Засгийн газрын өнөөдрийн (2023.04.26) ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.ЖавхланМонгол Улсын Засгийн газар 2018-2021, 2022-2025 оны дунд хугацааны стратегийг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд Засгийн газрын гадаад өрийн менежментийг хийж байгаа.

Энэ стратегид бид хариуцлагатай, сахилга баттай ажилласны үр дүнд сайн үзүүлэлтүүд гарч эхэлж байна.

2022 оны есдүгээр сард гадаадын өрийн нөхцөл байдал маш хүнд байсан. Гэсэн ч 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар төлбөрийн тэнцлийг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны алдагдлыг багасгах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс гадаад өртэй холбоотой дефолт болох эрсдэлээс бүрэн ангижирлаа.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд Чингис бондын үлдэгдэл болох 136 сая долларыг төлж барагдуулсан.

Удахгүй тавдугаар сарын 1-ний өдөр төлж барагдуулах ёстой “Гэрэгэ” бондын 368.7 сая долларыг бүрэн төлөх нөхцлөө хангалаа. Энэ оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн “Сенчири-2” төслийн хүрээнд уг өрийг төлөх валютын эх үүсвэртэй болж чадсан.

Сүүлийн гурван жилийн хугацаанд 1 тэрбум, 650 сая долларын өрийг барагдууллаа. Мөн нийт 487 сая долларын богино хугацааны арилжааны бондын өрүүдийг бууруулж чадлаа.

Мөн Хөгжлийн банкны 2022 оны үйл ажиллагааны тайлан болон 2023 оны намар төлөх Самурай бонд, Евро бондын өрийг хэрхэн барагдуулах талаар хэлэлцлээ.

Олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаас Хөгжлийн банкны 2022 оны баланст аудит хийгээд “зөрчилгүй” гэсэн тайлан гаргасан. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагч нар болон гадаадын зах зээлд гараад буй манай улсын аж, ахуй нэгжүүд цаашид гадаадаас зээл авах суурь нөхцөлийг тавьж өглөө.

Өнгөрсөн жил манай улсын гадаад өрийн нөхцөл байдал маш хүнд байсан. Ийм үед зээлжих зэрэглэлээ хэвээр нь хадгалж үлдэх нь бидний хамгийн гол зорилго байсан. Ингээд бид зорилгодоо хүрч чадлаа. Олон улсын байгууллагын аудитын тайлан нь үүнийг илүү бататгаж өглөө.

Хөгжлийн банк өнгөрсөн онд 1,056 сая ам.долларын чанаргүй зээлийг төлүүлсэн. Үүний үр дүнд энэ оны сүүлээр Самурай бондын 30 тэрбум иений өрийг төлөх эх үүсвэрийг бүрдүүлсэн байна. Харин есдүгээр сард төлөх Евро бондын 500 сая ам.долларыг хэрхэн барагдуулах төлөвлөгөөг гаргаж байгаа.

Хөгжлийн банк өнгөрсөн 2022 онд хангалттай сайн ажилласан гэж Засгийн газар үнэлсэн” гэлээ. 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу