Хаврын адаг сарын шинийн найман. Аанай л Туулын гүүрэн дээгүүр өнгөрөхдөө харцаа урсган, бодол болоогүй хүн цөөхөн биз. Ус, гол гэдэг цаг хугацааг цөмийг нь шингээн урсдаг гэх эртний бодлууд тархин дотор чихэлдэнэ. Урьд жилүүдийг нэхэн санахад, их хотын зүүн захаас баруун тийш өртөөлөн Туул гол хэдийнэ урсчихсан байдаг санагдана. Хэн хүнгүй л чихэлдсэн урт өвлийн араас хамаг хөшүүнийг гэсгээн урсах нь хамгийн дотно зүйл байдаг сан. Нэрт найрагчийн “Туулын урсгал шөнөдөө сайхан сан” гэсэн мөртөөс ажихад их хотын хөлөөс түр холдон өөрийгөө тольдох хамгийн ивгээл ахуй нь Туулын хөвөө байсан нь илт.

Соёл иргэншлийн урсгалд хөл алдчихгүй юмаа гэхэд өөрсдийгөө алдчихгүйг хичээн өдөр бүр яаран зөрөлдөх үй олон хүн. Энэ бүгдийг чимээгүй ширтэж, тэр бүгдийг чимээгүй тээж одох урсгал одоо нэгэнт татарчээ. Татарсан гэхдээ бүр мөсөн “тасарчээ” гэсэнгүй. 2010 оны орчмоос хаврын адаг, зуны эхэн саруудад дан ганц Туул гол гэлтгүй Хараа голоос эхлээд урсгал голууд шургах энэ үзэгдэл нэг биш удаа тохиолдож байгаа юм. 1966 онд Туул гол Дунд голтойгоо нийлэн үерэлж, сүрхий хохирол учруулсан гэлцдэг. Цагтаа үерлэн эргээ хальж, туулж гатлах бэрх байсныг санагалзан, халаглах хүмүүсийн сэтгэгдэл цахим орчинд газар аваад буй.Хан Хэнтийн нуруунаас эх авч, Орхон голын зүгт хараа алдрах энэ их урсгалыг үгүйлэн хүлээгчдийн сэтгэл өдрөөс өдөрт дундуурхан болж буй нь хөндүүр төрүүлнэ. Хатан Туул гол Улаанбаатар хотын урдуур 93 км нь үргэлжлэн цааш оддог билээ. Мөн нийслэл хотын ундны усны ундарга болох Туул гол дагуу байрлах 170 гаруй гүний худаг эх авдаг. Жил ирэх тусам  нэмэгдэж байгаа их хотын усны хэрэглээний өсөлт болон уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын нөлөөгөөр голын урсцад өөрчлөлт орж, хаврын үед нийслэл хот орчимд урсацгүй болох, тасрах, шургах үзэгдэл түгээмэл ажиглагдах болсон. Байгаль дэлхийн дулаарлаас эхлээд нөлөөлөх хүчин зүйлс олон бий ч чухамдаа хүний буруутай үйл ажиллагаатай мөн салшгүй холбоотой гэдгийг мартаж болохгүй.

Хот төлөвлөлтийн алдаатай бодлогын уршигаар хотын дундуур харгилан урсдаг Туул гол улаан сайр үлдээгээд шургасан байгааг харах таатай биш.  Энэ бүхнийг дэргэдүүр нь өнгөрөх нэгэн анзаарч, холоос чагнах нэгэн сэтгэл зовних болсоор өдийг хүрчээ. Иймээс Туулын эрэг бараадаж энэ цагт хэрхсэнийг нүдээрээ харахаар “Сонсголон”-гын гүүр орчмоос сурвалжилга бэлтгэлээ. Хаврын зэвэргэн өдрүүдийн үргэлжлэл болон Туул гол зарим газраа шургасан байлаа. Өвс ногооны сэжүүр даанч хол байна. Даланг давж алхахдаа голын барааг хайсан ч эхний хайлтад хайрга чулуу болоод гуу жалга төдий л харагдах аж. Сул шороо хөл дороос бургиж, хуурай өвс салхинд хийснэ. Газрын доорх усны ашиглалт үлэмж нэмэгдсэнээр өвлийн цагт усны түвшин доошилдог болж, хаврын цагт өөрөөрөө нөхөн сэргэхэд их хугацаа зарцуулдаг болсон тухай уншиж байсан юм. Тийм дээ ч зовниж хөндүүрлэсэн юм шиг багахан урсгал тамир мэдэн урсаж байгаа нь нүдэнд тусав. Цийлгэнэсэн хэсэгхэн газрын урсгал эрхгүй харцанд торно. Салхи савирт гарах гэж гол барааддаг хүмүүсийн ухамсарын хэмжээ голын эрэг дагуу үзэгдэнэ. Уусан архины шил, пивоны сав, амттаны хайрцаг, цаас гээд хөглөрч болох бүхэн хуурай сайрын дагуу үргэлжилнэ. “Энэ чинь хатан Туулын эрэг болохоос хогийн цэг биш шүү дээ” гэх бодол эрхгүй төрнө.Хэсэг бусагхан газар мэлмэрэх Туулын ус их хайрган дунд нулимс мэт л харагдана. Сонсголонгийн гүүрэн давж ажил, амьдралд яаран хааз нэмэн давхилдах ухаант хүмүүсийн нүдэн дээр хатан Туул хэдэндээ тасарч, хэдэнтээ ил гарчээ. Амьдралын л төлөө тэмцэж байгаагаас харгилан урсах хүсэлтэй Туулаа бид анзаарахгүй аж. Их хотын дуу чимээ, зол баяр, гуниг уйтгар бүхнийг урсгалдаа шингээн эгээтэй л хөрсөн дор ахиад хэсэгхэн амсхийхийг хүссэн юм болов уу гэх бодол ээрнэ. Зуны сар гаруут Улиастайн гүүрний тэрүүхэнд өглөө эртийн шувууд нисэн бууж тоглоод, анир гүмд цоргих голын үнэрт сэтгэл тэнийдэгсэн. Тэр цаг удахгүй ирэх ч үүнээс цааш хэрхэх бодол толгойноос үл сална.

