1
Энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн тасарч иргэд сар шинийн баяраа гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-нд тэмдэглэх юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл, олон нийт хариуцсан тэргүүлэгч А.Батцэнгэлээс зарим зүйлсийг тодрууллаа.
-Энэ жил цагаан сараа хэзээ тэмдэглэх талаар иргэдийн дунд төөрөгдөл үүсэж байна шүү дээ. Энэ дээр тайлбар өгөхгүй юу?
-Энэ жил цагаан сарын шинийн нэгэн гэж байхгүй. Хоёрдугаар сарын 28-нд битүүн. Гуравдугаар сарын 1-нд шинийн 2-н тул золголтоо хийнэ.
-Яагаад шинийн нэгэн тасарч байгаа юм бэ?
-Учир нь Төгсбуянтын зурхай нь сарны гүйдлийг тооцоолж байдаг. Сар зарим үед хурдан, зарим үед удаан гүйдэг. Хурдан гүйхээр өдөр тасраад удаан эргэхээр өдөр давхардаад байгаа юм. Тэгэхээр энэ тооцоолол орчин үеийн шинжлэх ухааны Астрономийн тооцооллоор 100 мянганд таараад байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ нь шинжлэх ухааны тооллоор ч гэсэн нотлогдож байна гэсэн үг.
Нөгөө талаас Төгсбуянтын он цагийн тоолол нь Монголын газарзүйн байрлалтай нийцэж байна. Жишээлбэл, ирэх долоо хоногт хүйтэрч байхад бусад улс оронд дулаарч байгаа.
Эрт дээр үеэс бид Төгсбуянтын зурхайг сонгож ирсэн. Хэдийгээр Манжийн үед Шар зурхайг албан ёсоор дагадаг байсан ч гэсэн. Бид Төгсбуянтыгаа давхар авч явсан. Учир нь Монголын газарзүйн байрлалтай нийцэж байгаа учраас орхигдуулаагүй байна.
Богд хаан улс байгуулагдаад тусгаар тогтнолоо зарласан үес эхлээд монголчууд Төгсбуянтыг 2011 онд албан ёсны он цаг тооллоороо мөрдөж эхэлсэн. Энэ нь хожим 2002, 2003 онд шинжлэх ухааны эрдэмтдийн судалгааг төрөөс хийлгэсэн байна. Тэгэхээр уламжлалт талаасаа ч шинжлэх ухаан талаасаа ч Төгсбуянтын зурхайн монголчуудад илүү тохиромжтой гэсэн үг.
Цагаан сараар бид албан ёсоор амарж байгаа өдөр. Дээрээс нь цагаан сарын он цагийн тооллогыг үнэн зөвөөр нь тооцоолж гаргах хэрэгтэй байна шүү дээ. Мөн чингис хааны төрсөн өдөр болон өөр бусад он цагуудыг баталгаатай, эргэлзээгүй болгох хэрэгтэй учраас төрөөс судалгаа хийсэн байна. Тиймээс төр, бурхны шашин гээд аль аль талаасаа Төгсбуянтын зурхай дээр нэгдчихээд байна гэсэн үг.
-Шинийн нэгэн тасарч байгаа тохиолдолд дараагийн тоололд ямар нэгэн асуудал үүсэх үү?
-Шинжлэх ухааны дагуу жам ёсоороо явж байгаа учраас шинийн нэгэн тасарлаа гээд ямар нэгэн асуудал үүсэхгүй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.