“Газрын харилцааны тулгамдсан асуудал ба газар өмчлөл 20” онол, практикийн бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү хурал нь “Газрын харилцааны тулгамдсан асуудлыг оновчтой тодорхойлон, шийдвэрлэx боломжийг эрэлхийлэх, газар өмчлөлийн 20 жилийн туршлагыг хэлэлцэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, өндөр түвшний судалгааны арга зүйн шинэ технологи, программыг нэвтрүүлэх” зорилготой юм.

Хурлын үеэр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ж.Батсайхан:Монголын хүн амын 19.9 хувь нь газраа өмчилж авсан.

-“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталсны 20 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор энэхүү хурлыг зохион байгуулж байна. Энэ хугацаанд Монголын хүн амын 19.9 хувь нь газраа өмчилж авсан. Тэгэхээр бид хурлаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, мөн иргэдэд тулгамдаж буй асуудлын шийдлийн талаар хэлэлцэж байна. Мэдээж газрын харилцаанд олон асуудал тулгамдаж буй. Тухайлбал, авлига болон хүнд суртлаас сэргийлэхийн тулд газар өмчлөлийн үйл явцыг шилэн болгох нь нэн чухал. Мөн орон нутагт дэд бүтцийг нь шийдэн газар өмчлүүлэх, үүнд Засгийн газар, орон нутаг анхаарах ёстой” гэсэн юм.

Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын зүгээс авлига, хүнд суртлаас сэргийлэхийн тулд газар өмчлөлийн үйл явц хийгээд төрийн олон үйлчилгээг “Шилэн” болгоход анхаарч байгаа билээ.

Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Д.Нямдаваа: Egazar гар утасны аппликейшнээр дамжуулан давхардсан тоогоор 12 сая иргэн үйлчилгээ авлаа

-“Өмнө нь иргэд газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авахдаа заавал газрын албыг зорьж, дараалалд зогсдог, мөн газрын гэрчилгээгээ авахын тулд 14-30 хоног хүлээдэг байсан. Харин egazar.gov.mn цахим үйлчилгээг нэвтрүүлснээр газрын гэрчилгээг цахимаар QR кодтой олгон, иргэдийн цаг завыг хэмнэж, цаасны хэрэглээг бууруулж байгаа. Газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, лавлагааг хоёр минутын дотор хэвлэж авах боломжтой болсон. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоол гарснаар Нийслэлийн Засаг дарга 2021 онд захирамж гарган, газрын харилцаанд цахим үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Энэ хугацаанд egazar.gov.mn болон Egazar гар утасны аппликейшнээр дамжуулан давхардсан тоогоор 12 сая иргэн үйлчилгээ авлаа” хэмээн онцолсон юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу