Засгийн газрын өнөөдрийн (2023.04.26) ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр Засгийн газрын энэ онд төлөх бондуудын талаар болон Хөгжлийн банкны 2022 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлангийн талаар мэдээлэл хүргэсэн юм. (Мэдээллийг энд дарж уншина уу)

Дараа нь иргэдийн цалин нэмэх асуудлыг хэлэлцсэн эсэх талаар сэтгүүлчийн асуултад дараах хариултыг хэллээ. 

Сангийн сайд Б.Жавхлан “Жил бүр инфляцтай уялдуулж нэмдэг байсан цалин тэтгэврийг цар тахлын хүнд жилүүдэд төсвийн боломжид баригдаад нэмэгдүүлж чадаагүй. Өнгөрсөн жил төсвийн боломжоо харж байгаад, эхний ээлжинд тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмсэн. Харин цалин бол яах аргагүй сүүлийн гурван жил нэмэгдээгүй. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээсээ өмнө бодлогын тохиргоо хийх нь чухал. 

Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд салбар бүр хуульдаа тусгаад, нэмэгдүүлсэн. Бараг салбар хоорондын уралдаан болсон. 

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам төсвийн бодлогоор дамжуулж хийх ёстой төрийн албаны цалингийн нэгдсэн бодлого алдагдсан. Тийм учраас цалин нэмэгдүүлэхийн өмнө ийм зохицуулалт хийх нь хамгийн чухал байгаа юм. 

Тэгэхээр энэ жил төсвийн орлоготой уялдуулан тодотгол хийж, цалин нэмэгдүүлэх талаар ярихад эрт байна. 

Мөн төсвийн орлого биелэгдэхгүй болсон үед, эсхүл онцгой нөхцөл үүсээд зардлаа нөхөж чадахгүй хэмжээнд хүрвэл төсөвт тодотгол хийх хуулийн зохицуулалттай. Ийм нөхцөл үүсээгүй учраас цалин нэмэгдүүлнэ гэж ярих эрт байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу