dobu.mndobu

СУРВАЛЖИЛГА: Хорооноос тараасан "Нүүдэлчин" ХОГ ДЭЭР ХАЯГДАВ

СУРВАЛЖИЛГА: Хорооноос тараасан "Нүүдэлчин" ХОГ ДЭЭР ХАЯГДАВ

Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын утааг бууруулах тал дээр тодорхой арга хэмжээ авч жил болгон энэхүү ажилд олон тэрбум төгрөг зарцуулдаг. Гэсэн ч үр дүнд хүрэлгүй өдийг хүрлээ.

Тухайлбал 2012-2018 онд Нийслэлийн засаг даргын тамгын газраас Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдэд төслийн зуух тараасан. Тодруулбал, Өлзий, Дөл, Хас зуух нь сайжруулсан түлшийг бүрэн шатаадаг, агаарт хор, тоосонцор, угаар бага гаргадаг хэмээн айл өрхүүдэд тарааж өгсөн билээ. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын утаа багассангүй. Улмаар Нийслэлийн засаг даргын тамгын газраас авч хэрэгжүүлж буй дараагийн арга хэмжээ нь хөнгөлөлттэй ногоон зээлээр 28 тэрбум төгрөг төсөвлөж утаагүй зуухны тендер зарласан. Улмаар "Экоресурс" хэмээх компани шалгарч 32 мянган айлд өнгөрсөн сард тус компанийн "Нүүдэлчин" хэмээх зуухыг нийслэлээс "Хөнгөлөлттэй ногоон зээл"-ээр авч эхний ээлжид тараагаад байгаа юм. 

Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас "Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах ажил" нэртэй 28 тэрбум 296 сая төгрөгийн тендерт "Экоресурс" ХХК 27 тэрбум 360 сая төгрөгийн үнийн санал ирүүлж, шалгарсан байгаа юм. Уг тендерт тус компаниас өөр компани оролцоогүй байгаа юм.

 

-"ЭКОРЕСУРС" ХХК С.ОДОНТУЯА, Ч.УНДРАМ НАРЫН ХАМААРАЛТАЙ КОМПАНИ БАЙЖЭЭ-

Утаагүй зуухны ₮27.3 тэрбумын тендерт С.Одонтуяа, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компани шалгарчээ

“Экоресурс” ХХК 2014 оны гуравдугаар сарын 3-нд байгуулагджээ. Одоо Цэрэндоржийн Мөнхбаатар, Паламын Баярцог нар хувьцааг нь эзэмшдэг. Тэд эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй байна. Харин Удирдах албан тушаалтнаар нь Цэрэндоржийн Мөнхбаатар ажилладаг аж.

2014 онд анх байгуулахдаа барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн бүртгүүлж байсан бол 2023 оноос зуухны худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллуулж эхэлжээ.

Тус компани “Агаарын бохирдолгүй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын айл өрхийн энгийн галлагаатай зуухыг утаа, агаарын холимогийг дахин шатаах бүтээц бүхий шийдэлтэй утаагүй зуухаар солих 2.6 тэрбум төгрөгийн ажлын тендер, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмжийн 2 тэрбум төгрөгийн төсөвт  өртөгтэй тендер зэрэгт шалгарч байсан түүхтэй.

Дээр нэр дурьдагдаж буй Паламын Баярцогийн хамаарлыг хайж үзвэл хачирхалтай сэжүүр гарч ирнэ.

П.Баярцог нь ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Өсөх зоос” ХХК, тээвэр, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Баялаг энержи ресурс” ХХК, шатахуун импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Веллком” ХХК, ашигт малтмал, гадаад худалдааны “Элбэг орд” ХХК зэрэг компаниудад хувьцаа эзэмшдэг.

Түүний хувьцаа эзэмшдэг “Өсөх зоос” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Чойжамцын Чинбат бүртгэлтэй байна. Түүний “Монзол” ХХК “Өсөх зоос” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа аж. Үүгээр зосгохгүй “Баялаг энержи ресурс” ХХК-ийн хувьцааг П.Баярцог, Ч.Чинбат мөн хамтран эзэмшдэг бөгөөд компанийн эцсийн өмчлөгч нь Ч.Чинбат бүртгэлтэй байгаа юм.

Харин “Веллком” компанийг түүнтэй хамт Батбаярын Алтантариа, Цэнгэмаагийн Амраа нар эзэмшиж байна. Батбаярын Алтантариа нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяагийн бэр. Өөрөөр хэлбэл, Б.Алтантуяа нь С.Одонтуяа сайдын хүү Ө.Үнэнбүрэнгийн эхнэр.

С.Одонтуяа ба түүний хүү Ө.Үнэнбүрэн

С.Одонтуяа ба түүний хүү Ө.Үнэнбүрэн             

Ө.Үнэнбүрэн ба түүний эхнэр Б.Алтантариа

Ө.Үнэнбүрэн ба түүний эхнэр Б.Алтантариа

Өөр нэг анзаарах зүйл нь, Ц.Мөнхбаатарын бүтээсэн “Нүүдэлчин” утаагүй зуухны маркетинг.

Зуух худалдан авах тендерийг 2024 оны арванхоёрдугаар сарын 2-нд зарлажээ. Үүнээс хойш "Экоресурс"-ийн хувьцаа эзэмшигч болох Ц.Мөнхбаатарын тухай “Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн утаагүй зуух бүтээсэн” гэх агуулгатай мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсэн байгаа юм.

Тухайлбал, “Ц.Мөнхбаатар: Монгол инженер утаагүй зуух бүтээсэн гэдгийг Дэлхийн оюуны өмчийн байгууллага хүлээн зөвшөөрсөн” гэх гарчигтай жижиг хэмжээний ярилцлага хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр арванхоёрдугаар сарын эхээр олноор цацагджээ.

"Зуух тараасан хороодод дрон нисгэхэд утаагүй байна"

Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа зуух тараах тухай сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Монгол инженерийн бүтээсэн утаагаа давхар шатаадаг “Нүүдэлчин” зуух огт утаа гаргадаггүй. Би өөрөө ч түлж үзсэн. Өмнөговь аймаг, Баянгол дүүрэгт энэ зуухыг авсан айлууд ам сайтай байгаа” хэмээн ярьсан.

Дэлхийн эмэгтэйчүүд ногоон ирээдүйн төлөө чуулж байна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:

-Нийслэл яаж байгааг сайн мэдэхгүй байна. 2024 оны төсөв дээр Баянгол дүүрэг дээр хэдэн зуух тавиад тэр нь тендер явсаар байгаад сая тавигдсан. Айлуудаас судалгаа авч байгаа. Айлууд маш сайшааж байгаа. Маш сайн халдаг. Гол нь угаартдаггүй. Гол нь утаагаа давхар шатааж байгаа болохоор агаарын бохирдолд эергээр нөлөөлж байгаа. Тэгэхээр утаа л намжиж байвал бид бүх аргыг л хэрэглэж үзэж байна. Манайх дроноор хэмжилт хийсэн. Бид олон газар тараагаагүй яг нэг хороог сонгож аваад тэр хэсэгтээ хэмжилт хийхэд утаагүй байна. Тэгэхээр жаахан хугацаа хэрэгтэй байна. Хүмүүс хэрэглэж үзэг. 

Энэхүү зуухыг зуухыг хэрэглэснээр агаарын бохирдол 3-5 хувь бууруулна гэж Нийслэлийн удирдлагууд үзэж буй. Мөн угаарын эрсдэл 32 мянган өрхөөр буурна гэдгийг ч хэлж байсан юм.  

Эхний ээлжид Баянгол дүүргийн 2200 айл өрхөд тус зуухыг тараагаад байна. Гэвч иргэд тус зуухыг халалт удаан, таталт муу хэмээн гаргаж амбаартаа хийн хуучин зуухаа ашиглаж байна. 

БГД-ийн 22 дугаар хорооны иргэн н.Баясах:

-Энэ зуухыг аваад 10 гаруй хонож байгаа. Галлаж үзсэн. Халаалт маш муу, удаан халдаг, учрыг нь сайн ойлгохгүй л байна. Аваад нэг хоног л гэртээ тавьж галлаж үзсэн. Жаахан хүүхэдтэй болохоор гэр дулаацахгүй хүүхэд ханиад хүрэнгээ алдсан. Манай нөгөө зуух дэргэд нь хамаагүй дээр болохоор гаргаад тавьчихсан. “Жаахан тааруу зуух байна лээ. Буцаагаад авбал аваарай” гээд хороондоо хэлчихсэн байгаа. Ямар ч байсан амбаартаа байлгаж л байна. Үүний оронд тень аваад тавьчихвал хамаагүй дээр байх. Шал дэмий юм байна лээ. Гаднаас нь харахад гяланцаг дотроо бол мэдэхгүй ээ. Манай дээд талын нагац ахынх авсан гэсэн. “Муу юм байна лээ” гэсэн чинь “Тийм үү” л гэж байсан. Өөрсдөө бас галлаж үзээгүй байх. Хорооноос утсаар залгаж хэлэхээр нь очиж авсан. Маш хүнд нуруугаа хугалахаа шахсан. Тэгэхээр энэ зууханд зарцуулж байгаа мөнгөө арай өөр зүйлд зарцуулсан нь дээр байх. Энэ бол бүтэхгүй. Үнэхээр худлаа. Утаагүй зуух гэж байгаа. Гэхдээ энийг бол би дэмжихгүй. Шийдлүүд зөндөө байгаа шүү дээ. Жишээлбэл, фейсбүүкээр рекламдаад байгаа тог бага иддэг, сайн халдаг тень өгвөл яадаг юм.

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ сарын 7-нд Тавантолой түлш ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ "Нүүдэлчин" зуухны туршилтыг хийсэн юм.

Энэ үеэр тэрбээр "Энэ зуух нь Монгол Улсын Засгийн газраас зохиогчийн эрх авсан зуух байна лээ. Саяхан Баянгол дүүрэг дээр 2200 айл өрхөд тараагдсан. Айл өрхүүдээр явсан. Тэгэхэд 50 орчим айл нь хэрэглэхгүй гэсэн. Үлдсэн нь “их аятайхан зуух байна” гэсэн. Хэрэглэхгүй гэсэн айлуудын шалтгааныг нь сонсохоор “доторх керамик нь зузаан байгаагаас шалтгаалаад харьцангуй удаан хугацааны дараа халж байна” гэдэг зүйлийг ярьж байсан. Үйлдвэрлэгчид “керамикийг нь нимгэсгэж болох уу” гэхэд “болно” гэсэн. Импортын барьцалдуулагч хэрэглэе, зуухыг нь шинэчилбэл агаарын бохирдлыг бууруулах боломж байна гэж харж байгаа юм" хэмээв.

Гаднын орны туршлагаас:

Дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч цамхаг Хятадын Шаньси мужийн Шиань хотод байдаг. Ашиглалтад ороод удаагүй байхдаа 100 м өндөр тус агаар цэвэршүүлэгчийг ажиллуулж эхэлснээс хойш Шиань хотын агаарын чанар 10 кв.км талбайд мэдэгдэхүйц сайжирсан ба PM2.5 тоосонцрын хэмжээ 15 хувиар буурч байжээ. 

Агаарын бохирдлоо бууруулахаар Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнууд сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх, цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулж, ил задгай хог шатаахыг хориглох, иргэдээ цэвэр түлшээр хангахад анхаарч эхэллээ. Хувийн тээврийн хэрэгслийн хэрэглээг хязгаарласнаар иргэд амьд явах эрхээ баталгуулж байна. Замын түгжрэлд зогсох автомашинууд сульфат, нитрат, хортой СО2 зэрэг бохирдуулагчийг үйлдвэрлэдэг. Мехико 1992 онд дэлхийн хамгийн агаарын бохирдолтой хотоор тодорч байсан. Сүүлийн 20 жилийн хугацаанд хувийн тээврийн хэрэгслээр хотын төвөөр зорчихыг хязгаарласнаар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг багасгажээ. Мексикийн Засгийн газар хоёр сая хувийн машиныг зохих журмын дагуу хөдөлгөөнд оролцуулснаар агаарын бохирдлоо 40 хувиар бууруулсан юм.

БНХАУ-ын эрх баригчид  2014 онд агаарын бохирдлын эсрэг дайн зарлаж байв. ДЭМБ-ын удирдамжид PM2.5 нь өдөрт нэг шоо метр тутамд 25 микрограммаас хэтрэхгүй байх ёстой гэж заасан ч Бээжинд үзүүлэлт арав дахин өндөр байлаа. Хятадын хамгийн их бохирдолтой Шижиажуан хотод нэг метр куб тутамд 305 микрограмм байсан.

Хятадын арван хотод 1000-гаас доошгүй цахилгаан хөдөлгүүртэй автомашин байрлуулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд утаагүй автобус нэвтрүүлсэн. Улмаар Шинжэнь хот 16 мянган цахилгаан автобус, 194 мянган цахилгаан таксигаар тээврийн хэрэгслээ шинэчилжээ. Дизель хөдөлгүүрийг хориглосноор хотын агаарын чанарын үзүүлэлт эрс нэмэгдсэн. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн нь Засгийн газрын  дэмжлэг, инновац, туршилтын төслүүдийн үр дүн юм. Голландын зохион бүтээгч Даан Рузгаардын утаа устгах цамхаг Бээжингийн агаарын чанарыг сайжруулах технологийн гол шийдэл болжээ.  БНХАУ-ын Байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр 2016 оны есдүгээр сард Бээжинд анхны цамхгийг ажиллуулж эхлэв. Энэ бол гадаад талбайн аварга том  агаар цэвэршүүлэгч юм. Ердөө 1400 ваттаар ажилладаг, хагас өдөрт хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй орчны  PM тоосонцрын хэмжээг 75 хувиар бууруулдаг.  Рузгаардын цамхгууд Хятадын томоохон хотуудад хэдийн сүндэрлэсэн. Тэрбээр  Польш, Энэтхэг, Мексик, Колумбид долоон метрийн өндөр технологийн шилдэг бүтээлээ худалджээ. 

Тухайлбал БНХАУ-ын Жанжакоу хот нь соёл, аялал жуулчлал, автомашины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологи, дата төв зэрэг салбарыг түлхүү хөгжүүлж, улсдаа тэргүүлэх чиглэл болгож чадсан. Жанжакоу хот нь соёл, аялал жуулчлал, автомашины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологи, дата төв зэрэг салбарыг түлхүү хөгжүүлж, улсдаа тэргүүлэх чиглэл болгож чадсан.

Хятадын хурдны зам | News.MN

Хятадын эрх баригчид 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах тал дээр дэлхийд тэргүүлэх зорилт тавьсан. Иймд цахилгаан болон холимог хөдөлгүүртэй автомашины хэрэглээг идэвхтэй дэмжиж аяндаа бүх машиныг цахилгаан болгохоор зорьж байна.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх буюу агаарын бохирдолтой тэмцэх "Ойн хот" төсөл хэрэгжүүлсэн. 

Эрчим хүчний эх үүсвэртэй анхаарч нарны эрчим хүчний хамгийн том хөвөгч станц байгуулсан. 

Дэлхийн улсууд хийн түлш рүү шилжиж байна. Тухайлбал Япон, Солонгос, Хятад зэрэг улсууд эрчим хүчний дийлэнх хувийг хийн түлшээр хангадаг болсон. 

 

Хуваалцах:

|
Израил, ХАМАС "гал зогсоох" гэрээ байгууллаа

Израил, ХАМАС "гал зогсоох" гэрээ байгууллаа

12 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -7 градус байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -7 градус байна

11 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

12 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчиллаа

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчиллаа

13 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.