Шүүр ажиллагааны талаар ЗГХЭГ-ын дэд дарга буюу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж өнөөдөр (2023.04.28) мэдээлэл өглөө..

Тэрбээр “Шүүр ажиллагаагаар,

  • Төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад хууль бус томилгоо байгаа эсэх. 
  • Томилгоо хийдэг удирдах албан тушаалтнууд өөрийн хамаарал бүхий хүмүүсийг албан тушаалд томилсон эсэх.
  • Хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн ур чадварыг хангаж чадаж байгаа эсэх.
  • Ашиг сонирхлын зөрчилтэй болох нь тогтоогдсон албан тушаалтнууд төрийн албанд ажиллаж байгаа эсэх.
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд төрийн албан тушаалд томилсон эсэх гэсэн найман бүлэг асуудлын хүрээнд ажилласан.

ЗГХЭГ-ын дарга өнгөрсөн хугацаанд нийт 3000 гаруй томилох эрх бүхий албан тушаалтанд найман бүлэг асуудалд ямар арга хэмжээ авсан талаар албан бичиг явуулсан.

Энэ албан бичгийн хариунд дүн шинжилгээ хийхэд, ТҮК-ийн ажилчид, эмч, багш нарын эрх зүйн байдлыг дордуулсан, ажлаас чөлөөлсөн зөрчил илэрсэн. 

Тодруулбал, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны зөвлөмжөөр төрийн үйлчилгээний албан тушаалд 65-аас дээш насны тэтгэвэр тогтоолгосон иргэн гэрээний үндсэн дээр ажиллаж болно гэдгийг зөвшөөрсөн байдаг. Гэтэл төрийн байгууллагын удирдлагуудаас ирсэн мэдээллээр ТҮК-ийн ажилчид, эмч, багш нарын эрх зүйн байдлыг дордуулсан, ажлаас чөлөөлсөн зүйлс гарсан. Тиймээс Шүүр ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногоос эхлэн эдгээр хүмүүсийг чөлөөлсөн асуудлаар хяналт, шалгалтын ажлыг хийж эхэлнэ.

Үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс “11-11” төв болон бусад эх сурвалжаар дамжуулан өргөдөл, гомдлоо гаргах бүрэн боломжтой.

Шүүр ажиллагаа 2023 оны дуустал үргэлжилнэ” гэлээ.

Мөн тэрбээр Шүүр ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар дараах тоо, баримтуудыг дурдлаа.

Байгууллагуудаас ирсэн албан бичгүүдэд дүн шинжилгээ хийхэд Засгийн газрын харьяа 16 яам, 39 агентлаг, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит компаниудад 6,187 зөрчил илэрсэн.

Нийт илэрсэн зөрчлийг ангилбал,

Албан тушаалаас чөлөөлсөн байдал:

  • Төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний (ТЗТҮ) албан тушаалаас 349,
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудаас 76,
  • Төрийн тусгай албан тушаалаас 9 хүнийг чөлөөлсөн.

Сахилгын арга хэмжээ авсан байдал:

  • Төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний албан тушаалтан 15 хүн,
  • Төрийн болон төрийн өмчит компанийн 12 хүнд сахилгын арга хэмжээ авсан байна.

Албан тушаалаас нь чөлөөлөхөөр мэдэгдэл хүргүүлсэн байдал: 

  • Төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний албан тушаалтан 976
  • Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын албан тушаалтан 150,
  • Төрийн тусгай алба хаагч 51 хүнд тус бүр мэдэгдэл хүргүүлээд байна.

Илэрсэн зөрчлүүдийг салбараар нь ангилж үзвэл,

  • Нутгийн өөрөө удирдах байгууллагад дийлэнх нь буюу 2900 гаруй,
  • Боловсролын салбарт 1,600 орчим,
  • Санхүүгийн салбарт 779,
  • Эрчим хүчний салбарт 656,
  • Уул уурхайн салбарт 114 зөрчил илэрсэн.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу