dobu.mndobu

Их Нацагийн гээгдсэн түүх

Их Нацагийн гээгдсэн түүх

Монголчуудад дутагдаж буй нэг чанар бол “Ялгааг тэвчих”. Энэ нь “бусад хүмүүстэй дайсагналцахгүйгээр тодорхой бус асуудлаар өөр өөр үзэл бодлыг хүлээн зөвшөөрч, итгэл үнэмшил, дадал зуршлыг таных, ялгаатай байсан ч хүндэтгэх”-ийг хэлнэ. Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө “залуу үеийг үл ойлгогдох бурхны сургаалаар “буртагласан” гэх ял оноон хор уулган хороосон суут сэтгэгч, гүн ухаантан Сократын түүхийг сануулъя.


Их зохиолч Д.Нацагдоржийг харлуулаад байгаа хэргийн эзэд нь “Пагмадулам” киноны баг хамт олон биш л дээ. Д.Нацагдоржийн түүх, намтрыг, хэзээнээс, яаж харлуулж, балартуулсныг тоймлох гээд үзье. 


1. Д.Нацагдоржийг хилс хэрэг тулган мөшгиж байсан нь түүний хувь заяаг өөрчилсөн. 
•    Түүнийг хорих цагдах ажил 1932 онд эхэлсэн. 1931 оны 12 сарын 31нд Германд сурч байсан нөхдийн хамт шинэ жил тэмдэглэж байсан зургийг нь “Тайж Д.Нацагдоржийн банкет” гэж тодотгоод “шинэ жил биш дагаврын засгийн газрын нэг жилийн ойг тэмдэглэж байгаа нь” гэсэн тэмдэглэлтэйгээр “НАХЯ”-нд мэдүүлсэн байдаг. Д.Нацагдорж, орос хэлний орчуулагч Лооройсамбуу, Шинжлэх ухааны хүрээлэнгийн гэрэл зургийн мэргэжилтэн Гомбожав, Комбинатын инженер Хурлаат, орос эхнэрийнхээ хамт, Намнандорж орос эхнэрийнхээ хамт, Гаалин мөн орос эхнэрийнхээ хамт… Т. Нацагдорж, Гомбо, Д.Намдаг нар баривчлагдсан тухай Д.Намдаг гуай тэмдэглэсэн байдаг. Түүнийг 1932 оны 5 сараас  10 сар хүртэл хорьсон.
•    1936 онд Шинжлэх ухааны Түүхийн болоод Дуун ухааны (Хэлбичгийн) тасгийн эрхлэгчийг хавсарч байсан Д.Нацагдоржийг гэрэл зургийн лабораториос гэрэл зургийн цаас зураг буулгахаар авсныг далимдуулан хүрээлэнгээс удаа дараа алдсан эд юмсын хулгайд сэрдэн гүтгэж, түүнийг хоёр дахь удаагаа  баривчлан хориод мөрдөн байцаасан байдаг.
2. Гэр бүлийнх нь түүхийг балартуулж хувь заяаны хүнд төөрөгт унагасан.
•    1932 оны 4-р сарын 13 нд “Улаанбаатар хотын сонгуулийн комиссын 9-р хурлын тогтоолд “Дамдины Пагамдулам болбоос ноёны хатан бөгөөд хамжлагатай тайж тул тус дүрмийн 8-ын 7 ба 2-ыг баримтлан хасав” хэмээжээ. Д.Пагмадуламын улс төрийн эрхийг цуцалсан. 
•    Д.Нацагдоржийн шоронгоос гарсны дараахан түүнийг шоронд хорьсон байдаг. Д.Намдаг гуайн дурсамжаас харахад Д.Пагмадулам шоронгоос гарсныхаа дараа Д.Нацагдоржоос салсан байдаг. Д.Намдаг гуай энэ талаар өгүүлэхдээ “Тэр үед Нацагдорж уйлж байсан” хэмээжээ.” Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёр хоорондоо тохирохоо байгаад салсан юм ажиглагддаггүй гэдгийг ойр байсан хүмүүсийн дурсамж, тэмдэглэлээс харж болно” хэмээн төрийн шагналт, зохиолч Л.Нямаа дурсан ярьжээ. Тэгэхээр хардлага, хавчлага шахалт тэдний хувь заяаг салгасан байх талтай.
•    Д.Пагмадулам Д.Нацагдоржоос салаад дамнуурчны есөн гудамжинд амьдарч байсан тухай түүнтэй нэг хашаанд амьдарч байсан Ё.Цэрэндулам гуай дурсан ярьсан байдаг. 
Тэр үед гадаадын иргэдэд халдаж байсан гэх барим байдаггүй. Тэгэхээр дотоод яамныхнаас нуугдахын тулд хятад хороолол руу явсан болж таарч байна.
•    1931-1932 онд Нина Чистяковатай гэр бүл болж, охинтой болсон. Харин 1935 оны 12 сард Нина Чистякова охины хамт нутаг буцсан байдаг. Зарим сурвалжид хөөгдсөн, заримд нь Нина Чистякова өөрөө салж явсан гэх зэргээр янз янзаар тэмдэглэжээ. Ямар ч байлаа гэсэн хэлмэгдүүлэлтийн он жилүүд их зохиолчийг хайртай бүхнээс нь холдуулсан гэдэг л үнэн байна. 
3. Д.Нацагдорж бор дарсанд ороход гэр бүлийн байдал, дотоод яамны хардлага, мөрдлөг гол нөлөө үзүүлсэн.
•    Утга зохиол судлаач Г.Батсуурь  “Д.Нацагдоржид сэтгэл гутрах, архи хэтрүүлэн хэрэглэх, бие хүний нийгмийн эсрэг эмгэг, ажилгүйдэх, нийгмээс тусгаарлагдсан байдал, ганцаардах, өв тэгш бус гэр бүлд амьдрах шинжүүд байсан болох нь түүний намтраас харагддаг агаад тэрээр уран бүтээлдээ тэдгээр шаналлаа бичиж тайтгардаг байсан болов уу.” (Г.Батсуурь) хэмээн “Харанхуй хад”-наас үүдсэн Шизоанализын таталбар” шүүмждээ бичжээ. Энэ нь түүний “Шоронгийн шүлгүүд”-ээс харагддаг. Өөрийг нь хардаж сэрдэж байсан дотоод яамны мөрдлөг мөшлөг, эхнэр хүүхдээсээ холдсон зэрэг нь түүнийг сэтгэл зүйн хувьд туйлын цөхрөл, шаналант байдалд оруулсан нь дамжиггүй. Чухамдаа “Пагмадулам” кинонд найруулагч их зохиолчийн сэтгэл зүйн хүнд хэцүү, гутралын үеийг харуулахын зорьсон болохоос нийтээр дургүйцээд байгаа шиг харлуулж, доромжлох санаа агуулаагүй л болов уу. Найруулагч Б.Ганболд Д.Пагмадуламын амьдралын ээдрээт явдлууд их зохиолчид хэрхэн туссан тухай сэтгэл зүйн зөрчлийг л нээх уран сайхны шийдэл шүү дээ.
•    Д.Нацагдоржийн архитай ойр байсан үеийн тухай төрийн шагналт зохиолч Д.Намдаг, нэрт эрдэмтэн Б.Ренчин зэрэг  ойр явсан нөхдийнх нь дурсамж дуртгалд нэлээд бий.
4. Нас барсных нь дараа ч түүх намтрыг нь дарагдуулж, харлуулсаар байсан, балартуулсаар ч байна.
•    Түүний анхны эхнэр Д.Пагмадуламын түүхийг мушгин гуйвуулж, балартуулж сааралтулсан нам засаг ууган охины үнэн түүхийг ч дарагдуулсан. Д.Нацагдорж, Д.Пагмадулам нар 1922 онд танилцсан бөгөөд охин нь болох Д.Цэрэндулам 1923 онд төрсөн байдаг. Тэднийг хүүхэдтэй байсан, байгаагүй Д.Цэрэндуламыг өргөмөл гэх зэрэг олон мэдээлэл байдаг ч Германд сурч байсан нөхдийнх нь тэмдэглэл, зохиолч Б.Бааст гуайн “Цэндийн Дамдинсүрэн” ном зэрэг хэд хэдэн зүйлээс харахад яах аргагүй төрсөн охин нь мөн ажээ.
•     1966 онд их зохиолчийн 50 насны ойн арга хэмжээний үеэр ууган охин Д.Цэрэндуламыг огт дурсаагүй, авч хэлэлцээгүй тухай ардын уран зохиолч П.Бадарч гуай ярьсан байдаг. Харин орос эхнэрээс нь төрсөн Ананда Шириг урин булшинд нь хүндэтгэл үзүүлсэн байдаг. Хоёр дахь охин  Ананда Шириг урьсан ч ууган охин Д.Цэрэндуламыг уриагүй нь МАХН-аас хөөгдөж, эсэргүү хэмээн цоллогдсон ээж Д.Пагмадуламтай нь холбоотой байсан биз. Мөн нөгөө талаар орчин үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн орос эхнэр, түүний охин гэж цоллох нь тухайн үеийн эрхтэн дархтнуудын хувьд чухал ач холбогдолтой байсан нь дамжиггүй. 
•    Түүний анхны эхнэр Д.Пагмадуламыг АУЗ П.Бадарч, доктор Мэндсайхан нарын хичээл зүтгэлээр 2019 онд цагаатгасан байдаг.
5. Уран бүтээлийг нь мушгин гуйвуулах оролдлого ч байсан.
Нацагдоржийг "үндэсний романтик үзэлтэй", "социалист бодлоготой нийцэхгүй" гэх агуулгаар шүүмжилж байсан тохиолдол бий. Зарим утга зохиол судлаачид (тодорхой нэрс нь архивт үлдсэн байж болох ч нийтэд тэгтлээ алдаршаагүй) Нацагдоржийн зарим бүтээлийг шүүмжилж, социализмын хэв маягт нийцүүлэн тайлбарлах оролдлого хийсэн.
Тухайлбал, "Ламбугайн нулимс" зохиолыг буддын шашныг магтан дуулсан хэмээн шүүмжилсэн нь тухайн үеийн марксист үзэл суртлын нөлөөгөөр гарсан байна. Мөн "Миний нутаг" шүлгийг үндэсний үзэлтэй хэтрүүлэн холбож, социалист үзэл суртлын эсрэг мэтээр тайлбарлахыг оролдсон бол “Хуучин хүү" өгүүллэгийг феодалын нийгмийн муу талыг илчилсэн гэж мушгин тайлбарласан гэх зэрэг уран бүтээл үзэл санааны хувьд хавчиж, шахах хандлага байжээ.
Эцэст нь хэлэхэд
Гэнэт сэрсэн юм шиг “Их Нацагийг минь харлууллаа” гэцгээх. Д.Нацагдоржийн музей хаана байна вэ? Хэн ч сурахгүй, сураглахгүй байх юм. Зохиолчийнхоо үнэн түүхийг хамгаалах хамгийн чухал арга зам түүний өвийг нь хамгаалах биш юм уу? 2001 онд нэг эрхтэн дархтан хувьчилж аваад үзмэрүүдийг нь тараасан гэхээс өөр бодит мэдээлэл байхгүй шүү дээ. Музейн барилга, газрын асуудлыг сураглаж хөөцөлдсөн нь хэн бэ? Үүнийг л хайрлаж хамгаалахаас эх зохиолчийнхоо үнэн түүхийг тодруулах, хамгаалах ажил эхэлнэ шүү дээ. Хэрэглэж байсан дунд гарын аяга нэг даргын ширээн дээр байсан гэх дам ярианаас эхлээд гар бичмэлүүд нь ч хэдэн хэсэг тарчихсан гэх мэт сул үгсийг хамхуул шиг шидлэхээс өөр юу хийж чадсан билээ дээ. Гэтэл Л.Толстой, А.С. Пушкин, Рабинтрад Таагуур зэрэг суутныхаа  өвийг одоо хүртэл хадгалж байгаа улс үндэснүүд хажууханд байна.  Дан ганц музей ч бус Д.Нацагдоржийн гудамж, хөшөө, түүний нэрэмжит шагнал гээд өдөр ирэх бүр үнэ цэнийг нь унагасаар байгаа нь их найрагчтайгаа холбогдох бүхнийг хайрлаж, хамгаалж байгаа хэлбэр мөн үү.
Улаанбаатар хотын гол гудамжийг их зохиолч Д.Нацагдоржийн нэрээр нэрлэж байсан түүх өнгөрсөн зуунд, гэрэл зургийн хальсанд л үлджээ. 1990 оны эхээр уг гудамжийн нэрийг “Сөүлийн гудамж” болгон сольсон байдаг. Чухамдаа энэ мэт түүнтэй холбоотой бүхнийг бүдгэрүүлж, гуйвуулсан хэргийн эзэд л зохиолч Д.Нацагдоржийн түүхийг харлуулсан шүү дээ.
Бидний хэрхэх ёстойг Японы судлаач Шибаяма Ютака бараг заагаад өгчихөж. Тэрбээр  “Д.Нацагдоржийг монголын утга зохиолыг үндэслэгч гэж хэт шүтэлгүй, эмгэнэлт баатрын дүрээс нь салгаж, зохиол бүтээлтэй нь илүү бодитой, алдаа оноо, сул талтай нь танилцаж, түүний үлдээсэн өв уран бүтээлийг чөлөөтэй унших боломж олгох нь чухал юм” (Алдагдсан цагийн эрэлд) хэмээжээ. 
“Миний нутаг”, “Хэнз хурга”, “Дөрвөн цаг” зэрэг хэдэн шүлгийг нь уншсанаас “Учиртай гурван толгой”, “Харанхуй хад” тэргүүтний сургийг мэдэхээс нээж үзээгүй нөхөд худлаа хэлбэртэх асуудал ч биш байх аа. 
“Пагмадулам” кино бол Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын амьдралын түүхийг нээхийг оролдсон хэд хэдэн оролдлогуудын л нэг. Гэхдээ Д.Пагмадуламын тухай кино учраас түүний намтар үйл голлох нь ойлгомжтой. Гэхдээ л “Жаргаагүй нар” , “Саруул талын ерөөл”/1984/ гэх мэт бүтээлүүдтэй ижил суут хүний өнгөрсөн зуунд бүдгэрсэн түүхийг нээхийг зорьсон. 100 жилийн өмнө бүдгэрсэн түүхийг нээхэд дээрх бүтээлүүд шиг хэд хэдэн бүтээл хэрэгтэй. Цаашид ч Д.Пагмадулам, Д.Нацагдорж нарын тухай кино, жүжгүүд гарсаар ч байх болно. Ингэж байж л түүхийн үнэнийг нээж, суут хүмүүсийнхээ үйл хэргийг хойч үедээ мэдүүлэх учиртай. Харин ч “Пагмадулам” кино их зохиолчийн мартагдаад байсан бүхнийг олны анхааралд оруулж, зарим асуудлын цаад учир шалтгаан руу олон ч хүнийг хөтөллөө.
“Агуу зохиолчийг маань ноомой, арчаагүй, намхан болгож харууллаа” гээд л багширцгаах. Гэтэл эрдэмтэн, судлаач, зохиолч Балдангийн Содном гуайн тэмдэглэлд “Нацагдорж 1932 оны үед 160см хэтрэхгүй өндөртэй, цэх нуруутай, туранхайвтар хүн байсан” гэсэн бол ааш зангийн хувьд “Хөөрүү хөвсөргөн зангүй, шулуун шударга, гүдэсгэн, их нөхөрсөн сайн хүн байсан гэж Нацагдоржийг таних хүн бүхэн хэлэлцдэг байлаа. Тэрний уурлаж байсныг үзсэн хүн ер үгүй билээ” хэмээжээ. Тэгэхээр олны хүсээд байгаа дүр их зохиолчоосоо огт өөр л болчхоод байна даа.


Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг монголын утга зохиолын томоохон судлаач, эрдэмтэд төдийгүй гадны судлаачид ч чамгүй судалсан байдаг. Эмгэнэлтэй гэмээр, эрдүү ч гэмээр хувь заяаг туулсан их зохиолчийн амьдрал үйл хэргийг үгүйсгэж балартуулах бодол их урлагийн голомтыг бараадан буй хэнд ч байхгүй нь ойлгомжтой.  Гагцхүү амьд сэрүүн цаг хугацаанд нь ч нартаас буцсаны дараа нь ч намтар, уран бүтээлийг нь мушгин гуйвуулж, балартуулсан өнгөрсөн зууны бодит үнэнийг нээхийн тулд өдгөөгийн бидэнд ирсэн уран бүтээл, өв санг уншиж судалж нандигнан өвлүүлэх нь чухал юм. Хэт үзэл суртал ноёрхож байсан өнгөрсөн зууны алдаа дутагдлын зөв бурууг шүүн тунгаах нь утгагүй ч гэлээ Д.Нацагдоржийг харлуулсан жинхэнэ эзэд бол хэт үзэл сурталжсан тухайн үеийн МАХН, НАХЯ болон хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэж байсан харь орны гар хөл болсон хүмүүс л гэх байна. Тэрнээс энэ цаг үедээ судалж шинжилж, бүтээн туурвиж буй хэн бүхнийг санаан зоргоороо нэрлэн цоллох нь үзэл суртлаас болж нэгнээ намнаж байсан өнгөрсөн үеийнхээ алдааг давтах эрсдэлтэйг санах хэрэгтэй. 


Судлаач Б.Батцоож
 

Хуваалцах:

|
Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо

Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо

11 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Их Нацагийн гээгдсэн түүх

Их Нацагийн гээгдсэн түүх

10 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Тэмбүүгийн өвчлөл 23 хувиар нэмэгджээ

Тэмбүүгийн өвчлөл 23 хувиар нэмэгджээ

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Нийслэлд 17.000 км авто зам шинээр барина

Нийслэлд 17.000 км авто зам шинээр барина

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.