dobu.mndobu

Б.Батцоож: Одоо нийтээрээ жаахан эрүүлжье ээ, энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

Б.Батцоож: Одоо нийтээрээ жаахан эрүүлжье ээ, энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

Сүүлийн үед “Пагмадулам” киноны тухай янз бүрийн л сэтгэгдэл гарлаа. Урлагийн мөн чанар энд л оршиж байгаа юм.  Бүтээлийн тухай нийтээрээ хэлэлцэж, санал бодлоо солилцож байгаа нь урлагийн салбар амьтай байгаагийн шинж. Гэхдээ нэг зүйл байгаа нь бид аливаа асуудлыг хөндөхдөө ул суурьтай, үнэн бодитой, баримттай, шинжлэх ухаанч байхад суралцах хэрэгтэй байна. Хэдэн жилийн өмнө нэг улс төрч “Улныхан” гэх үгийг нийтийн дунд нэвтрүүлснийг санаж байгаа байх. Мэдээж энэ үйл явдал доромжлуулах дургүй олны дургүйг хүргэж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр оюун санааны хувьд “Улныхан” гэх тодотгол зүүх аюул ойрхон байна. Үнэн, худал нь нотлогдоогүй мэдээллийг хэн нэгэн цацахад  итгэж хуйларна, түгээнэ, үнэмшинэ. Мэдээж бүгд биш. Ер нь жаахан хэрсүү байя аа. Одоо нийтээрээ нэг зүйлийг ойлгох ёстой болоод байна. Жаахан мэргэжлийн байхгүй бол хүн бүр дуучин, жүжигчин, судлаач, түүхч болчихлоо.

Ялангуяа урлагийн салбарын хөгжлийг тушигчид, их мэдэгчид дураар авирлагчдыг нийтээрээ даган баясаж, хөөрцөглөн гүйж, мундаг хэмээн тахин шүтсээр. Хэн нэгний үзэл бодлоо илэрхийлэх, мэдэх эрхийг зөрчих тухай яриагүй шүү. Зөвөөр ойлгож байгаа гэж найдаж байна. Ревив, сэтгэгдэл, шүүмжээ жаахан ялгаж салгая. Өөрийгөө судлаач, шүүмжлэгч, түүхч гээд үнэн бат итгэчихсэн нөхөд шүлсээ үсчүүлж, тэр шүлсийг нь долоосоор байвал дордсоор байх нь ойлгомжтой. 
Зохиолч Р.Энхтуяа буюу Эмүжин гэх хүн “Пагмадулам” киноны тухай сэтгэгдлээ илэрхийлж, түүнийг нь хэд хоног л мэрлээ. Угаас хүн хэрүүл тэмцэл хов живээр голоо зогоох дуртай хойно. Дараагийн хэрүүлийн алим ургахад бид өнөөдрийн алимыг мартаж орхино. Зохиолч Эмүжин “Пагмадулам” киноны тухай сэтгэгдэлдээ “Хятадын суртал ухуулга байгаа юм биш биз, Д.Нацагдоржийг архинд живсэн мэтээр харуулсан гэх хоёр өнцгийг хөндөөд уг асуудал одоо бараг шүүх, цагдаа дээрээ тулж байх шиг байна. Аливаа зүйл хэмжээнээс хэтрэх аюултай л даа. Агуулга бус хэлбэрт анхаарагчид тэр асуудлаа ч гүйцэд ойлголгүй сэвсээр... Найруулагч бус зохиолч руу хандаад байгааг л ойлгохгүй байгаа юм даа. Аливаа уран бүтээлийн эцсийн боловсруулалтыг найруулагч л хийдэг. Тийм ч болохоор “найруулагчийн бүтээл” болдог.

BELGEE ft BABAR (MonTaRap) - Unen Hudal (Пагмадулам УСК OST)


Тэгэхээр нийтээр хэлэлцээд байгаа дээрх хоёр ойлголтыг жаахан задалъя.


“Пагмадулам” кинонд Хятад улсыг сурталчилсан өнгө аяс байсан уу?
Хар бараан мэдээг тараахдаа “Хятад”, “Хужаа” гэх пайзийг зүүлгэчихвэл монголчуудын сонирхлыг татаж, харлуулах, өөчлөх хамгийн том зэвсэг болсоор ирсэн. Гэхдээ энэ арга манай улс төрд гол зэвсэг байсаар одоо тэр үлгэр газар авахаа байсан даа. Уг кинонд Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёр Сүн Үкүн жүжгийг үзэж буйгаар гардаг. Энэ нь мэдээж үндсэрхэг үзэлтэй монголчуудын дургүйг хүргэсэн. Ядаж “Учиртай 3 толгой” жүжгийн хэсгийг “Бөмбөгөр ногоон театр”-т тоглуулчихгүй гэсэн байна лээ. Гэтэл “Бөмбөгөр ногоон театр” 1926 онд ашиглалтад орж кино гаргах, хятад ший янгуунаас сэдэвлэсэн зохиолуудыг тоглодог байсан тухай баримт бий. Харин “Учиртай 3 толгой” дуурь анх 1934 онд Д.Намдагийн найруулгаар тавигдсан байдаг. Гэтэл киноны маань үйл явдал 1922 он  хавьцаа өрнөөд байдаг. Тэгэхээр хоорондоо авцалдахгүй л байгаа юм.


Кинонд “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” жүжиг тоглогдож байгаа хэсэг гарсан нь олны дургүйг ихэд хүргэсэн бололтой. Хэзээний “Хятад” гэхээр жигшил төрдөг монгол хүнд хэзээ ч таатай санагдахгүй л дээ. Гэхдээ 1900 оны эхээр хүрээнд Хятадын домог үлгэр, Гэсэр, Жангар зэргийг цагаан сар, даншиг наадам зэрэг тэмдэглэлт баярын үеэр тоглож байсан баримт байдаг. Монголд амьдарч байсан хятад худалдаачид болон зарим тохиолдолд Хятадын жүжгийн хэлбэрийг монголчилж тавьж байсан мэдээ ч бий. “Шаньюгийн домог”, “Сюэ Жэньгуйгийн түүх” зэрэг түүхэн дайны сэдэвт жүжгүүд “Бээжингийн дуурь”-ийн уламжлалаар тоглогдож байсан зэргээс харахад тухайн үед тоглогдож байсан ший янгуу хүрээний гол үзвэр байжээ. Тэгэхээр уг кинонд гарч буй “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” зохиолын тайзны тоглолт тэр үед голчлон тоглогдож байсан жүжгүүдийн өнгө төрхийг харуулсан болохоос учиргүй суртал ухуулгын өнгө аяс үгүй санагдана. Түүхэн баримт сөхвөл тэр үеийн үзвэрийн тухай мэдээ сэлтийг харж болно. Үүнийг суртал ухаалгын өнгө аястай гэж хараад байгаа бол алтан үеийн олон ч монгол кинонд хятад данжаад, зоогийн газар, хятад пүүс зэрэг хятадын гэж болохоор олон ч зүйл гардаг. Үүнийг ч мөн гадны нөлөө гэх үү. 20-р зууны эхэн үеийн монголын түүх, хүрээний амьдралын бодит төрх ийм байсан шүү дээ. Д.Пагмадулам Д.Нацагдоржид Хятадын 4 их зохиолын тухай ярьж өгч байгаа нь мөн л дургүйг нь хүргэж орхиж. Энэ хоёр хүн тэр үедээ онцгойрсон сэхээтнүүд байсан.

