Хүн аминдаа тулж, аргаа барах л хамгийн хэцүү аж. Ганц хоёрхон жилийн өмнө шударгын тугтай дарцаглаж явахдаа намынханаа намнаж явсан Т.Аюурсайханы туг бөхийсөн. Хууль хяналтын байгууллагаас түүнийг гэмт бүлэглэл зохион байгуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал өгч, УИХ хүлээн авснаар жирийн иргэн болоотхов. Түүнээс хойш гэрийг нь болон төрийн ордон дахь өрөө, хамаарал бүхий хүмүүсийнх нь орон байранд нэгжлэг хийсэн гэх мэдээллээс өөр юм гарсангүй. Уг нь “Би ганц хүрз ч нүүрс аваагүй” хэмээн хэлж байсан Т.Аюурсайханы шүлс нь ч хатаагүй байхад хуулийн байгууллагынхан шуурхай арга хэмжээ авчихсан. Ингэж л түүнийг нүүдлийг зогсоосон байдаг.  

Бүрэн эрхээ түдгэлзүүлэхээс өмнө Төрийн тэргүүнтэй уулзаж аврал эрсэн ч амаа алгадуулаад гарсан талаар намынхан нь жиг жуг хийж байсан. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр оруулж ирэх үед гишүүдийн өрөөний хаалга татаж, нулимстай нүдээр ширтэн “Намайг үлдээж өгөөч” гэж явсан нүүрсний хэрэгт нэр холбогдогч Т.Аюурсайхан өөрийнхөө хэн болсныг мэдэж авсан байх. УИХ дахь АН-ын бүлгийнхэн Д.Бат-Эрдэнийг авч үлдэхийг тулд 11 хүн түүнийг түдгэлзүүлэхийн эсрэг санал өгсөн. Нөгөө талд нь Н.Наранбаатарыгаа авч үлдэхийн аймгийн Засаг дарга нарын фракцийнхан 6 санал, эцэст нь өөрөө өөрөө санал өгч нийт 18 хүн л түүнийг явуулахгүй хэмээн нууц санал өгсөн гэх яриа бий. Намынх нь УИХ-ын дарга Г.Занданшатар, хамтдаа Сүхийн талбайд жагсаж явсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатараас эхлээд 47 гишүүн түүнийг бүрэн эрхээсээ татгалзахыг дэмжсэн байгаа юм. Үүндээ тэр дүгнэлт хийсэн байх. Анд найзуудаа хүртэл адуу малнаас дорд үзэх болсон тул намынх нь журмын нөхөд ч түүнээс холдсон гэдэг.

Өнөө маргаашдаа өөрт нь үнэнч үлдсэн хүн “шувуу” Н.Удаанжаргал байж магадгүй. Тэдний зовлон нэг учраас. Гэхдээ өөрийгөө авч үлдэхийн тулд Т.Аюурсайханыг бүр “алж” мэдэх ч хүн болж магадгүй. Тавантолгой төмөр замын захирлаар ажиллаж байх хугацаандаа үндэслэлгүй хөрөнгөжих замаа нээсэн гэж намынхан нь хэлдэг. Төмөр замын ажлуудыг маш өндөр үнээр гэрээлэн хийлгэж, тухайн гэрээг нууцад хамааруулсан нь хэзээ ч ил болохгүй гэж бодсон байх. Зарим хэвлэлээр Н.Удаанжаргал нь “Шинэчлэлийн хороо”-нд хамт явсан зарим хүмүүсийнхээ компанид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хэдэн тэрбумын ажил өгсөн гэх мэдээлэл гарсан.

Харин саатуулагдаад таван сарын нүүр үзэж буй Эрдэнэс Тавантолгойн экс захирал Б.Ганхуягийн талаарх мэдээлэл мөн бүрхэг байна. Зарим хүмүүсийн хэлж буйгаар мөд гарахгүй нь гэнэ лээ гэх таамгаас өөр зүйл алга. МАН-ын Шинэчлэлийн хорооны туган дор нэгдэж явсан хүмүүсээс Б.Ганхуяг хоригдсоор байгаа бол Т.Аюурсайханыг гадуур байцааж байгаа юм. Н.Удаанжаргал Аргентинаас Малайз руу “нүүдэллэсэн” болохыг хэвлэлийнхэн мэдээлэв. Б.Ганхуяг, Т.Аюурсайханы нарын ойрын хүмүүс мөн саатуулагдан шалгагдаж байсан юм. “Шинэчлэлийн хороо”-ныхон нүүрсний хэрэгт цахиур хагалан эрх мэдэл албан тушаалаа ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, гэмт бүлэглэл зохион байгуулсан эсэх асуудал хэзээ тодорхой болох вэ гэдэг хүлээлт бий боллоо.

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан олон хүнийг шалгаж, байцааж сүртэй мэдэгдэл хийж байсан хуулийн байгууллагынхан ч нам гүмхэн болчихсон. Нийгмийн хүлээлт ч тэр хэрээр намжиж байх шиг байна. Гэхдээ эрх баригч МАН дотор “Шинэчлэлийн хороо” гэх фракц Тусгаар тогтнолынхоо ордны зүүн талын жигүүрт байрладаг байсан юм. Намын даргын сунгаанд дотроосоо хүн нэр дэвшүүлж, нам доторх болохгүй зүйлсийг ил гаргаад хэлчихдэг зүрх зоригтой залуус гэж анх үнэлэгдэж байсан ч Эрдэнэс Тавантолгойн нүүрсэн дээр эрээ цээргүй авирласан нь тэднийг нам доторх нүүрсний авлигын “Шинэчлэлийн хороо” болж үлдэж байгаа бололтой. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу