dobu.mndobu

“ABILITY EXPO” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг боллоо

“ABILITY EXPO” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний нэг хэсэг болох “ABILITY EXPO” өдөрлөгийг Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн нийгмийн дэмжлэг, тусламж хүртэгч бус, харин авьяас чадвар, мэдлэг, ур чадвараараа нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг олон нийтэд таниулах, хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Өдөрлөгийн нээлтэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Энхбаяр нар оролцож, илтгэл мэдээлэл хүргэлээ.

Арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучлах, ажил олгогч байгууллагуудтай холбох, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.

Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үр дүнтэй ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын сайн туршлагыг танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүллээ.

Түүнчлэн өдөрлөгийн хүрээнд Баянгол дүүргийн гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчдын сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, салбарын шинэчлэл, тулгамдаж буй асуудал болон тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.