Харин Д.Пагмадулам бол Амгаланбаатар буюу Маймаа хотод төрж өссөн хүн. Тэр ч утгаараа дорно дахины тэр дундаа хятадын уран зохиол, соёлтой ухаан орсон цагаасаа хойш танилцсан гэсэн үг. Өнөөгийн бидний ч нээж хараагүй дорно дахины ноён оргилуудтай багаасаа танилцсан нь ойлгомжтой. Амгаланбаатар хотын тухайд хятад иргэд амьдардаг нэг ёсондоо тухайн үеийн CHINATOWN байсан гэсэн үг. 1807 оны үед 800 гаруй байшин, 4000 орчим оршин суугчтай байсан гэх мэдээ бий. Одоо ч дэлхийн томоохон хотуудад байдаг хятад хорооллын өнгө төрхтэй байж л дээ. Тэгэхээр 5 хэл мэддэг багаасаа хятад хороололд өссөн хүний хувьд хятадын зохиол, соёлын тухай бусдаас илүүг харсан үзсэн нь тодорхой. Тухайн үедээ л Д.Нацагдоржийн хэмжээнд хүрэх мэдлэг боловсролтой цөөхөн хэдэн хүн байсны нэг нь Д.Пагмадулам байсан тухай олон ч хүний дурсамжаас харж болно. Тэгэхээр киноны энэ хэсэгт Д.Нацагдоржийг сул дорой болгоод, хятад соёл сурталчлаад байгаа гэхээсээ дорнын соёл, өрнийг соёлыг үзсэн харсан хоёр сэхээтнийг тодотгосон гэж харж байна. Юм болгоныг хятадтай холбоод, сэрдэж хардахдаа хэдүүлээ жаахан ултай суурьтай хандахгүй бол нийгэмд төөрөгдөл бий болгох аюултай. Д.Нацагдоржийг архичин болгож харуулсан гэж ихэд эмзэглэж байх шиг байна.

Түүх, намтар сөхвөл түүний амьдралын сүүлийн он жилүүд архитай их ойр байсан нь харагддаг. Үүнийг л харуулжээ. Жаахан уншаад судлаад үзвэл түүний амьдралын сүүлийн он жилүүд сэтгэл гутралд автсан, архинд орсон гэдгийг захын баримт, дурсамж бичвэрүүд нотолно. Энэ талаар судалгаа, шүүмж ч олон бий. Түүхийг үнэнээр үзүүлэх ёстой гэж чарлаад байгаа хүмүүст бидний туулсан түүх байнгын сэргэн мандаж, алдар цуугаа түгээгээд байсан зүйл байхгүй шүү дээ. Хар бараан нь ч бий. Үнэнийг үнэнээр хүлээн авч суръя аа. Харин ч энэ кинонд Д.Пагмадуламын түүхийг өгүүлэхдээ Д.Нацагдоржийн түүхэн дүрийг унагаагүй гэж харж байна. Хэчнээн  өндөр боловсролтой, өрнийн ч, дорнын соёлоор боловсорсон түүхэн зүтгэлтэн хэдий ч тухайн цаг үедээ хавчигдаж байсан тухай ч харуулсан. Алийн болгон будаж гоёсон чамирхал, уянгын халил дундаа тархиа угаалгах вэ? Романтик төсөөллөөсөө сэрцгээе. Буруу ойлгоогүй бол саяхан л бодит байдлыг харуулсан болохоор “Баавгай болохсон” киног хаалаа хорилоо гээд нийтээрээ  чарлаад байсан биш бил үү. Д.Нацагдоржийн тухайд харин ч тодотгосон олон ч зүйл байсан гэдгийг хэлмээр байна. Ганц нэг шүлэг, бичгийн ширээ ч байсангүй гэдэг саналыг бол хүлээн зөвшөөрнө өө. Миний хувьд Д.Нацагдоржийн дүрийн тухайд ахиад жаахан ажиллачихсан бол гэсэн бодол төрснийг нуух юун.

Гэхдээ бид чинь уран сайхны кино үзэж байгаа шүү дээ. Найруулагч Б.Ганболд Д.Нацагдоржийн дотоод сэтгэл зүйн талыг нээхийг оролдсон юм шиг санагдсан. Ингэж нээхийн тулд бага зэргийн уран сайханжуулах хэрэгтэй л дээ. Энэ чинь түүхэн кино хэдий ч баримтат кино биш шүү дээ. Зарим хүний хэлж байгаагаар бол уг кинонд “Пагмадулам”-ыг харуулахдаа олны дунд түгсэн хятад хүнтэй суусан, хар тамхинд орсон, садар самуун явдалтай мэтээр харуулаад их зохиолч Д.Нацагдоржийг хохирогчийн дүрд аваачих ёстой байсан юм шиг. Тэгвэл л бах нь ханах гээд байгаа аястай. Ойлгохгүй л байгаа юм даа. Энэ түүх чинь МАХН-аас хөөгдсөн тэрслүү этгээдийг харлуулах гэсэн ажлын үр дүн биш бил үү. Ганц Пагмадуламд биш, Д.Нацагдоржид ч, олон ч хүнд янз бүрийн нэр хоч зүүж, харлуулж байсан баримт бий.
Ямар ч уран бүтээл сайн муугаа харуулж сайхан, муухайгаа шүүлгэх нь урлагийн эрүүл хөгжил шүү дээ. Гэхдээ зөвхөн бүтээлдээ төвлөрч онолд суурилах хэрэгтэй болохоос хувь хүн рүү хандах нь буруу л даа. 


Зохиолын багт хэд хэдэн хятад зохиол орчуулсан зохиолч, орчуулагч Мө.Батбаяр багтсан нь эгдүүг нь нэлээн хүргэсэн бололтой.  Хэрэв анзаарсан бол зохиолын багт 2 хүний нэр байсан шүү дээ. Тэгээд ч жүжиг, кино бол найруулагчийн бүтээл гэдгийг ойлгомоор байна. Кино, жүжгийн тухайд найруулагчийн шийдэл аврах уу?, алах уу? гэдгийг шийднэ. 2 зохиолч ажилласан болохоор олон ч талын судалгаанд суурилсан биз. Энэ чинь баримтат биш уран сайхны кино шүү дээ. Түүхэн кино мэдээж түүхэн баримтад тулгуурлах ёстой. Гэхдээ уран сайхны кинонд найруулагчийн уран сайхны янз янзын шийдлүүд чухал үүрэгтэй. Мэдээж түүхийг гуйвуулж болохгүй. “Пагмадулам” киноны тухайд түүхэн баримт, уран сайхны өнцөг аль алийг хослуулсан санагдсан. За тэгээд гол асуудал хятад зохиол орчуулдаг гэхээрээ хятад соёл сурталчилдаг болчхож байгаа юм уу? 


