт байгууллагуудад хариуцуулах гэхээр эдгээр нь эрх барьж байгаа хүчний дор байдаг гүйцэтгэх засаглалын байгууллага учраас хараат бус байх боломжгүй. Эрх баригчдын зүгээс хамгийн их нөлөөлж болох байгууллага гэж үздэг юм байна. 

Шүүхэд хариуцуулах гэхээр чиг үүрэг нь биш болох гээд байсан.

Эцэст нь, эрх баригчдаас хамгийн хараат бус байх газар нь УИХ-ын дэргэдэх байгууллага байх юм байна гэж үзээд, Сонгуулийн ерөнхий хороонд хариуцуулахаар тогтсон.  

Сонгуулийн ерөнхий хороог олон нийтийн радио телевизийн зөвлөл шиг олон нийтийн болгож байгаа. 5 гишүүнийг УИХ-аас, 2-ыг нь Ерөнхийлөгчөөс, 2-ыг нь Дээд шүүхээс сонгоно. 

Ингэж хараат бус байгууллагад хариуцуулахгүй бол сонгууль дөхөхөөр эрх баригч нам эрх мэдлээ ашиглаад янз бүрийн тоглолт хийх хандлага гардаг. Тийм учраас Сонгуулийн ерөнхий хороонд намуудын үйл ажиллагааг хянахыг одоогийн үүрэг дээр нь нэмж байгаа” гэлээ. 

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан өргөн барьсан Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан зүйл, заалт:

2 дугаар зүйл. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд доор дурдсан зүйл, заалт нэмсүгэй: 

“7.6. Хороо улс төрийн намын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 
7.6.1. намыг бүртгүүлэх өргөдлийн маягтыг батлах; 
7.6.2. намыг бүртгүүлэх өргөдөл, холбогдох баримт бичгийг нягтлан шалгах, нэмэлт мэдээлэл гаргуулахаар шаардах; 
7.6.3. намын бүртгэлийн жагсаалт, бүртгэлийн хувийн хэрэг хөтлөх; 
7.6.4. намын оршин байх албан ёсны хаяг, хөрөнгийн өөрчлөлтийг бүртгэх; 
7.6.5. намд өгөх хандивын бүртгэлийг хөтлөх маягтыг батлах; 
7.6.6. хуульд заасан үндэслэл журмын дагуу намыг тараах тухай дүгнэлт гаргах; 
7.6.7. намын бүртгэлд үндэслэн хуулийн этгээдийн гэрчилгээ, тамга, тэмдэг олгох; 
7.6.8. намд олгох төрийн санхүүжилтийн тооцож, төсөвт суулган олгох; 
7.6.9. намд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоох; 
7.6.10. намд олгох шууд бус дэмжлэгийг олгох, шийдвэрлэх; 
7.6.11. намын үйл ажиллагаанд хэрэглэх цахим программ хангамжийг баталгаажуулах; 
7.6.12. намын албан ёсны цахим хуудас, нийгмийн сүлжээний хаяг, холбогдох өөрчлөлтийг бүртгэх; 
7.6.13. Улс төрийн намын тухай хуулийн 
8 дугаар зүйлийн 8.8-т заасны дагуу хэрэгжүүлэх хяналт; 
7.6.14. Улс төрийн намын тухай хуулийн 
10 дугаар зүйлийн 10.5-т заасны дагуу хэрэгжүүлэх хяналт; 
7.6.15. Улс төрийн намын тухай хуулийн 
21 дүгээр зүйлийн 21.1-т заасны дагуу намыг идэвхгүйд тооцох, эсэх тухай шийдвэр гаргах; 
7.6.16. Улс төрийн намын тухай хуулийн 
33 дугаар зүйлийн 33.13-т заасны дагуу намд хяналт тавих; 
7.6.17. Улс төрийн намын тухай хуулийн 
33 дугаар зүйлийн 33.13-т заасны дагуу намд хяналт тавих; 
7.6.18. Улс төрийн намын тухай хуулийн 
34 дүгээр зүйлийн 34.13-т заасны дагуу намд хяналт тавих; 
7.6.19. Улс төрийн намын тухай хуулийн 
37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу намын санхүүгийн тайланд хяналт тавих; 
7.6.20. Улс төрийн намын тухай хуулийн 
39 дүгээр зүйлийн 39.1-т заасны дагуу намын санхүүгийн тайланд хяналт тавих. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу