dobu.mndobu

Монголын мөсөн сийлбэрчид олон улсын тэмцээнд дахин тэргүүн байр эзэллээ

Монголын мөсөн сийлбэрчид олон улсын тэмцээнд дахин тэргүүн байр эзэллээ

Испани улсын Мадрид мужийн Торрехон-де-Ардос хотноо зохион байгуулагдсан “International Ice Festival – 5th Edition” олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын уран бүтээлчид амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ.

Тодруулбал, Монголын мөсөн сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар “Тэнгисийн үнсэлт” бүтээлээрээ 14 орны 22 уран бүтээлчтэй өрсөлдөж, алтан медалийн эзэд болсон байна.

Энэ жилийн тэмцээн “Далайн аваргууд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд оролцогчид далайн амьтад, усан доорх ертөнц болон домгийн дүрүүдийг мөсөн урлагаар илэрхийлжээ.

Монголын уран бүтээлчид долоон өдрийн турш ур чадвар, нарийн ажиллагаа, уран сэтгэмжээ сорин бүтээлээ туурвисан бөгөөд “Тэнгисийн үнсэлт” бүтээлээрээ хүн ба далай тэнгисийн холбоо, гоо үзэсгэлэнг мөсөнд урлан харуулсан байна.

Тэд өмнө нь 2024 онд болсон тус тэмцээний гурав дахь удаагийн наадамд “Алиса: Гайхамшигт аялал” бүтээлээрээ тэргүүн байр эзэлж, үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж байсан юм.

Ийнхүү Монголын уран бүтээлчид олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд дахин амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дэлхийн урлагийн тавцанд дуурсгалаа.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.