Урлагийн гол салбаруудын нэг чинь орчуулга мөн биз дээ. Монголын орчуулгын  түүх тэр тусмаа Хятадаас орчуулсан орчуулгын түүх аль Хүннү, Нирун, Сяньбигийн үеэс эхэлнэ. Өгөдэй хаан 1234 онд “Төрийн хөвгүүдийн сургууль”-ийг байгуулж хятадын “Дөрвөн бичиг таван ном”, энэтхэгээс “Панчатантра” зэрэг зохиолуудыг орчуулуулж хөвгүүдээ сургаж байсан баримт бий. Мөн 1282 онд Сыма Гуан (司马光)-ы “Төрд туслах нэвтэрхий толь” (自治通鉴)-ийг 1311 оноос Тан улсын “Чжен гуань чжен яо” (贞观政要)-ыг 1317 оноос Алинтөмөр удирдан, “Их суртахуй ачлалт ном”-ыг Аллактөмөр тус тус орчуулж эхэлжээ. Тэд мөн 1326 онд “Эзэн богдын их сургаал”-ыг орчуулан хэвлэжээ. Монгол эрдэмтэн Цагаан тухайн үедээ их эрдэм төгс, ном зохиохоос гадна орчуулгын ажил хийж байв. Тэрээр Тан улсын Тайцзун хааны зохиосон “Чжен гуаний төрийн товч” (贞 观政要) “Хаан эзний дүрэм”, “Шударга ном”-ыг орчуулах ажлыг хийж байв. (Л.Хүрэлбаатар, 1995) хэмээжээ. Энэ бүхнээс үзэхэд хятад зохиол бүтээлийг орчуулах ажил аль эртнээс эхтэй гэдэг нь харагдаж байна. Хятадаас орчуулга хийдэг гэхээрээ хятадын суртал ухуулагч болчихдог юм уу. Тэгвэл ХҮ-ХХ зууны үеийн нэрт гүүш нар болох Балданцэрэн, Өлзийт, Цогбадрах, В.Гульранса, Харчины Тэмэгтү, Мөнхтогтох нар 1965 онд Лао Шө-ийн “Тэмээн сянцзы” зохиолыг орчуулсан Г.Сүхбаатар, 1956 онд Ма Фын-ы “Малчин Чжао Да-шу”-г орчуулсан Л.Дарий, 1957 онд Мао Дуний “Үнэгэн харанхуйд” романыг орчуулсан Ө.Гүрсэд, Либао-гийн “Догшин салхи, ширүүн бороо” романыг орчуулсан Б.Бат, Х.Төмөрдаш нар зэрэг орчуулагчид мөн л хятад соёлын ухуулагчид болж таарах уу. Энэ ойлголтоор бол Г.Аким, Л.Алтангэрэл, С.Лочин, Д.Цахилгаан, Ц.Сүхбаатар зэрэг монголын үе үеийн орчуулагчид харийн соёлыг түгээгч, дэлгэрүүлж болж адлуулах ёстой юу? Энэ бол мунхаглал шүү дээ.


 Бас нэг асуудал. Орчин цагийн дэлхийн уран зохиолтой монголчуудыг ойртуулж байгаа нь “Tagtaa publishing”-ийн буруу болчихсон уу? Тэр ч хэтэрчихсэн л дээ.  Тэгээд ч тэд чинь дан ганц хятад зохиол орчуулдаггүй гэдгийг мэдэж байгаа биз ээ. Бараг хятад хэл сурах нь гадуурхагдах шалтгаан болох гээд байна уу? Хөрш зэргэлдээ учраас хүссэн хүсээгүй бид өдөр тутамдаа соёлын болоод бусад харилцаанд орсоор л байна шүү дээ. Орсоор ч ирсэн. Харин бид соёлын дархлаагаа хэрхэн бий болгох нь чухал. 


 Хэн нэгнийг бичсэн бүтээлээс нь болж хэрэгтэн болгож, дүгнэн буруутгадаг үе аль өнгөрсөн зуунд улирчихсан биш бил үү. Их Д.Нацагдоржоос эхтэй монголын орчин цагийн уран зохиолын өнгө төрх өнгөрсөн 100 жилийн хугацаанд хилс хэрэг, хэлмэгдүүлэлт, хавчлага, хардалт зэргээс болж хэчнээн сэхээтнээ алдсан билээ дээ. Киногоо үзсэн бол бага ч болов мэдэрсэн байх гэж найдъя. Жаахан учиртайхан байхгүй бол их Нацагийг хайрлан хамгаалж байгаа хандлага чинь XXI зуунд XX зууны хэлмэгдүүлэлт шиг л харагдаж байна шүү. Хардах эрхтэй гэж өөрийн бодлоо илэрхийлж буйг буруутгах гэсэнгүй. Хийж бүтээж байгаа нэгнээ хардлага сэрдлэгээс болж хавчиж хорьж, хааж боож байсан тэр цаг үе рүүгээ буцчих вий дээ.

Утга зохиол судлалын докторант Б.Батцоож

Хуваалцах:

|
Тэмбүүгийн өвчлөл 23 хувиар нэмэгджээ

Тэмбүүгийн өвчлөл 23 хувиар нэмэгджээ

9 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Нийслэлд 17.000 км авто зам шинээр барина

Нийслэлд 17.000 км авто зам шинээр барина

8 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

10 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.