dobu.mndobu

СУРВАЛЖИЛГА: Иргэд утаанаас татгалзаж цахилгаан халаагуур тавьсан ч төлбөрийг нь дийлэхгүй байна

СУРВАЛЖИЛГА: Иргэд утаанаас татгалзаж цахилгаан халаагуур тавьсан ч төлбөрийг нь дийлэхгүй байна

Гэр хорооллын утаа, агаарын бохирдлыг бууруулах үүднээс иргэд цахилгаан халаагуур, шалны халаалтыг хэрэглэх болжээ. Гэтэл энэ нь иргэдийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул эргээд зуухаа тавьж, шахмал түлш хэрэглэх болсон байна. 


Иргэн Б.Мишигдоржийнх өмнө нь цахилгаан халаагуур хэрэглэдэг байхдаа сард  150-300 орчим мянган төгрөгийн төлбөр гардаг байсан бол цахилгааны үнэ нэмэгдсэнээс хойш сард 1 сая

200 мянган төгрөгийг төлөх болсон байна. Ингээд санхүүгийн хүндрэл учирсан тул нам даралтын зуух тавьж шахмал түлшээ хэрэглэхээр шийджээ. 
Бид энэ талаар сурвалжлахаар СХД-ийн 33-р хороог зорьсон юм. Тахилт орчим нь агаарын бохирдлын үзүүлэлтээр үргэлж шахам дээгүүр байдаг газар гэхэд хилсдэхгүй. Нийслэлийн гэр хорооллын дийлэнхийг бүрдүүлдэг энэ орчмын айл өрхүүд ч эрүүл мэнд, амьдралын чанараа бодоод цахилгаан халаагуур, шалны халаалтыг сүүлийн хэдэн жилд нэвтрүүлж хэрэглэж эхэлсэн байна. 
Бидний зорьж очсон иргэн Б.Мишигдоржийн гэхэд л ойрын 2-3 гэр бүл нь цахилгаан халаагуурт шилжсэн гэх. Гэвч мөн л цахилгааны үнийн шинэчлэгдсэн тарифаар тооцогдож эхэлснээс хойш тогны үнэ нь 2-3 дахин нэмэгдсэн. СХД-ийн 33-р хороо ..... тоот хашаа руу орвол жижиг байшин, түлээний амбаар угтана. Түлээний амбаарын үүдэнд саяхнаас задалж хэрэглэсэн бололтой шахмал түлш харагдана. Тэр хавийн хүрч болох бүгдэд “утаа тортог нь буусан” байлаа. 


Ингээд цааш байшинд орвол үүдний хэсэгт шинээр нам даралтын зуух угсарч байв. Хоёр сая орчим төгрөгийн зардал гаргаж байж ийнхүү шинэ зуухтай болсон гэнэ. Зуух угсарч буй ажилчид “яг Тахилтын энэ хавьд гэхэд л долоо дахь айлдаа зуух угсарч байна” гэлээ.  Иргэн Б.Мишигдорж энд 10 гаруй жил амьдарч буй. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг жирийн нэгэн иргэн. Хувийн хэвшилд ажилладаг түүний өдрийн цалин 70-80 мянган төгрөг. Өнгөрсөн оны 11-р сараас эхлэн “TUYA” брэндийн цахилгаан халаагуур хэрэглэх болсон байна. Өмнөх жилүүдэд шахмал түлш хэрэглэдэг байсан ч утаа тортог ихтэй, ая тухтай байдлыг ихээр алдагдуулдаг байсан тухай ярилаа. Цаашлаад хоёр хүүхдээ өвлийн хүйтэнд дахин, дахин орж гарч нүүрс зөөлгөхгүй, утаа үнстэй холилдуулахгүй цэвэрхэн аж төрөх гэсэн санаа аж. 


Улмаар шинээр тавьсан цахилгаан халаагуур нь эхний сард 100 гаруй мянган төгрөг, дараа сард ч мөн адилхан гарсан гэнэ. Гэтэл он гарсаар эхний 15 хоногийн бодолд хийгдээд төлбөр ирсэнийг нь хартал 1 сая 200 мянган төгрөг гарчээ. Гайхал төрж цахилгаан түгээх сүлжээний оператортой холбогдон асуутал “танай тоолуурт л бичигдсэн тариф нь байх. Шинэчлэгдсэн дүнгээр л тооцож байгаа” гэсэн хариултыг өгсөн байгаа юм. Ингээд “нэгэнт хэрэглэсэн тул төлөхөөс өөр аргагүй, харин цаашид ч ийм гарвал цалин хаанаа ч хүрэхгүй. Бүр өрөнд орох юм байна. Больё, зуухаа тавья” хэмээн шийдсэн гэнэ.  Уг нь цахилгаан халаагуур хэрэглэхэд үнэхээр амар байжээ. Гар утаснаасаа температур болон, хугацааг нь удирдаад л орой ажлаасаа ирэхэд гэр нь халуун, цэвэрхэн байдаг байж. Гэтэл ийнхүү цахилгааны төлбөрт хамгаа өгчхөөд юугаараа яаж амьдрах томоос том асуудалтай тулгарсан тул ийнхүү эргэн шахмал түлшээ хэрэглэхээр болжээ.

Шинэчилсэн тарифаар айл өрхийн цахилгаан, эрчим хүчний хэрэглээний үнэ  1 кВт тутамд 35-131 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнээс үүдэн гэр хорооллын айл өрхүүд утаагүй шийдэл буюу цахилгаан халаагуураасаа татгалзаж, шахмал түлшээ хэрэглэж эхэллээ. Иргэн Мишигдорж "цалингийнхаа 80 хувийг цахилгааны төлбөрт өгчхөөд юугаараа амьдар гэж байгаа юм бол" хэмээн халаглаж байлаа.
 

Хуваалцах:

|
Ирэх долоо хоногт 4 градус хүртэл ДУЛААРНА

Ирэх долоо хоногт 4 градус хүртэл ДУЛААРНА

13 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ТАНИЛЦ: "Хөх сувд-2025" мөсний баярын хөтөлбөр

ТАНИЛЦ: "Хөх сувд-2025" мөсний баярын хөтөлбөр

10 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -8 градус байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -8 градус байна

8 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Машиндаа ухаангүй байсан иргэнийг аварчээ

Машиндаа ухаангүй байсан иргэнийг аварчээ

8 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.