0

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болж, өнгөрсөн долоо хоногийн ажлын гүйцэтгэл, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцлээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр өнгөрсөн долоо хоногт бүтцийн нэгжүүдэд зорилтот хяналт шалгалт зохион байгуулж, сөрөг хүчин зүйлийн 196 хэмжилт хийснээс, 25 үзүүлэлт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байна. Илэрсэн зөрчилд холбогдох акт, албан шаардлага хүргүүлж, арилгуулах арга хэмжээ авч ажиллажээ. Мөн Эрдэнэт цогцолбор их сургуульд 155, ажлын байранд 147, гаднын байгууллагад 75 хүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулсан байна. Ажилтнуудад хамгаалах хувцас, хэрэгслийг хуваарийн дагуу олгож байгаа аж. Тус хэлтсээс өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрийн бүсэд болсон техникийн ослын талаар мэдээлж, шалтгааныг тодруулахаар ажиллаж байгааг онцлов. Үүнтэй холбогдуулан Авто тээврийн цехээс дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
2026 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 153 гаражийн дугаартай БелАЗ-75131 автосамосвал хөрс тээвэрлэх үедээ зам тээврийн осолд өртсөн. Энэ талаар цаг алдалгүй хууль хяналтын байгууллагад мэдэгдсэнээр Орхон аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штаб газар дээр нь ажилласан бөгөөд техникийн ослын эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Тээврийн хэрэгслийн жолоочийг нэн даруй Орхон аймгийн БОЭТ-д хүргэн, хэвлийн ЭХО, тархины компьютер томограф, ясны рентген болон бусад нарийвчилсан шинжилгээнд хамрагдсан. Шинжилгээний дүнгээр тухайн ажилтанд зөөлөн эдийн гэмтэл үүссэн нь тогтоогдсон бөгөөд шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж байгааг дурдаад, биеийн байдал нь тогтвортой байгаа, гэж Авто тээврийн цехийн удирдлага мэдээллээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон осолтой холбогдуулан Ерөнхий захирал Г.Ёндон, “Ослыг судлан бүртгэх комисс” хуулийн хугацаанд ослын учир шалтгааныг тодорхойлон дүгнэлт гаргаж, буруутай этгээд, удирдах ажилтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий инженер Т.Батмөнхөд, ажилтны биеийн байдалд онцгой хяналт тавьж, шаардлагатай нарийн шинжилгээ болон эмчилгээнд бүрэн хамруулахыг ХАБЭА-н хэлтэс болон Авто тээврийн цехийн удирдлагад тус тус даалгалаа. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Үндсэн тоног төхөөрөмж, эд хөрөнгө даатгалтай байдаг тул энэхүү ослоос үүдсэн хохирлыг тогтоож, даатгалаас бүрэн барагдуулах ажлыг Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Т.Очирхүүд үүрэг болгов.
Цаашид Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, хариуцлагыг өндөржүүлж, ажилтны аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарч ажиллахыг Ерөнхий захирал, бүтцийн нэгжийн удирдлагуудад чиглэл болголоо.
Өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилжээ. Орхон аймгийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл арваннэгдүгээр сарын 16-ны өдөр, цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдардаг иргэдтэй уулзалт зохион байгуулсан бөгөөд тус уулзалтад үйлдвэрийн газрын төлөөлөл оролцсон байна. Жаргалант сумын иргэдээс цагаан тоостой холбоотой гомдол, санал гараагүй аж. Цагаан тоосны нөлөөллийн бүсийн иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн үзлэгт 4,100 иргэн хамрагдаж, гүйцэтгэл 82 хувьд хүрсэн байна.
Хүний нөөц, захиргааны хэлтсээс, өнгөрсөн долоо хоногт долоон ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, нийт 166 ажил горилогчийг бүртгэн оролцуулсан талаар мэдээлэв. Геологи, хайгуулын экспедици болон Эрдэнэт цогцолбор их сургуулийн зарим ажлын байрны сонгон шалгаруулалтад шаардлага хангасан нэр дэвшигч шалгараагүй тул хүчингүй болсон байна. Мөн Ерөнхий захирлын 821 тоот тушаалын хүрээнд ажилтнуудын чадамжийг ажил мэргэжлийн стандарттай харьцуулан үнэлж, чадамжийн зөрүүг тодорхойлох ажил хоёр дахь жилдээ мэргэжлийн экспертүүдтэй хамтран амжилттай хэрэгжжээ. Үнэлгээний үр дүнд тулгуурласан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.
Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газраас, үйлдвэрийн 46-р спартакиад спортын 12 төрлөөр 11 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж дууссан талаар мэдээлэв. Спартакиадын финалын тоглолтууд энэ сарын 28, 29-ний өдрүүдэд CuMo Arena-д болох бөгөөд хамтран ажиллах спортын заал, талбайн бэлтгэлийг хангаж байна. Мөн ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг арван хоёрдугаар сарын 15-ны өдөр дуусах бөгөөд үзлэгийн хугацаа дуусахад 20 орчим хоног үлдсэнийг санууллаа.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Үйлдвэрийн экспортын үйл ажиллагааны талаар ярихдаа, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан өнгөрсөн долоо хоногт нэг удаагийн арилжаагаар 80 мянган тонн зэсийн баяжмал борлуулж, 240 сая ам.долларын үнийн дүн бүхий томоохон хэлцэл хийснийг онцлон сайшаав. 2024 оноос эхлүүлсэн биржийн арилжаа, урт хугацааны гэрээний үр дүнг өндрөөр үнэлж, энэ ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан экспортын чиглэлийн хамт олонд талархал илэрхийллээ.
Үйлдвэрлэлийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд мөрдөх, технологийн материалын нөөцийг тасалдуулахгүй бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэл, эдийн засгийн бодит үзүүлэлтэд тулгуурлан үр ашигтай ажиллах чиглэлээр холбогдох удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.
Хуваалцах:
Монгол цэргүүд шилдэг тамирчны цом болон хоёр алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртлээ
3 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.