dobu.mndobu

“Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрийн төгсөгчдөд Хүний эрхийн сургагч багшийн батламжийг гардуулав

“Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрийн төгсөгчдөд Хүний эрхийн сургагч багшийн батламжийг гардуулав

Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан санаачилж, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөрийг зохион байгууллаа. Эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийн төгсөгчдөд өнөөдөр (2024.12.10) хүний эрхийн сургагч багшийн батламжийг гардууллаа.

 

“Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөрийн оролцогчид төгсөлтийн арга хэмжээний үеэр зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсан талаараа илтгэл танилцуулсны дараа Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, хууль зүйн доктор, дэд профессор Д.Сүнжид төгсөгчдөд баяр хүргэлээ. Тэрбээр “Хөтөлбөрийн явцыг харахад ирээдүй гэрэлтэй харагдаж байлаа. Хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд нэн тэргүүнд дүрэм, журам хуулийн үндэслэл хэрэгтэй гэдгийг суралцсан. Хоёрдугаарт, механизм хэрхэн ажиллаж байгаатай танилцаж, мэдлэгийнхээ хүрээнд үнэлгээ хийсэн байна. Гуравдугаарт, хүн хамгийн чухал бөгөөд эрхээ мэддэг хүн бусдын эрхийг зөрчихгүй, цаашилбал эрх нь зөрчигдөж байгаа нэгнийг хамгаалах мэдлэгтэй болж байгаа юм. Та бүхэн хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд оролцдог, хувь нэмрээ оруулдаг иргэн болж байгаа нь үнэхээр чухал. Эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг, шударга байдлыг дэмждэг иргэн бол ардчилсан нийгмийн үнэт зүйл. Та бүхэн нийгмийнхээ үнэт зүйл болж байна” гэв. Оюутан, залуус хөтөлбөрийн хугацаанд сурсан онолын мэдлэгээ дадлагаар баталгаажуулсан, бусдад заах явцдаа бүр ихийг суралцана хэмээгээд тэрбээр амжилт хүсэв.

Хүний эрхийн дэд хорооны дарга, Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэболд арга хэмжээний төгсгөлд технологи нийгмийн амьдралд нөлөөлж буй түүх, баримтуудыг хуваалцаад “Цаг үеийн өөрчлөлт буюу технологийн хөгжил нь хүний эрхийн шинэ тутам зохицуулалт шаардаж, шинэ тутам философийн асуулт үүсгэж байдаг. Хүний эрхийн өнөөдрийн төлөв байдал ирэх 10, 20 жилд өөр түвшинд хүрнэ. Өнөөдөр бид чадах хэрээрээ хичээж, сайн сайханд хүрэхээр эрмэлзэж байна. Та нарын үед шинэ түвшинд хүрнэ, асуудлын зохицуулалт ч өөр байх нь лавтай. Та бүхэн эндээс сурсан мэдлэгтээ тулгуурлаад  асуудлаа шийдэхийн тулд үргэлжлүүлэн эрэл хайгуул хийх болж байна” хэмээгээд хөтөлбөрийн нийт оролцогч, зохион байгуулагчид, хүний эрхийн талаарх мэдлэг, үйл ажиллагааг түгээхэд дэмжин ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийлэв.

Ийнхүү их, дээд сургуулийн 100 гаруй оюутан, залуус хамрагдаж буй, эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөрийн төгсөгчдийн батламжийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар гардууллаа.

 

Хуваалцах:

|
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

6 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах заавар

ТАНИЛЦ: Цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах заавар

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.