dobu.mndobu

ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: "Ээжийн чанасан цай" дуу аавынх нь шүлэг гэдгийг сонсоод С.Жавхлан шууд л уйлчхаж билээ

ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: "Ээжийн чанасан цай" дуу аавынх нь шүлэг гэдгийг сонсоод С.Жавхлан шууд л уйлчхаж билээ

Та бидний дурсамжийн аль нэг хэсэгт оршсоор байдаг гайхалтай дуунуудын бий болсон түүхийг цувралаар хүргэж буй. Энэ удаад Л.Самандын үг, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Магсаржавын аялгуу “Ээжийн чанасан цай” дууг онцолж байна. Хүний нутгаас аав, ээжийгээ санахдаа, тэгээд бүр ээжийнх нь сэтгэл шингэсэн цайных нь амтыг санахдаа бичиж байсан шүлэг хожим аавынх нь байсныг мэдээд дуучин С.Жавхлан шууд л уйлсан гэдэг. 

Ямархан сэтгэл шингэсэн болоод өнөөдрийг хүртэл зүрхэнд оршсоор буйг мэдэхийн тулд аялаад, дуулаад л үзэх хэрэгтэй болов уу. Энэхүү дууны түүхийг МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Магсаржав, түүний гэргий МУСТА, яруу найрагч, их эмч Ж.Ганчимэг нарын хамтран гаргасан “Айсуй” хэмээх номд өгүүлснээр хүргэж байна. 

 

"Айсуй" номд Б.Магсаржав гуай өгүүлэхдээ,

"2000 онд ӨМӨЗО-ы Хөх хотын "Одон” телевизэд дөнгөж ажлаа авчихаад байсан үе л дээ. Ажлын хажууханд надад амьдрах байр өгсөн юм. Нэг өдөр үүдэнд нэг эмэгтэйтэй тааралдлаа. Тэр "Би Саманд гэж хүний охин нь байна. Та Магсаржав уу” гээд уулзсан юм. Тухайн үед Саманд гуай Хөххотын эмнэлэгт хүнд өвчтэй хэвтэж байсан. Би танина
л даа. Учир юу гэхээр, намайг 1983 онд Увс аймагт багшаар очиж байхад Д.Саманд гуай "Малчин" сонинд идэвхтэн бичигч байсан. "Баянхуурын цаана инээмсэглэсэн залуу" гэж миний тухай нийтлэл бичиж, анх намайг алдаршуулсан хүний нэг. Тэгэхээр би Саманд гуайг танихгүй байхын аргагүй. Эмнэлэгт нь эргэж очилгүй яах вэ. Эмч нартай уулзахад
"Саманд гуайн биеийн байдал маш хүнд байгаа. Ганц сарын нас бий. Эм тангаар торгоож байгаа, яаралтай нутаг буцах хэрэгтэй" гэсэн хариу сонссон.

Харин өөрт нь энэ тухай юу гэж дуулгах вэ, өрөөнд нь орж ярьж хөөрч сууна. Би долоо хоног цай зөөсөн юм. Хөххотод сүү олдохгүй, цай гэж цэхийсэн л юм болно. Саманд гуай нэг удаа "За даа ээжийн минь цайг яаж гүйцэх вэ дээ. Манай нутгийн цай мөн сайхан шүү" гэж ярьж байгаад "Нутгийн амттайхан цай" гэж нэг бадаг шүлэг, дахилттай нь бичээд надад үлдээж байсан. Тэгээд нутаг буцах болж эмнэлгээс гарахынхаа урьд надад хүүгээ "СУИС-ийн нэгдүгээр курсэд Жавхлан гэж нэг нөхөр бий. Миний хүү. Чи мэднэ дээ, манайхаар орж, гарахад чинь шалдан шар юм гүйж явсан. Тэр дуучин болох магадлалтай. Би СУИС-д дөнгөж оруулчихлаа" гэж захисан юм.


Ингээд Саманд гуай ч явсан, би шүлэгт нь ая хийлгүй хадгалчихсан. 2006 он хүртэл би өнөө шүлгээ ч мартлаа. Элчингийн шугамаар 2006 онд надад Увс аймгийн үдэшлэг, сурталчилгааны урилга ирсэн. Нутагтаа хоосон очилтой биш, Хятадаас архи дарс, бараа таваартай очилтой биш. Уран бүтээлч хүн дуутай очъё гэж шийдсэн. Ингээд өдөржин гэртээ бодол боллоо, аваад очъё гэхнээ олигтой дуу байдаггүй ээ. Тэгээд "Пиво баар"-нд шөнөжин суулаа. Хятадууд шар айргаар ч дайллаа, сүүтэй цайгаар ч дайллаа. Гэнэт тэндээс санаа авч, Саманд гуайн "Нутгийн амттайхан цай" шүлэг санаанд орлоо. Гэртээ давхиж ороод шөнийн 2 цагт өнөөх шүлэгтээ ая хийсэн. Өглөө 8 цагт нисэх гэж байгаа хүн шүү дээ, би. Аз болж намайг дагаж ирсэн хүмүүс дунд Баяннамар гэж сайхан хоолойтой залуу байсан. ӨМӨЗО-ы Алшаа аймгийн залуу. Тэгж тэр "Ээжийн чанасан цай" дууг анх дуулсан. Монголд ирэхдээ Баяннамарын дуулсан бичлэгээ тавьж, би өөрөө дагаж дуулж хүмүүст сонсгож байсан. Яг тэр ондоо Жавхлан кассетан дээр тэр дууг олж сонссон байж л дээ. Тэгээд 2006 оны хавар намайг хайж, Хөх хотод ирэхэд нь "Яг угтаа аавын чинь шүлэг” гэж хэлэхэд Жавхаа уйлж байсан. Ингэж л бид хоёр дуугаа "Ээжийн чанасан цай"
гэж нэрлэж, бусад бадгийг нь бичиж байсан түүхтэй. Жавхланд аав нь "Чи хожим аавынхаа нэг гоё дууг өөрөө олж авах байх аа" гэж хэлсэн юм гэнэ лээ. 2006 онд С.Жавхлан 1000 ээжээр цацал өргүүлж, клип гаргасан. Тухайн оныхоо "Шилдэг дуу" наадмын тэргүүн байрт шалгарч байсан уран бүтээл юм даа" хэмээн дурсжээ.



ЭЭЖИЙН ЧАНАСАН ЦАЙ
"Оны шилдэг дуу-2006” наадмын тэргүүн байрын шагналт
Уугаад суухад минь урам сэргээсэн
Уугуул нутгийн минь амттайхан цай
Олон түмний минь ундаа нь болсон
Орчлонд ганцхан ээжийн минь чанасан цай
Дахилт:
Ай хо
Ээжийн минь амттайхан цай
Нойрон дунд минь үзэгдээд байдаг
Нутгийн минь аагтай амттайхан цай
Хошуу алгасаад зориод очиход минь
Нуруу нь намхан ээжийн минь чанасан цай
Дахилт:
Ай хо
Ээжийн минь амттайхан цай
Харзны усаар залж чанасан цай
Харийн хүнийг зочилж угтсан
Хайлган сэтгэлээрээ амталж сүлсэн
Хархан нүдтэй ханийн минь чанасан цай
Дахилт:
Ай хо
Ээжийн минь амттайхан цай
Бяртай эрчүүдийн амталж өссөн
Биеийнх нь чилээг нь тайлж өгсөн
Бараа нь харагдах нүүдлийн өмнөөс
Бариад л тосдог ээжийн минь чанасан цай
Дахилт:
Ай хө
Ээжийн минь амттайхан цай
Үг: Д.Саманд
2006 он

Хуваалцах:

|
2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа

2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа

11 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Төв аймгийн зарим суманд комбайн өгөв

Төв аймгийн зарим суманд комбайн өгөв

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Утааны сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-нд хийнэ

Утааны сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-нд хийнэ

5 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Ихэнх газарт агаар "цэвэр" байна

Ихэнх газарт агаар "цэвэр" байна

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт -18 градус хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт -18 градус хүйтэн байна

3 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Оюутнууд автобусанд төлбөрөө төлж зорчино

Оюутнууд автобусанд төлбөрөө төлж зорчино

13 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.