Ийн бодсоор сайр даган алхаж явсаар нэгэн хижээл насны эрэгтэй мотоциклтой дэргэдүүр зөрж өнгөрөхдөө, намайг яриа өдөх янзтайг анзаарав бололтой зогслоо. Сонсголонгийн уугуул гэх биерхүү бор царайтай ахыг н.Батсайхан гэнэ. Жил жилийн байдлыг ажсанаа тэрээр бүдэг бадаг санаж буй мэт ярьсан ч “Жилээс жилд, өдрөөс өдөрт л ус багасаж, татарчихвал гэх айдас хуруулдаг” тухайгаа нухацтай яриад явж одсон юм. Цагийн аяс зөөлөрч, зуны сар дундаа ороход урсац нэмэгдэх хэдий ч энэ цаг мөч бүхэн хойшилсоор буйд санаа зовохгүй байхын аргагүй юм.

1940-1990 оны үед Туул голын эхэнд мод их хэмжээгээр бэлтгэж, Туул голын сав газарт элс, хайрга дайрганы толгой дараалан олгосон зөвшөөрөл, олборлох үйл ажиллагаа өнөөдрийн Туул голын аюулдын харанга болсон. Мөн барилгын компаниудын тусгай зөвшөөрөл, зарим нь зөвшөөрөлгүй шууд барьдаг байдлаас шалтгаалан Туул гол түүх болон үлдэх нь. Товчхондоо хүний шуналын өмнө Туул гол хүчгүйдэж байна.Их хотын нүднээ ил цалгилан урсахдаа омголон байдаг Туул маань, хөрсөн доогуур арайхийн зүтгэсээр Орхон голд цутгаад амьсгаа авдаг ч юм шиг. Татарсаар татарсаар цаашид үгүй болбол хаврыг барах уйт өдрүүд улам нэмэгдэж, хоосон оргино. Түүгээр ч зогсохгүй чандмань эрдэнэ” ээ алдсан алтан амь бүхэн цөхөрч эхлэх биз ээ. 2023 оны нэгдүгээр сарын Туул голын усны чанарын төлөв байдлын судалгаанд “Улаанбаатар хот орчмоос дооших буюу Сонгино доод, Хадан хясаа хяналт шинжилгээний цэгийн орчимд онцгой их бохирдол-ын түвшинд байна” гэж ээ.

Хайрлах, хамгаалах тухайг бүгд ярьж зөвлөлдөх зуур хатан Туул маань өдрөөс өдөрт биднээс холдсоор байх аж. Хайрга чулуу өшигчин, шороон дундуур алхсаар далан өгслөө. Тээр дор бургасанд хэдхэн шувуу нисэлдэх бөгөөд удалгүй голын эхээд нисэн одох аж. Эл өдрийг “Туул шургах цагаар” гэж нэрлээд сурвалжилгаа өндөрлөлөө.

Өөрийн эрхгүй сэтгэлийн мухарт “Туул минь олон хүний дурсамжийг сэрээж, олон хүний зөв сэтгэлээр дахин урсах биз ээ” гэх итгэл төрнө.

2023.04.28 “Сонсголонгийн гүүр” А.Сайханбаяр

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу