0
Огноо2024-12-10
“Дуу төрсөн түүх” цуврал бичвэрийн энэ удаагийн дугаарт алдарт “Зүүдэн бороо” дууг онцолж байна. Хар нүдтэй бүсгүй, Хар нүд, Хар нүдэн гэж хэлэх нь “Зүүдэн бороо” дууны хажууд дэндүү энгийн зүйл болов уу. “Харын хар нүдэн чамайгаа” гэж хэлээд аялгуулан үргэлжлүүлэх нь ард түмний сэтгэлд "ардын дуу мэт" хоногшин үлдсэн. “Харын хар” гэж хүч нэмсэндээ ч тэрүү, уянгалуулан цааш сэтгэлээсээ аялсандаа ч тэрүү энэ дуу одоо ч бидний дунд амьд буй.
Монголчуудын дунд хит болж, зуун дамжин дуулагдсан дуунуудын тухай МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Магсаржав, түүний гэргий МУСТА, яруу найрагч, их эмч Ж.Ганчимэг нарын хамтран гаргасан “Айсуй” хэмээх ном бий. Эл номд өгүүлсэн алдарт “Зүүдэн бороо” дуу төрсөн түүхээс хэсэгчлэн авч та бүхэнд хүргэж байна.
МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, АУЗ, МУСГЗ Б.Лхагвасүрэн агсаны шүлэг, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Магсаржавын аялгуу, "Морин хуур-1988” наадмын тэргүүн байрын шагналт “ЗҮҮДЭН БОРОО”
Энэхүү дууны төрсөн түүхийн тухай хөгжмийн зохиолч Б.Магсаржав “1987 оны хавар төмөр замын точка болгоноор тоглолт хийх болж, бригадаар явлаа. Ардын жүжигчин, Цэргийн чуулгын дарга П.Хаянхярваа гуай "Зохиолчидтой хамт бригадаар явах боллоо. Чи баянистаар явна шүү” гэлээ. Их азтай. Шагдарын Дулмаа, Пунцагийн Бадарч, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Бавуугийн Лхагвасүрэн гээд нэрлээд байвал дандаа л ардын уран зохиолчид, тэгээд Чаминчулуунаас эхлээд алдартай жүжигчид, дуучидтай явах завшаан тохиосон юм. Биднийг хоёр хоёроор нь хуваарилахад би Лхагвасүрэн ахтай нэг купед орсон. Лхагваа ах "Аан, Цэргийн ансамблийн баянист хүү. Чи чинь дуу зохиодог гэл үү" гэсэн. Тэгээд би анхны "Сүүн далай ээж”-ээ дуулаад л. Ах ихэд бодлогоширч "Чамаас дуу төрөх нь дээ” гэхээр нь “Би танаас нэг дуу авах аз заяах нь уу" л гэсэн. Лхагваа ах "Тохиолдол байдаг юм даа. Онгод гэдэг чинь сонин шүү" л гэсэн. Ингээд хамтдаа хоёр хоног явлаа. Энэ дуу вагон ресторанд л төрсөн түүхтэй. Үүнийг ард түмэн нэлээд сайн мэдэх байх.
Бид хоёр вагон ресторанд сууж байхад гурван эмэгтэй орж ирлээ. Тэгээд л Лхагваа ах намайг шалгаж эхэлсэн дээ. "Энэ гурван эмэгтэйгийн аль нь вэ?" л гэнэ. Бүгд Анагаахын их сургуулийн ромбо зүүчихсэн сайхан бүсгүйчүүд. Сэлэнгэ аймаг руу томилолтоор явж байсан юм билээ. Тэдний дунд талын бүсгүй яах аргагүй онцгой сайхан байсан, хэлсэн. Ах жуумалзаад л явчихлаа. Эхний даваагаа давлаа. Энэ чинь бүр гурван даваатай шүү. "Юу нь вэ?” гэлээ.
Би эргэн эргэн их харлаа, өнөөх эмэгтэйчүүдэд ч эвгүй байсан байх. Харж, харж "Яах аргагүй нүд нь юм аа" л гэлээ. Тэгсэн ах "Нүдний чухам юу нь вэ?" гэж асуулаа. Хариулахад их хэцүү юм билээ. Юу гэж хэлэхээ ч мэддэггүй. Тэгээд Лхагваа ах "За чи буфетээс тамхи авангаа сайн харчихаад ир” гэсэн. Тэгээд явахдаа харсан чинь над руу ч бас харлаа. Буцах замдаа хажууд нь тамхиа албаар унагаагаад харахад өнөөх нүд намайг цоо ширтэж, зүрхийг минь үнэхээр гижигдсэн дээ. Хав хар гэхэд дэндүү хар. Буцаж очоод Лхагваа ахад "Тас хар нүдтэй эмэгтэйг л харлаа” гэсэн чинь "Харын хар. Тэрийг чинь л хэлүүлэх гэсэн юм” гэж билээ. Ингэж гурван даваагаа давсан даа. "Зүүдэн бороо" 30 минутад төрсөн түүхтэй. Лхагвасүрэн ах өнөөх бүсгүйчүүдэд 30 минутын дараа шинэ дуу сонсоорой гээд хэлчихсэн. Намайг аймшигтай шахаж байгаа нь тэр шүү дээ. Шүлэг нь ч гараагүй байхад би яаж дуу хийх юм бэ. Нөгөө гурав чинь шинэ дуу сонсоно гээд баярлаад л. Лхагваа ах ч яахав мундаг хүн, дорхноо л шүлгээ биччихнэ. Нэг бадаг биччихээд өрөөндөө орсон. Өрөөндөө ороод цонхоороо харж байснаа
"Нэмэн нэмэн дүүрэх шинийн саран
Нэг л зөөлөн дээшээгээ дэгдэн мандах юм
Сайны дээд энхрий чамайгаа
Санаж л явах минь заяа л юм даа" гээд хоёр дахь бадгаа бичсэнээ зүйрмэглээд хэвтээд өглөө. Цаг яваад болдоггүй, 15 минут өнгөрлөө.
Тэгсэн босоод "Нойрон дунд зүсрэх зүүдэн бороо
Норсон дэр хацрыг минь хайран өнчрөөх юм
Тооныг нь элбэж өргөсөн гэртээ
Тормойж суух чинь хэзээ л юм бол доо” гээд гурав дахь бадаг бэлэн болчихсон. Ингээд надад тав зургаахан минут л үлдсэн. Лхагваа ахад ганц хоёр ая сонсготол "Биш байна" гэснээ "Одоо яахав дээ, нэгдүгээр купед байгаа өнөө хүүхнээ харчихаад ир. Ая гарвал гарна, үгүй бол байхгүй" гэлээ. Тэгээд купед нь очлоо. Арвантавны шинийн саранд үсээ самнаж байснаа өнөөх гоё нүдээрээ над руу харахад нь бушуухан хаалгыг нь хаагаад аяа бичсэн дээ.
Есдүгээр купе хүртлээ нотоо бичээд ороод л шууд хөгжмөө тоглосон. Ая ч батлагдсан, араас нь нөгөө гурав ч орж ирсэн. Ингэж л энэ дуу төрсөн.
"Зүүдэн бороо” дууны нэг онцгой зүйл нь тэр шөнөжин купе купегээр дамжиж дуулагдаад Эрдэнэт хотод зогсоход вагон даяараа дуулаад буусан түүхтэй. Тэр оройноо тоглолтон дээр дуулахад үзэгчид
бүгд дагаж дуулж байсан дуу. Ингэж л ард түмэнд хүрч, оны тэргүүн байрын шагналт дуу болсон юм даа” хэмээн дурсжээ.
Хожим энэхүү дууны гол дүр болох харын хар нүдтэй бүсгүй олноо ил болж, танигдсан гэдэг. Түүнийг Д.Орхончимэг гэдэг бөгөөд нэгэн ярилцлагадаа “Чиний үеийнхэнд болоод Сэлэнгэд чамаас том нүдтэй эмч байгаагүй. Чи “Зүүдэн бороо” дууны гол дүр юм биш үү” гэж хүүүс их асуудаг байсан" хэмээн дурссан байдаг.
Үг: МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, АУЗ, МУСГЗ Б.Лхагвасүрэн
Ая: МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Магсаржав
"ЗҮҮДЭН БОРОО"
Халин халин нисээд ирсэн шувуу
Харзны усанд элгээ жиндээн ганганах юм
Харын хар нүдэн чамайгаа
Харж л суух минь хэзээ л юм бол доо
Нэмэн нэмэн дүүрэх шинийн саран
Нэг л зөөлөн дээшээгээ дэгдэн мандах юм
Сайны дээд энхрий чамайгаа
Санаж л явах минь заяа л юм даа хөө
Нойрон дунд зүсрэх зүүдэн бороо
Норсон дэр хацрыг минь хайран өнчрөөх юм
Тооныг нь элбэж өргөсөн гэртээ
Тормойж суух чинь хэзээ л юм бол доо
Тооныг нь элбэж өргөсөн гэртээ
Тормойж суух чинь хэзээ л юм бол доо
1988 он
Хуваалцах:
"Цахилгааны хязгаарлалт нь өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна"
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол эхэллээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Эрчим хүч экспортолно гэдгээсээ Т.Доржханд ичих хэрэгтэй
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Харри Поттерын тухай шинэ цувралд ямар жүжигчид дүр бүтээх вэ?
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
1-3 насны хоёр хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг онгойлгожээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
2025 оны I сараас байгууллагууд ахмадуудыг АЖИЛД АВЧ эхэлнэ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн ахыгаа хэрцгийгээр зодож хөнөөжээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбайгаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах заавар
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хүйтэнд малгай өмсөхгүй бол хараа муудаж, нулимс гоождог болох эрсдэлтэй
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ардын уран зохиолчийн гурван давааг давж, гучин минутанд бүтсэн алдарт "Зүүдэн бороо"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сонгинохайрхан дүүргийн 14 байршилд автобусны дулаан зогсоолыг ашиглалтад орууллаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
66 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөллөө
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.