“Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” сэдэвт цуврал уулзалтыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), НЗДТГ-аас хамтран  нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр (2023.04.27) Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд тус уулзалтыг зохион байгуулжээ.Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан зэрэг холбогдох албаныхан оролцож, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан юм. Тодруулбал,  ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Шилэн төр, цахим шилжилт”-ийн хүрээнд хийхээр төлөвлөсөн онцлох ажлуудаа танилцууллаа.

Тэрбээр, “Залуу төрийн албан хаагчид та бүхнийг ирээдүйд хардалт сэрдэлтгүй, тайвнаар ажлаа хийгээсэй гэж хүсэж байна. Төрийн ажил, үйлчилгээ технологид суурилсан, ил тод, шилэн болчихвол ямар ч өндөр албан тушаалтан жирийн албан хаагчийн ажилд нөлөөлж чадахгүй болно. Энэ боломжийг бүрдүүлэхээр “Шил” ажиллагааг эрчимжүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн тухайд төрийн өмчийн байрнуудын түрээсийн орлого, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлийн мэдээлэл, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл,  ТУЗ-ийн гишүүдийн нэрс болон цалинг ил болгосон. Хотын даргын зүгээс газрын харилцаатай холбоотой мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй болгохоор зорьж байгаа. Энэ бол тун чухал ажил. Өнгөрсөн 30 жилд төлөвлөлтгүй хийсэн газар олголтыг ил тод болгоно гэсэн үг. Хан-Уул дүүргийн хувьд ч газар олголттой холбоотой мэдээллээ ил тод болгож, “Шилэн” төрийг хамтдаа бий болгоосой гэж хүсэж байна. Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон. 300-400 мянган хүн амтай дүүргийг 30, 40 мянган оршин суугчтай сумтай жиших боломжгүй. Ийм харьцангуй тогтолцоотой байхад иргэдэд төрийн үйлчилгээг ижил тэгш, хурдан шуурхай хүргэх боломжгүй” гэдгийг онцоллоо.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу